Д.Ухаанзаяа: Бурхныг хэзээ ч оймс, гутал шиг зарах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Д.Ухаанзаяа: Бурхныг хэзээ ч оймс, гутал шиг зарах ёсгүй

  • Бурханч лам Г.Пүрэвбатын ууган шавь, бурхан урлаач Д.Ухаанзаяатай ярилцлаа. Монголын бурхан шүтээний урлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй түүнтэй уулзахаар “Цаглашгүй гэрэлт” хэмээх номын өргөөг зорин очив. Тэрбээр их үйлсийг үргэлжлүүлэх урлаачдын залгамж халааг бэлтгэх монголын анхны бурхан урлалын шинэхэн төвдөө биднийг хүлээн авч, уулзсан юм.

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе. Будаг нь ханхалсан шинэхэн номын өргөөгөө байгуулаад удаагүй бололтой. Уг өргөө нь хэзээнээс ашиглалтад орж, сүсэгтэн олноо хүлээн авах вэ?

-Би Урлахуйн ухааны сургуулиа төгсснөөс хойш өөрийн “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвөө байгуулаад найм жил болж байна. Төвийн нэрний утга учир нь хүний оюуны гэгээрлийг цаглашгүй, хягзааргүйгээр түгээн дэлгэрүүлнэ гэсэн утгатай. Энэ утгаараа уг төвөөрөө дамжуулан нийгэмдээ гэгээрлийг түгээж, монголын язгуур урлаг болох урлахуйн ухааны сургалт явуулж, судалгаа хийн, ном хэвлэн гаргадаг.

Энэ онд “Цаглашгүй гэрэлт” төв шинэ байртай боллоо. Төвийн маань үйлс нь гэгээн учраас эдийн засгийн хямралтай үед хандив тусламжгүйгээр бор зүрхээрээ гурван давхар номын өргөөгөө барьж дүүргэлээ. Одоо энэ төвдөө сургалт явуулахын зэрэгцээ миний түмэн олонд уншдаг заслын маш хатуу номоо уншина. Цаг цэвүүн болсон энэ үед хүмүүс лусын хорлол, адын хорлол, нэртэй нэргүй өвчин, хар цагаан хэл аманд ихээр өртөж, ялимгүй шалтгаанаар өвдөж, сэвтэх болж. Энэ нь хүний дотоод сүнсэн биеийн сүлд хийморь нь доройтсон учраас ажил үйлс нь бүтэхгүй байгаа юм. Мөн лусын хорлол, төрөлхийн суурь харшилтай, харааны бэрхшээлтэй хүүхдүүд маш их төрж байна. Эдгээр өвчин эмгэгийн цаад ад болсон шалгааныг нь устгахгүй бол зүгээр эм уугаад эдгэдэг өвчин сүүлийн үед байхаа болино гээд байгаа. Тэгэхээр би адын, донгийн, гүйдлийн гаралтай өвчнийг анагаахад хатуу заслын ном унших болно. Одоо төвийнхөө дулааны ажлыг шийдээд л  дүүрэх гэж байна. Удахгүй “Цаглашгүй гэрэлт” төвийн шинэхэн байрны нээлтийн ажиллагаагаа хийж, монголдоо анх удаа шүтээн урлалын төвийг байгуулж байгаа гэдгийг онцолмоор байна.

-Ер нь ингэхэд Монголд бурхан урлах чиглэлээр сургалт явуулдаг хэчнээн төв байдаг вэ?

-Миний бие бурханч лам Г.Пүрэвбат багшийн ууган шавь. Номын багшийн маань анхны шавь нар төгсөөд дараа дараагийн шавиа бэлдсэн. Тэд мэргэжлийн абшигийн аваад шүтээн урлаж байна. Харин сайн дураараа Соёл урлагийн дээд сургууль ч юм уу хувийн урлагийн дээд сургууль төгсөөд бурхан шүтээн урлаад явж байгаа хүмүүсийг алийг тэр гэх вэ. Тэр бол албан бус улсууд шүү дээ.

-Бурхны зургийг нарийн дэг дор бүтээдэг гэсэн. Хэдэн жил суралцаж байж бурхан бүтээх чадварыг олж авдаг вэ?

-Бурхан урлаач болоход чанга хатуу дэглэм дор маш нарийн шалгуурыг давдаг. Урлаач хүнд сэтгэлийн ур, ухааны ур, гарын ур гэсэн гурван ур нэгдсэн байх шаардлагатай. Хэрэв зөвхөн гарын уртай байвал тэр хүнд сэтгэлийн ур дутна. Зөвхөн ухааны ур байлаа ч гарын ургүй бол чадахгүй. Гарын ур, ухааны ур байсан ч сэтгэлийн ургүй шуналын сэтгэлтэй бол бас бурхан урлаж чадахгүй. Гадуур авьяастай зурдаг хүн олон байна. Тэр дундаас сүжигтэй, итгэлтэй, зорьсон зүйлдээ нэгэн үзүүр сэтгэлээр буяныг бодож хандах, бодь сэтгэлтэй хүн маш ховор болчихоод байна. Иймд энэ мэргэжилд зөвхөн амьтанд тусалж, сэтгэлээ засах гэсэн хүний бодь сэтгэлийг харгалздаг.

Өөрийн сэтгэлээ амьтны тусын тулд зориулж байвал жинхэнэ бурхан урлаач болж чадна.  Бурхан урлаач бэлтгэхэд ойролцоогоор 10 жил суралцдаг. Би гэхэд өөрөө номын багшийнхаа доор 12 жил суралцсан. Энэ хугацаанд бурхан урлалын нарийн нарийн зүйлийг сурч, одоо ч гэсэн сурсаар л байна. Бурхны сургааль яндашгүй арвин. Хүн үхэн үхтлээ суралцаж байдаг. Тиймээс ч би нэлээд олон жил сурсан ч бурхны нарийн тарнийн номын судалгааг хийсээр байна. Бурхан урлахын тулд шүтээн урлаг, зураг, буддын гүн ухаан, нарийн бясалгалын номоо давхар үзэж байж урладаг. Бурхны мэлмийг л гэхэд тигээр нь хоёр, гурван сарын турш зурна. Тигээр нь зурна гэдэг нь шугам гортигийн татаад, зурахыг хэлдэг. Тэгэхгүй бол зүгээр хараад зурвал маш том алдаа гарна. Бурхны уруул, мутарыг тигээр хоёр, гурван сар зурсны дараагаар тиггүйгээр шууд зураад сурсан байх ёстой.

-Та сэтгэлээ амьтны тусын тулд зориулж чадахгүй бол бурхан бүтээж чадахгүй гэлээ. Тэгвэл таны хувьд бурхан бүтээхийн тулд хичнээн жилийг зарцуулсан бэ?

-Бурхан урлахад хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй. Жижигхэн, бэсрэг шүтээний зураг хоёр хоногтоо гараас гарчихна. Том хэмжээний зургийг доод тал нь таван сар, зарим нь жил болох  ч тохиолдол байдаг. Миний хамгийн удаан бүтээсэн бүтээл бидний сэтгэл зүрхэнд байдаг диваажингийн оронг дүрсэлсэн хоёр метр гаруй урттай “Монгол диваажингийн орон” бүтээл. Тэрхүү бүтээлийнхээ эх зургийг өөрөө гаргаж, нарийн өнгө будгаар дагнаж, жилийн хугацаанд зурсан. Зүгээр гуаш ашиглаад боронз, хятад будгаар зурж болохгүй шүү дээ. Бүтээлээ урлахдаа цэвэр алт өргөж, цэвэр шороон будгаар даавуун дээр зурна. Нандин шүтээн урлахад шороон будгаар даавуун дээр шимийн будгаар дагнаж, цэвэр алт өргөж зурдаг учиртай.

Бурхан урлахуйд сурах явцад алдаа гаргаж болох ч мэргэжлийн шүтээн урлаач болсон цагт алдаа хэзээ ч гаргаж ёсгүй.

-Та нэгэнтээ бурхныг урлахдаа нэг зураас л буруу татвал гэм нүгэлд унана гэсэн байсан. Бурхан урлахад ийм алдаа хэр гардаг бол?

Бурхан урлахуйд сурах явцад алдаа гаргаж болох ч мэргэжлийн шүтээн урлаач болсон цагт алдаа хэзээ ч гаргаж ёсгүй. Бурхны нэг нүдийг нь бүлтгэр, уруулыг нь дарвагар, мутар нь урт, богино зурж болохгүй. Хэрэв урт, богино зурчихвал гэм гарч, бие эрхтэнүүд нь доройтно, төгс эдлэл буурна хэмээн номдоо заасан байдаг. Тийм учраас бурхны зургийг бүдүүн, нарийн зурж, тиг хэмжээнээс алдаа гаргавал бурхан урлаач өөртөө гэм гаргадаг. Үүнд нэг зүйл анхааруулж хэлэхэд, Соёл урлагийн их сургууль болон өөр бусад хувийн сургуулиуд бурхны зургийн мэргэжлийн сургууль биш шүү дээ. Гэтэл урлагийн хувийн сургууль төгссөн хүүхдүүд абшиг аваагүй, тигийн, номын үзээгүй байж бурхан зураад байгаа юм. Тэд алдаатай бурхан зурснаас болж өөрөө өөрийгөө гэм унал руу татаж байна. Номондоо бол мэргэжлийн бус хүн бурхан зурахыг хатуу хориглодог. Би гэхэд бурхан зурахын тулд бурхадын абшиг, ванг хүртэж урладаг.

-Аливаа бурхан өөрийн бүтээх дэг номтой гэдэг. Ялангуяа догшин хангалуудыг урлахын өмнө ямар зан үйл үйлддэг үү?

Амирлангуй бурхадыг мэргэжлийн бус урлахад гэм унал нь арай бага. Харин догшин Очирваань, Жамсран, Ядам зэрэг хангалуудыг бүтээвэл маш их уналтай байдаг. Тэд өөрсдийн тогтсон тангарагтай, санваар, абшигтай. Догшин бурхадыг бүтээхийн өмнө заавал цагаан хоол иднэ. Зөгийн бал, мөсөн чихэр, сүү тараг гэх мэт хилэнцгүй хоол хүнс идэх ёстой. Тэгээд багадаа нэг, хоёр хоног сожим сахил авч, бие сэтгэлээ цэвэрлэж, архи дарс уудаг муу хүнтэй уулзахыг цээрлэдэг.

Бурхны зургийг бүдүүн, нарийн зурж, тиг хэмжээнээс алдаа гаргавал бурхан урлаач өөртөө гэм гаргадаг.

Буруу бурхан шүтээн шүтвэл өвчин салахгүй, ажил төрөл нь бүтэхгүй байх жишээтэй. Сүсэгтэн олон шашны дэлгүүрийн лангуун дээрээс бурхан худалдаж авах нь бий. Бурхныг хэзээ ч оймс, гутал, бараа шиг зарах ёсгүй. Хятадаас мэргэжлийн бус, алдаатай, дутуу, хазгай зурсан бурхны хөрөг оруулж ирж, хямд үнээр худалддаг. Тэр нь эргээд шүтээн болж чадахгүй шүү дээ. Бурхан шүтээн, дүрсэнд бурхны шашны сургааль номлол явж байдаг. Бурхны сургаалийн 84 мянган номын цогцыг дүрсэнд ургуулах юм бол бурхан болно гэсэн үг. Тэр шүтээнийг би нэг насаараа шүтнэ. Миний үр хүүхдүүд залгамжлан шүтнэ. Бурхан шүтээний зураг нь дан ганц урлагийн бүтээл биш. Цаагуураа бурхны номын зан үйлтэйгээ маш нарийн холбоотой. Өнгө будаг, дүрс хэлбэр гээд бүх зүйл нь билэгдлийг агуулдаг учраас нэг зураасыг ч алдаж, татах ёсгүй.

Догшин хэдэн бурхадыг бүтээхийн өмнө заавал цагаан хоол иднэ. Зөгийн бал, мөсөн чихэр, сүү тараг гэх мэт хилэнцгүй хоол хүнс идэх ёстой.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Миний мэргэжил бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач. Тэр утгаараа миний үндсэн ажил маань бурхан урлах. Сүсэгтэн олны захиалгаар бурхан урлахын хажуугаар өөрийн бүтээлээ хийж байна. Одоогоор өөрийн “Бодь сэтгэл” хэмээх чөлөөт зохиомж дээр ажиллаж байна. Ер нь бурхны зургийн арга барилыг ашиглан чөлөөт сэдвээр бүтээл хийвэл сайхан болдог.

Түүний “Бодь сэтгэл” бүтээлд  бүсгүй хүн хөгжим тоглосноор бодь сэтгэлийн хөг эгшиг уянгалан гарч, хорт сэтгэлээ амирлуулж буйг илэрхийлжээ. Харин түүний гэтлэн гарсан хорт сэтгэлийн далайд мунхаг сэтгэл буюу гахай, уур хилэн буюу могой, шунал тачаалыг билэгддэг тахиа гэсэн ертөнцийн гурван хорт сэтгэл орших аж. Тэрбээр одоо энэ бүтээлээ дүүргэхээр ажиллаж байгаа бөгөөд бас нэгэн нууц дагиныг бүтээж байгаа ажээ..

-Шүтээнээ урлаж дуусах тэр мөчийн сэтгэлийн тайтгарлаасаа хуваалцахгүй юу?

-Ер нь урлаач хүн бүтээлээ хийх хугацаанд бүх зүйлээ мартаж, бүтээлийнхээ ертөнц рүү ороод амьсгалчихдаг. Харин бүтээлээ дууссаны дараа үнэхээр сайхан. Тэр л мөчид өөрийн өлссөн, ядарснаа мэдэрдэг дээ. Төгс гэгээрсэн бурхан дүрийг бүтээснээрээ олон амьтанд туслаж чадах юм байна гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Миний бүтээж буй нууц дагина нь монголд ховор байдаг. Энэ шүтээнийг бүтээчихвэл олон амьтны амьдралд тустай. Сүсэгтэн олонд бурхны номлолыг үнэн мөнөөр нь хүргэх цаг ирж байна. Манай ард түмэн мухар сүсэг, төөрөгдлийн түвшинд маш олон жил явж ирлээ. Бурхан шүтээндээ сургаар хандаж, нарийн утга учрыг нь мэдэхгүй байна. Тэгэхээр миний сургааль нь хүнд танин мэдсэн сэтгэлийг л хүргэж, юмны нарийн мөн чанарыг ухаарч ойлговол үнэн итгэл төрнө. Үнэн итгэлээр үнэн бишрэл үүснэ. Үнэн бишрэлээс үнэн адислах аврал төрдөг.

-Өнөөдөр бурхан урладаг хүн хэр олон байна?

-Би сүүлийн хэдэн жил бурхан шүтээнээ хэрхэн тахих вэ,  бурхан шүтээн байх ёстой юм уу гэдэг талаар телевизээр цуврал лекц уншиж, олон асуултад хариулт өгсөн. Үүний нөлөө бага ч гэсэн гарч байгаа юм болов уу. Хүмүүс хятад хямдхан бурхан авахаа больж, янз бүрийн хэвлэмэл бурхан шүтэхээ больсон байна. Аль болох бурхан урлаачдаар урлуулсан бурхан авах болжээ. Над дээр өдөрт хоёр, гурван хүн бурхан бүтээлгэхээр ирдэг. Шүтэх шүтээнтэй байна гэдэг хүний сэтгэлийг бат бөх болгодог. Ямар ч шүтээнгүй байна гэдэг бороо цас орсон ч шууд норох дээвэргүй байшинтай адил.  Шүтэх шүтээнтэй байж буруу үйл хийсэн ч “Бурхан маань хилэгнэнэ” хэмээн эмээж, ухаарч, айдаг. Харин бурхан шүтээнгүй хүн юунаас ч айх эмээхгүйгээр хүний амь хөнөөж ч мэднэ. Та бурхан шүтэхгүй бол ээжийгээ шүтэх ёстой. Хэрэв бурхан шүтээд, ээжийгээ шүтэж чадвал тэр хүн бурхнаас ялгаагүй абшиг энергийг авч чадна.

-Хүмүүс бурхан урлуулахад өндөр үнэтэй байдаг гэж ойлгодог. Үнийн хувьд ямар байдгийг сонирхож болох уу?

-Бурхан урлах будгаа Энэтхэг, Түвдээс захиж авчируулдаг. 100 грамм будаг нь 20 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Хүний гар, оюун ухаанаар урлаж буй бурхан шүтээн үнэ цэнэгүй байж болдоггүй. Бурхны ном сургааль “Аливаа нэгэн бурхан шүтээнийг үнэгүйдүүлвэл уналтай. Бурхан урлаачийг гомдоовол бурхнаа гомдоосонтой адил” гэж заадаг. Тиймээс ч хангалттай гарын цайлгах ёстой. Зарим номонд хүчтэй мундаг абшиг номыг 10 лан алт, атан тэмээгээр унших ёстой. Тэгж байж тэр хүн асар их хүчийг авдаг гэдэг. Өөрөөс нь хэр их зүйл гарна. Тэр чинээгээрээ номын хүчийг авдаг. Манайхны нэг дутагдалтай тал нь үнэгүй юманд дуртай. Үнэгүй юм үнэ цэнэгүй л байдаг. Яг нарийндаа бурхны хүчийг  үнэлэх нь мунхаг асуудал юм. Гэхдээ үнэгүйдүүлнэ гэдэг нь бүр аюултай. Би ядарсан тэтгэврийн эмгэнд маш хямдхан бурхан урлаж өгдөг бол чадалтайхан хүмүүс өөрсдөө хандив өргөөд илүү мөнгө төлөх нь бий. Би нэг удаа хоёр долоо хоног урласан нэлээд том бүтээлээ нэг эмээд 1000 төгрөгөөр өгч байлаа.

-Таны анхны үзэсгэлэнгээ 2010 онд гаргаж байсан юм билээ. Шүтээн зургийн үзэсгэлэн гаргах ойрын төлөвлөгөө бий юу?

-Би ихэнх цагаа сүсэгтэн олны захиалгад зарцуулдаг. Одоогийн байдлаар миний урын санд 30 гаруй бүтээлүүд бий. Үүнд шимийн будгаар муутуу цаасан дээр зурсан зургууд, зээгт наамал буюу торгон зураг, Очирваань, Цагаан дарь эх зэрэг зээгт наамлан бүтээл байдаг.  Би бүтээлийнхээ тооноос илүү чанарт анхаардаг. Нарийн чанад ур хийцтэй, гүн гүнзгий ухаантай бүтээл хийх нь чухал. Анхны бэсрэг шүтээний “Урлалд шингэсэн гэгээрэл” үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейтэй хамтран гаргасан. Одоо өөрийн номын өргөөтэй болсон учраас бүтээл дээрээ илүү нухацтай ажиллаж, нэлээд томоохон хэмжээний үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Үзэсгэлэнгээ Монгол шүтээн урлаг ямар түвшинд хөгжиж байгааг харуулах зорилгоор далайцтай, судлагдахуунтай маш нарийн бодож хийх хэрэгтэй. Мөн үзэсгэлэнгийнхээ үеэр лекц уншиж, урлагийн бүтээлийн цаана ямар их ухаарал, гэгээрэл байгааг таниулна. Мөн лекцээрээ ном гаргах болно.

-Монголын бурхан шашны түүхэнд эмэгтэй урлаач ховор байсан гэдэг. Сүүлийн жилүүдэд эмэгтэй бурхан урлаач төрөн гарсан болов уу?

-Эмэгтэй бурхан урлаач маш цөөн. Монголын түүхэнд ч ховор байсан юм билээ. Өндөр гэгээн Занабазарын туслах Юмханд нэртэй бурхан урлаач дагина байсан гэдэг. Одоо миний шавь нар дунд ганц хоёр эмэгтэй бий.Шавь нар хичээгээд сайн сурвал анхны эмэгтэй бурхан урлаач болох байх. Харин бурхан урлаачийн удирдлага доор зээгт наамлаар оёж хатгадаг уран гартай эмэгтэйчүүд олон бий. Эмэгтэй хүн байгалиасаа эмзэг учраас манай багш маань эмэгтэй шавь авдаггүй байсан. Гэтэл миний эмэгтэй шавь нар банди нараасаа ч илүү сурах шинжтэй. Одоогийн залуу хүүхдүүд нийтлэг амархан шантарч, юмыг хялбар аргаар сурахыг боддог болж. Миний хувьд зорилготой, итгэлтэй сүжигтэй хүүхдүүдийг шавиа болгоход бэлэн байна.

Эмэгтэй бурхан урлаач маш цөөн. Монголын түүхэнд ч ховор байсан юм билээ. Өндөр гэгээн Занабазарын туслах Юмханд нэртэй бурхан урлаач дагина байсан гэдэг. Одоо миний шавь нар дунд ганц хоёр эмэгтэй бий.

-Энэ жилийн цагаан сараар цуврал лекцээ уншина биз дээ?

-Миний бие “Цаглашгүй гэрэлт” төвийн нэрэн доор жилийн болгон цагаан сарын шинийн найманд  цуврал лекцийг уншдаг. Өнгөрсөн цагаан сараар монгол эр хүний хийморь лундаа гэж юу байдаг тухай өгүүлэх “Хийморь 13” цуврал лекцээ уншсан. Мөн энэхүү лекцтэйгээ холбогдуулан ном гаргасан. Хүмүүс тухайн үедээ лекц сонсоод өнгөрдөг. Гэтэл ном хэвлэн гаргаснаар номоосоо дахин хараад, уншаад байх боломжтой. Энэ жилийн цагаан сарын шинийн найманд буян хишгээ хэрхэн тогтоох талаар лекц уншихаар төлөвлөж байна. Мөн бясалгал, тарни гэх мэт ёс заншлын тухай зурагтай хоёр том боть бичиж, ард түмэндээ өргөн барихаар ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд залуу хойч, үеийнхэндээ хандан үг хэлэхгүй юу?

-Энэ орчлонд шим гэж үгүй. Амгалан гэгч хумхын тоосын чинээ ч байхгүй. Учир нь бид хайртай хүмүүсээсээ хагацаж, өвчин тусах гээд бүх зүйл бусдын эрхэнд байдаг. Хүмүүн бидэнд өөрийнх гэдэг зүйл байхгүй. Хувцас өмсч чадахгүй бол гадуур гарч чадахгүй. Хувцасны эрхэнд байна гэсэн үг. Тиймээс хүн гэгч зовлонт орчлонгоос ухаарлыг нь олохгүй шимгүй юманд төөрөгдөөд, наргих цэнгэх  үргүй зүйлд цагийг зарцуулж байна. Энэ сайхан эрдэнэт хүний биеийг олсон цаг маань дуусч байна. Хүний нас чинь хугацаатай. Эрүүл байгаа бие маань ч бас хугацаатай. Эрүүл биеийг удахгүй өвчин авна. Залуу насыг удахгүй өтөл нас авна. Тийм учраас таван махбодь нь тэгш сайхан байгаа үедээ ном эрдэмд шамдах хэрэгтэй. Ялангуяа дотоод сэтгэлийнхээ гүн уруу зүтгэхгүй гадаад хэл сураад л яваад байвал утгагүй. Энэ бол талхаа л олж идэх арга. Өөрийн дотоод зүрх сэтгэлийнхээ бохирдлыг л цэвэрлэх нь хамгийн чухал. Ингэж байж л хүн гэдэг утга учир гарах болно.

Ярилцсан баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж