Монголыг хөгжүүлэх сууриа тавьсан 10 жил

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Монголыг хөгжүүлэх сууриа тавьсан 10 жил

Монголын алт, зэсийн хамгийн том уурхай Оюу­толгойгоос анх удаа эр­дэсжсэн хүдэр илэрсний 10 жилийн ой саяхан тохиолоо. “Айвенхоу Майнз” компани 2001 оны долоодугаар сард ихээхэн найд­вар бүхий зэс, алт, молиб­денийг илрүүлснээ дэлхий нийтэд зарласан. Эдүгээ Оюутолгой дэлхийд томоохонд тооцогдохуйц зэс, алтны уурхай болохоор бэлтгэгдэж буй. Энэхүү том зорилтыг дагаж, уг баялгийг агуулсан манай орон, тэр тусмаа Өмнөговь аймаг хэрхэн өөрчлөгдсөнийг та бид харж байна. Арван жилийн өмнөх Ханбогд сумын байдал, дэд бүтэц, хөгжил дэвшлийг өнөөдрийн өндөрлөгөөс эр­­гэн харахад санаанд баг­там­гүй олон том ажлыг маш богино хугацаанд хийсэн байдаг. Одоогоос хоёр жил орчмын өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Үүнээс хойшхи бүтээн байгуулалт, эдийн засгийн үр ашиг нь өнгөрсөн он жилүүдийнхээс эрчимжсэн билээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Оюу­толгойн төслийг бид маш  олон жил ярьж бай­гаад  2009 онд  гацаанаас гаргаж ажлыг нь эхлүүллээ.  Өнгөрсөн  оны дөрөвдүгээр сард л арваад жил тойрсон  энэ том төслийн барилгын ажлыг эхэллээ шүү дээ.

Өөрөөр хэлбэл арваад жил яриад эхлүүлж чадахгүй явсан энэ төслийг хоёрхон жилийн дотор шийдэж галт тэргээ замд нь гаргалаа. Ажил нь одоо явж байна. Ирэх жил ашиглалтад орно. Тэгэхээр бид яриад л, хэрэлдээд л суугаад байх уу. Улс орныхоо хөгжлийн төлөө шийдвэрүүдээ гаргаад, ажил болгоод явах уу.  Энэ хоёрын ялгаа гарч харагдаж байгаа биз. Ажил болгоод эхэлчихсэн юм чинь  мэдээж  үр дүнгээ өгч таарна. Нөгөө л урьдынхаараа алаагүй баавгайн арьсыг хуваагаад суугаад байсан бол байдал ямар байх байсан бол. Оюутолгой бол Эрдэнэтээс тав дахин том. Тэгэхээр Эрдэнэт ямар хэмжээний ачаалал улс орныхоо эдийн засагт үүрч байсан нь ойлгомжтой. Одоо Оюутолгой тав дахин том ачаа¬лал үүрэх нь. Тэр хэмжээгээр нь эдийн засаг тэлнэ. Энэ төслийн эдийн засгийн үр өгөөжийн  57-58 хувийг  Монгол Улс авна. Татвараар, ногдол аш¬гаар, бас бусад хэлбэрээр эдийн засгийн үр өгөөжийг  нэмэгдүүлэх боломжтой. Бид үе шаттайгаар зээлийн хүүг бууруулж байна. Хөрөнгө оруулагчдын төвшинд зах зээлийн горимын дагуу асуудлаа та¬виад улам  сайжруулаад явах  боломж байна. Гэхдээ хамгийн гол  нь ажил эхэлж байгаа нь, үйлдвэр ашиглалтанд орох нь бидэнд илүү чухал” хэмээн онцолжээ.

Мөн “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей  10 жилийн ойн үеэр “Өнгөрсөн 10 жилийн бидний туулж өнгөрүүлсэн зам энэхүү төсөл хэрхэн хөгжиж ирснийг бэлхнээ харуулна. Юуны өмнө Оюутолгойн дэлхийн хэм­жээний ордыг анх нээснээс өнөөдрийн энэ өндөрлөг хүргэж, Монголд хөрөнгө оруулахад гол үүргийг гүйцэтгэсэн “Айвенхоу Майнз”, тэр дундаа Роберт Фрийдландад талархал илэрхийлье. Хамгийн чухал нь Монгол Улсын Засгийн Газар, ард түмэн Оюутолгой төслийг өлгийдөн авч хөгжин дэвжиж, өсч хөгжих суурь нөхцөлийг нь бүрдүүлсэн юм. Энэхүү тусламж, дэмжлэггүйгээр төсөл амжилтанд хүрэхгүй байсан. Өнгөрсөн оноос эхлэн дэлхийн тэргүүлэгч уул уурхайн компаниудын нэг болох Рио Тинто Оюутолгойн менежментийг хариуцах болсноор Оюу Толгой төсөл дэлхийн шилдэг техник, үйл ажиллагааны стандартаар үйл ажиллагаа явуулж байна” гэж хэлсэн.

Оюутолгойн бүлэг орд нь нийт 23 км гаруй урттай болоод байна. 2000 оноос эхэлсэн хайгуулын ажлын хүрээнд 1000 км орчим дээж гаргаж аваад байгаа аж. Өнөөдрийн байдлаар өрмийн гурван машин Оюутолгойд ажиллаж нөөц нэмэгдүүлэх ажил хийж байна. Одоогийн тогтоогдсон болон боломжит нөөцийн үнэлгээгээр 40.6 тэрбум фунт зэс, 20.9 сая унци алтны нөөцийг баталгаажуулсны дээр 40.6 тэрбум фунт зэс, 25.3 сая унци алтны боломжит нөөцтэй гэж үзэж буй.  Нийт  зургаан тэрбум ам. долларын анхны хөрөнгө оруулалт шаардагдах уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж байсан төслүүдээс хамгийн том нь юм. Оюутолгойн бүтээн байгуулалтад 3.2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэний нэг тэрбум нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнөх хугацаанд зарцуулагдсан юм. Төслийн хүрээнд өдөрт долоон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж буй гэсэн тооцоо гарсан байдаг юм билээ. Зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд “Оюутолгой” ХК Монгол Улсын Засгийн газарт 300 сая ам.долларыг татвар, хураамжийн хэлбэрээр төлсөн. Түүнчлэн өнгөрсөн онд л гэхэд Монголын ханган нийлүүлэгч компаниуд тус компанитай 250 сая ам.долларын гэрээг байгуулаад байна.

Оюутолгойн барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, ажиллах хүчний хэмжээ 14,000 даваад байна. Үйлдвэрлэлийн жилүүдэд Оюу толгой Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг дангаар бүрдүүлж, 3000 гаруй монгол хүнийг байнгын ажлын байраар хангах зорилттой. Ажиллах хүчний талаар сайн, муу хэл ам олонтаа дуулддаг.  Тухайлбал хятадуудыг олноор ажиллуулж байгаад нутгийн иргэд болон олон нийтийн зүгээс хийрхэл, цуурхал гарах алийг тэр гэх вэ. Үнэн хэрэгтээ монголчуудыг түлхүү ажиллуулахыг илүүтэй чухалчилдгийг олон баримтаар нотолж болно. Тухайлбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жиангду Жиангсу” компанид 400 монгол хүн ажиллаж байна. Мөн “Мэжор Дриллинг Монголиа” компани нийт 103 ажиллагсадтайгаас 96 нь монгол хүн байгаа юм. 

Тус компани Монгол орны ирээдүйн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, урлаг, спортын өндөр амжилт гаргасан болон залуусыг байнга дэмждэг. Мөн үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч, 78 тэрбум төгрөгийг боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд, 36 тэрбум төгрөгийг Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрт тус тус зарцуулж байна. “Оюутолгой” төсөл Монголын компаниуд, бизнес эрхлэгчид, иргэдийн өмнө олон боломж нээж өгч буй. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн чадавхижиж, өсч дэвжиж, орчин үеийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн шууд бусаар ажлын байрыг нэмэгдүүлсээр байна. Тиймээс ч одоогоор “Оюутолгой” ХК-ийн ханган нийлүүлэгчийн тоо 2400 даваад байгаа билээ. Харин төслийн бүтээн байгуулалтад гардан оролцож байгаа монгол компанийн тоо 32-т хүрчээ. Тэдгээрийн 20 нь 50-иас доош, үлдсэн 12 нь 50-600 ажиллагсадтай. Тодруулбал, төслийн талбайд нийт 42 компани ажил гүйцэтгэж байгаагийн 32 нь монгол компани байгаа юм. Үлдсэн арав нь Австрали, Япон, АНУ, БНХАУ зэрэг орны хөрөнгө оруулалттай. Гэхдээ ихэнх нь Монгол-Австрали, Монгол-Япон гэхчилэн хамтарсан хөрөнгө оруулалттай аж.

Оюутолгойгоос урд хил хүртэлх 220 кВт-ын цахилгааны шугам суурилуулах ажлыг “Барилга корпораци”, “Очир төв”, “Моннис интернэйшнл”, “Эрчим концерн”, “Бодь интернэйшнл” болон түүний гэрээт гүйцэтгэгч “Илч Хангай” компани хамтран гүйцэтгэж буй. Түүнчлэн Ханбогд сумын нутагт барих “Ханбумбат” нисэх онгоцны буудлын зураг төслийг үндэсний таван компани хийжээ. Нисэх буудлын барилгын ажлыг мөн л монгол компаниудаар гүйцэтгүүлэхээр болсон. Гашуун­сухайт хүртэл тавих 105 км хатуу хучилттай замын ажлын тендерт ч үндэсний компаниуд өрсөлдөж буй. Дээрх бүтээн байгуулалттай уялдаад төслийн талбайд барих ажиллагсдын таван хотхоны үйлчилгээ, ажилчдын хоол хүнсийг “Номадс”, “Геомандал” компани нийлүүлэхээр шалгарчээ. Тэд орон нутгаас ажиллах хүчээ бүрдүүлж, доод тал нь хагас жил бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх гэрээ хийжээ. Энэ мэтчилэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг нь эргэн дурсахад нэн таатай. Мөн ирэх он жилүүдэд хийж бүтээх зорилго нь ч аугаа том, тэр бүхнийг хийж бүтээх монгол хүний тоо өссөөр байгаа нь бахархууштай. Юутай ч Өмнийн говийг эзгүй цөлөөр төсөөлж байсан анхны сэтгэгдлийг эрс өөрчилж, монголчууд их баялгийн эзэд гэдгийг дэлхий дахинд нотолсон тус компанийн хамт олонд олон жилийн хайгуул нь үр дүнтэй болж, их бүтээн байгуулалтынхаа үндсийг тавьсны 10 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж