
Үнэн улс төр Монголд оршин байна гэвэл, тэр нь Хамуг Монгол үндэстний л улс төр байх учиртай” гэсэн утгатай мэдэгдэл хийчихээд УИХ-ын чуулганы танхимд дахин орж ирсэн юм. Н.Энхбаярын жагсаалын цэрэг байсан мань эр тэр үед “Үүнээс хойш, түүнээс цааш би хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй” хэмээх байр сууриа ч өөрчлөхөд хүрсэн. Харин энэ бүхэнд “Хуурамч улс төрд Хамуг Монгол хууртагдахгүй нь нэгэнт тодорхой боллоо. Хамуг Монгол үндэстэн хувь тавилангийнхаа төлөө нэг ч монгол хүнийг орхигдуулахгүйгээр улс төр хийхээр шийдсэн учир УИХ-ын гишүүний хувьд би Хамуг Монголын улс төрөө Хамуг Монголтойгоо хийхээр шийдсэн” гэсэн учир битүүлэг тайлбарыг дайв. Гэвч тэрбээр хэнд хууртагдаж болохгүйгээ мэдэрсэн юм бол. Н.Энхбаярт уу, аль эсвэл МАХН хэмээх сэлүүргүй “завь”-аар зорчихоос болгоомжлов уу. Намынхан нь Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлж, оргилуун дарс буудуулсан баярт мөчийг Ц.Шинэбаяр нар лав хуваалцаагүй юм. Зүгээр л “Хамуг Монголын улс төр эхэлж, цээж тэнэгэр, тэргүүнээ өргөсөн монгол хүн босч зогслоо” гэчихээд намын дэд даргын суудлаа орхисон.
МАХН-д хагарал хэмээгч “халдварт өвчин” дэгдмэгц Улсын Дээд шүүхийнхэн “найтааж” эхлэв. Тэд өнгөрсөн сарын 24-нд МАХН гэдэг нэрийг экс Ерөнхийлөгчид өмчлүүлж, батламжийг нь гардуулсан. Мэдээж хэрэг, Ардын намынхан сандарцгаалгүй яах вэ. “Энэхүү нэрийг Н.Энхбаяр нар дахин хэрэглэх боломжгүй” хэмээх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр тэднийг тайвшруулчихсан байсан юм чинь. Харамсалтай нь Улсын Дээд шүүх үүнээс хойш есхөн хоногийн дараа Ардын намынханд “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байдаг юм шүү” гэсэн сануулга өгсөн. Харин улс төрийн хүрээнийхэн эл үйл явцыг “Хэн нь хэндээ чухам ямар төлбөр төлөөд байна вэ” хэмээн гайхацгаагаад л өнгөрсөн билээ. Зарим нь бүр “МАНАН саринаж эхэллээ” ч гэж хөөрцөглөсөн. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 9-нд намынх нь хуучин нэр, бэлгэдэл, далбааг хууль бусаар ашиглаж буй талаарх Ардын намын нэхэмжлэлийг хэлэлцэн “Ардын намаас өөр этгээд МАХН хэмээх нэр, бэлгэдэл, далбааг ашиглах эрхгүй” гэсэн шийдвэр гаргачихлаа. Ардын намынхны гомдол ингээд ч эцэслэсэнгүй. Тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт гомдол мэдүүлэв. “МАХН гэсэн нэрийг авах гэсэн санаархал нь зөвхөн бусдыг төөрөгдүүлэх зорилго агуулж байсан нь эхнээсээ тодорхой байв. Үүнийгээ өөрсдөө ч нуугаагүй гэдгийг олон баримт нотолж байгаа. МАХН хэмээх нэрийг олгосноор Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд төөрөгдөл үүсэх тохиолдол гарч байна. Дэлхийн зарим хэвлэлд “Монгол Улсын эрх баригч хүчин болох МАХН-ын даргаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сонгожээ” гэж мэдээлэх болов” гэж. Монголын улстөрчдийн дунд тархсан “вирус” дэлхийд халдварласан юм байх.
МАХН-тай холбоотой дуулиан зөвхөн Н.Энхбаярыг биш, Улсын Дээд шүүхийнхнийг ч тойрохгүй нь. Учир нь Ардын намынхны гомдлын хариуд “Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, хүчингүй болгох бүрэн эрх Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч надад байхгүй” хэмээн саяхан мэдэгдсэн Ц.Зориг тэргүүтэй шүүгчдийг эл явдалд хариуцагчаар татах бололтой. Товчхондоо, Ардын намынхан ерөнхий шүүгчийн илгээсэн “захидал”-ын хариуд “Улсын Дээд шүүхийнхний шийдвэрт гомдолтой байна” гэсэн хэдхэн үг бичээд тэднийг шүүхэд хариуцагчаар татуулах магадлалтай байгаа юм.
Намын нэртэй холбоотой маргаан энэ зуны улс төрийн загварт ноёрхсон хэвээр байна. Харин Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нар шинэ “гэр” барьж эхэлсэн сурагтай. “Хамуг Монголоос томилолт авсан төлөөллийн байгууллагууд болох УИХ, Засгийн газар, шүүх засаглалаар дамжуулан улс төр хийх. Хамуг Монголын ард түмэн төлөөлөгчөөр дамжуулах бус, улс төрийг өөрсдөө хийх замыг сонголоо” хэмээн эчнээ мэдэгдсэн тэд Н.Энхбаяраар эмблем хийхгүй гэдгээ ил тод зарлацгаасан нь энэ. Тиймээс “Хамуг Монгол” хэмээх нам байгуулж, Хамуг Монголын улс төрийг экс Ерөнхийлөгчийн эсрэг чиглүүлэх нь ч бараг тодорхой болж байх шиг байна. Н.Энхбаярын нөхөд байсан тэд өдгөө дайсан нь болцгоожээ. “Чоныг бид чоно гэдэг. Чоно биднийг бас чоно гэнэ” гэдэгчлэн экс Ерөнхийлөгч тэднийг “Ардын намынхнаас дутахгүй дайсан” хэмээн харж, Ц.Шинэбаяр нар түүнийг “Ангийн дайсан” хэмээн үзэж эхлэх нь. Ямартай ч анти Энхбаяр ажиллагаагаа үргэлжлүүлж буй Ардын намынхантай “Хамуг Монгол”-ынхон хүч хавсарч мэднэ. Харин М.Энхсайхан нар нэр хичээж, экс Ерөнхийлөгчийн хамсаатан хэвээр үлдлээ. Экс Ерөнхийлөгч нэг гараараа МАХН хэмээх “бөмбөлөг”-ийг нэгмөсөн барьж авахаар зүтгэж байгаа бол нөгөө гараараа “Хамуг Монгол” хэмээх “бөмбөлөг”-ийг хагалах шаардлагатай болов. Учир нь түүний эсрэг албан бусаар эхэлсэн “Хамуг Монгол” ажиллагаа дөнгөж оршил хэсэгтээ байна. Магадгүй, Ц.Шинэбаяр нар энэ удаад Ардын намд томоохон тус хүргэх ч юм билүү, хэн мэдлээ.
"Улс төрийн тойм" сонин
