Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаалаа

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаалаа

  • Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс энэ сарын 13-ны өдөр буюу өнөөдрийн байдлаар нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг мэдээлсэн. Иймд Замын цагдагийн газраас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг өнөө өглөө хүртэлх хугацаагаар хязгаарлалаа.


  • Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2016.11.11/ болж дүүргийн удирдлагыг сонгожээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхланг, дүүргийн ИТХ-ын даргаар Б.Цэрэнг сонгосон байна.


  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сар бүр ажилгүй иргэдийн статистик судалгааг гаргадаг. Өнгөрсөн аравдугаар сарын статистик судалгаанаас харахад сургууль төгсөөд ажилгүй байгаа 4472 хүн, орон тооны цомхотголд орсон 3143 хүн, албан байгууллага нь татан буугдсан 887 хүн, өндөр насны тэтгэвэрт гарсан 102 хүн /улсын хэмжээнд/ байна гэж бүртгэгджээ.


  • Өнгөрсөн хугацаанд 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Иймээс нийслэлийн удирдлагын шинэ багийнхан агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулж, цахилгаанаар ажиллах хоёр сая 500 мянган төгрөгийн өртөгтэй “Тулга” гэх герман төхөөрөмжийг гэр хорооллын өрхүүдэд тараахаар болжээ. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх нүүрсээс татгалзаж, энэхүү эрчим хүчээр ажиллах төхөөрөмжийг ашигладаг болбол Улаанбаатар утаагүй болох гэнэ.


  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Мал аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргахаар дэвшүүлж буй зорилт, арга хэмжээний талаар өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар мэдээлэл хийлээ. Мал аж ахуйн салбар нь 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг анхан шатанд үйлдвэрлэсэн бол экспортын 7.1 хувийг эзэлж байна. Мөн экспортод 5.1 мянган тонн мах экспортолжээ.


  • Нийслэлийн Аудитын газраас 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг олон нийтэд ил болгоод байна. Дээрх сонгуульд нийт 10 нам, хоёр эвсэл, дөрвөн бие даагч, нийт 286 нэр дэвшигч өрсөлдсөнөөс таван нам, 2 эвсэл, 228 нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийг биелүүлж, зардлын тайлангаа ирүүлжээ. Нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөхдөө 7.857.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлснээс 4.567.9 сая төгрөг нь иргэнээс, 1.128.9 сая төгрөг нь хуулийн этгээдээс, 2.161.0 сая төгрөг нь нам, эвсэл нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгөөс бүрдсэн байна.


  • Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны улсын төсвийг УИХ энэ долоо хоногийн пүрэв гаригт баталсан. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс Төрийн өмчит зарим компанийг хувьчлах тухай асуудлыг тусгасан юм.


  • Тодруулбал, Төрийн банкийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум төгрөг, Оргил рашаан сувилал 7 тэрбум төгрөг, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөг, Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөг, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар болжээ. Ингэснээр улсын төсөвт төвлөрөх орлого 159,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж Засгийн газраас тооцоолжээ.


  • Монголбанкнаас валютын ханшийн өсөлтийн талаар хэвлэлийн бага хурал зарлаж, өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Найман шарга дахь валют арилжааны цэгүүдэд өнөөдөр ам.долларын ханш 2600 төгрөг давсан юм. Харин арилжааны банкууд ам.доллар иргэдэд худалдахаа зогсоосон. Нэг өдрийн дотор 60-70 төгрөгөөр өссөн ам.долларын ханшийн өсөлтийг Монгол банк түр зуурын үйл явдал гэж тодорхойллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж