–Арваннэгдүгээр сарын 17-25-ны хугацаанд –47 хэм хүрч хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа–
Шадар сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Улсын Онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд боллоо.
Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч байна.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөв гарчээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөв гарчээ.
Мөн арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, дулааны хангамжид хүндрэл учруулах онцгой нөхцөл байдал бүрдэж байгааг анхаарууллаа.
Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс, Түдэвтэй сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул, Орхон, Түшиг сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Сагил, Түргэн сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Биндэр, Өмнөдэлгэр, Норовлин сумын нутгаар цасны зузаан 11-20 см (нягт 0.10-0.30 гр/см3), Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал сум, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар цасны зузаан 21-40 см (нягт 0.12-0.28 гр/см3)-т хүрсэн байна.
ЭНЭ ӨВӨЛ 6.9 САЯ МАЛ ОТРООР ӨВӨЛЖҮҮЛНЭ
Өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
Энэ өвөл улсын хэмжээнд нийт 153.1 мянган малчин өрхөд 60.8 сая, хонин толгойд шилжүүлснээр 100.4 сая толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын зохион байгуулалт хийгджээ. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 80.0 хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 20.0 хувь нь хүрэлцээ муутайгаас отор хийхээс аргагүй аж.
Иймээс малын тоог тохиролцон гэрээ байгуулан сум дундын отрын бүс нутаг, аймаг, дундын тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нийт 16460 өрхийн 6.9 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар төлөвлөж байна.
Малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн хувьд 1.1 сая тн, сүрэл 35.8 мянган тн, ногоон тэжээл 22.3 мянган тн, үйлдвэрийн тэжээл 27.1 мянган тн, гар тэжээл 38.1 мянган тн, дарш 8.0 мянган тн, давс, хужир 105.6 мянган тонн бэлтгэгджээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 20.4 мянган тн өвс, 4.5 мянган тн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 75.9 хувь, сумдын түвшинд 50.7 хувиар биелүүлсэн хангалтгүй байгаа бөгөөд аюулгүйн нөөц бэлтгэх хөрөнгөгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа аж.
ДУЛААНЫ СТАНЦУУД 12-40 ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ БАЙНА
Эрчим хүчний сайдын өгч буй мэдээллээр арваннэгдүгээр сарын 11-ний байдлаар, ТЭЦ IY – 185171 тн буюу 18 хоногийн, ТЭЦ III – 56 890 тн буюу 12 хоногийн, ТЭЦ II – 8 376 тн буюу 9 хоногийн, Дарханы цахилгаан станц – 35 877 тн буюу 27 хоногийн, Эрдэнэтийн дулааны станц – 39 773 тн буюу 40 хоногийн, Амгалан станц – 10 986 тн буюу 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна.
Зам тээврийн хөгжлийн сайдын мэдээллээр авто замын засвар, арчлалтын ажлын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвлөгөөний биелэлт 94,4 хувьтай байна.
Цасанд боогдох магадлалтай хэсгүүдийн судалгааг гаргаж, Ховд-Булган улсын хил чиглэл, Ховд-Алтай чиглэлийн замд цасанд боогддог хэсгүүдэд хамгаалах далан хийж гүйцэтгэсэн байна.
Улс, хот хоорондын болон нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 53 аж ахуйн нэгжийн 418 тээврийн хэрэгслийг техникийн хяналт үзлэгт бүрэн хамруулж техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулан ажиллаж буй аж. Нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулахад хөдлөх бүрэлдхүүний шаардлагатай сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материал, хөлддөггүй шингэн, спиртийн нөөцийг зохих хэмжээнд нөөцлөн бэлтгэлийг хангасан.
Орон нутгийн 15 нисэх буудалд шатахууны агуулахын техник үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөлийн Мөрөн, Өмнөговь, Дундговь аймгийн нисэх бууудлын засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж засварын ажил хийгдэж байна. Орон нутгийн нисэх буудал бүгд шатах тослох материал, түлээ, нүүрсээ нөөцөлжээ.
Онцгой комиссын хуралдааны төгсгөлд Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт дараах даалгаврыг үүрэг болгосон. Тодруулбал,
- Хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн аймгуудын асуудлыг судлан, Засгийн газарт танилцуулан шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт,
- Орон нутагтаа цас ихтэй бүс нутагт байгаа отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэхийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт,
- Улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газар, Хилийн зурвас бүс нутагт өвөлжиж, хаваржих малчдын нийгмийн асуудалд анхаарал тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэн нарт, Малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарт даалгалаа.
Г.ДАРЬ