
Уг нь анхандаа хоёр улсын Засгийн газар “Монголын ураны талбарт “Дорнод уран” компанийг байгуулж, хамтран ажиллана” хэмээн тохиролцоонд хүрсэн. Ерөнхий сайдууд ч албан бичигт гарын үсэг зурсан. Тэр ч бүү хэл Оросын Төрийн Дум энэ тохиролцоог баяртайгаар хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин Монголын талаас УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэх цаг дөхөхтэй зэрэгцээд Канадын хөрөнгө оруулагч “Хан ресурс” компани манай Засгийн газартай төдийгүй Оросын улсын компани болох “Атомредметзолота”-тай зарга үүсгэх нь тэр. Үүнээс л болж хоёр улсын Засгийн газарт хүлээхээс өөр арга зам үлдээгүй нь энэ.
Аль, аль нь “Хан ресурс”-ын эсрэг хийх тайлбараа бэлтгэхдээ яаж ийгээд “Дорнод уран” компанийг Канадын оролцоогүй байгуулах сонирхолтой байгаа нь нууц биш. Гэхдээ яаж… Энэ асуултын хариунд л асуудлын гол гогцоо оршино. Яг л “Энэ чинийх биш. Минийх” гэдэгтэй адил хариуг Орос, Монголын тал канадуудад хэлэхийг зорьж байгаа. Үүнийг нь Канадын “Хан ресурс” компани хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд манай талаас олон улсын арбитрын шүүх дээр “Хан ресурс” компани өнгөрсөн хугацаанд Монголын хууль, тогтоомжийг огтхон ч биелүүлж байгаагүй. Удаа дараа хууль зөрчсөн. Мөн “Төв Азийн уран” компанийн 58 хувийг эзэмших явцдаа хууль бус үйлдэл гаргасан” гэх тайлбар өгөхөөр бэлтгэж байгаа бололтой. Энэ бол эх сурвалжаас сонссон тайлбар.
Гэхдээ манай талын хувьд ирэх наймдугаар сард “Арбитрын шүүхээр асуудлыг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн хариу өгнө хэмээн хүлээж байгаа гэнэ. Арбитрын шүүхээр асуудлыг оруулахаас өмнө хоёр талын сонгогдсон арбитрчид асуудлыг хэрхэн танилцуулснаас хамаарч “Бид хэлэлцэнэ” эс бол “Манай хэлэлцэх асуудал биш тул орон нутгийн шүүхээр асуудлыг шийдвэрлэх нь зөв” гэсэн хоёр хариуны нэгийг олон улсын арбитрын шүүх гаргадаг учраас тэр. Нэг ёсны сүүлчийн хариу гарсан тохиолдолд манай талд асуудал нааштайгаар шийдэгдэж, “Хан ресурс”-ынханд Засгийн газар нөхөн төлбөр өгөх замаар маргаанд цэг тавих боломжтой. Гэхдээ энэ хувилбарыг сонгох эсэх эцсийн хариу ирэх наймдугаар сард гарна. Тэр болтол хоёр хувилбарын дунд бэлтгэл ажил бацаах хэрэгтэй.
Харин Орос, Канадын маргааны тухайд ч асуудал бас бий. “Хан ресурс”-ынхан өөрийн улсын шүүхэд хандаж “Атомредметзолота” компани Монголын Засгийн газарт дарамт үзүүлж, манай лицензийг хураалгасан тул асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн гомдол гаргасан. Улмаар бизнесийн алдагдлаа нөхөх зорилгоор 300 сая ам.доллар нэхэмжилж буй. Энэ нь манай Засгийн газраас нэхэж байгаа 200 сая ам.доллартай нийлбэл Канадын тал ялсан тохиолдолд нийтдээ 500 сая ам.доллартай болно. Тэр ч бүү хэл “Хан ресурс” шууд Монголын ураны салбарт ажиллах эрхээ нээх юм. Ингэснээр “Дорнод уран” компанийн гурван оролцогч тодорхой болж, Канадын тал давуу эрх эдлэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Оросын төрийн өмчит “Атомредметзолото” компани нь Торонтогийн хөрөнгийн биржээс санхүүжилт босгодгийнхоо хувьд маргааныг шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл сунжруулахгүйгээр, тохиролцох магадлалтай аж. Энэ нь дэлхийн, тэр дундаа уул уурхайн салбарт нөлөө бүхий үүрэг гүйцэтгэдэг хойд Америкийн эдийн засгийн түшиц болох Торонтогийн хөрөнгийн бирж дээрх үйл ажиллагаагаа таслах сонирхолгүй гэдгээр тайлбарлагдах гэнэ.
Харин тэдний дунд гарч ирж, хайнаа хагалах нэг төрийн албан хаагч Монголын талаас тодрох магадлалтай аж. Тэр нь Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар. Түүний хэвлэлд өгсөн “Оросын тал дарамталж, шийдвэр гаргуулсан” гэх ярилцлагыг нь Канадын тал баримт болгон шүүхэд гомдол гаргасан юм билээ. Иймд Д.Сугар дарга Оросын тал дарамталсан эсэхэд хариу өгөх хэрэгтэй болох гэнэ. Тэр үед Канадын шүүх ямар хариу гаргах нь тухайн үеийн хэрэг. Ямарч байсан өнөөдрийг болтол “Хан ресурс” компани Канадын шүүхэд гаргасан өргөдөл гомдлоо эргүүлэн татаагүйг бодоход Оросын талтай ойлголцоогүй байж болох юм.
Ямартай ч дээрх хоёр үндэслэл “Дорнод уран” компанийн “хөл” тушигдаж, хоёр улсын уран олборлох хүсэл хүлэгдэх болсон шалтгаан. Товчхондоо 500 сая ам.доллараар үнэлэгдэж буй энэ хүлээс хэзээ тайлагдахыг Орос, Монголын Засгийн газар ч хараахан тааварлахгүй байгаа нь тодорхой. Гэсэн ч хоёр улсыг дамнаж цаасан дээр байгуулсан компаниа татан буулгах сонирхол аль, алинд нь байхгүй байгаа гэдгийг холбогдох албан тушаалтнууд нь итгэлтэйгээр баталж байсан шүү.
"Улс төрийн тойм" сонин
