Дэлхийд тэргүүлэх Хятадын бодлого-3

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Дэлхийд тэргүүлэх Хятадын бодлого-3

-Боловсролоор засаглах бодлого-

“Эд нар байна шүү! Лабораторийн туршилт маш сайн хийдэг. Онолоос илүү туршилт, дадлага, судалгааг маш сайн хийдэг. Одоо аль ч сургууль нь үйлдвэрлэл, технологиороо тэргүүлж эхэлсэн” гэж аминчлан ярих оюутныг Г.Баттүвшин гэдэг. Тэрээр Хятадын Гүйжөү мужийн Гүй-Ань шинэ дүүргийн Гүйжөү сургуульд мастерийн зэрэг хамгаалахаар суралцаж буй юм. Энэ сургуульд Монголын 12 оюутан янз бүрийн мэргэжил эзэмшихээр тэтгэлгээр суралцаж буй аж. Г.Баттүвшин Хятдад суралцах сонирхолтой залууст хандан “Битгий л эдийн засаг, хуульч гэсэн мэргэжлээр сураарай. Суръя гэвэл инженерийн, нарийн технологиийн чиглэлээр суралцаарай” гэж аминчлан захив. Учир нь энэ чиглэлд маш өндөр боловсон хүчин бэлтгэдэг болсон гэнэ.

Дэлхийн долоон хүн тутмын нэг нь болох иргэдийнхээ боловсролд БНХАУ онцгой анхаарах болжээ. Тэд хямд зардал, хүний хүчээр бус өндөр боловсрол, орчин үеийн технологийг бүрэн дүүрэн эзэмшсэн хүнээр дэлхийд өрсөлдөхөөр зэхжээ. Тэрбум хол давсан хүнийг нэгэн зүгт тогтоон барихын тулд хүчээр гэхээсээ илүүтэй эдийн засгийн чөлөөт байдал, нэг нь нөгөөгөөсөө хамааралтай нарийн мэргэжил, хоорондоо уялдаатай харилцан хамаарлыг бүхий тогтолцоог байгуулахыг зорих болжээ. Ингэхдээ хэвлэлийн зардлаа хэмнэхийн санхүүжилтийг нь банк гаргадаг болгохоор хажууд нь уяжээ. Банк байнгын ашиггүй ажиллахгүйн тулд хэвлэлийн менежментийг хийнэ. Харин банкны үйл ажиллагааг төр бодлогоороо хянана. Ингэснээр байнгын татаасаар явж ирсэн хэвлэл, мэдээллийн салбарт нь асар богино хугацаанд тэрбум юаниар тоологдох ашиг орлогыг олох болжээ. Энд хэвлэлийн эрх чөлөөний талаар ярих нь илүүц гэдгийг надаар хэлүүлэлтгүй биз ээ.

Эргээд асуудалдаа ороход Хятадын их сургуулиуд нь сургууль гэхээсээ илүүтэй шинжлэх ухаан, эдийн засаг, эрүүл мэнд, ирээдүйн бодлого тодорхойлох хүрээлэнгийн үүргийг гүйцэтгэх байна.

Гүйжөүгийн их сургуулийн Хуаси хотхоноор жишээ авахад Гүй-Ань дүүргийн зүүн өмнөд хэсэгт байрладаг таван шинэ хотхоны нэг нь юм. Нийт 63.46 км2 талбайг хамруулан барьсан энэ нүсэр байгууламжийн ногоон бүс нь 33.09 км2. Үлдсэн буюу 30.35 км2 талбайг барилга байгууламж нь эзэлдэг.

Дотроо 9 сургуультай энэ хотхонд 600 мянган хүн суурьшина гэж төлөвлөсний 250 мянга нь багш оюутан байхаар тооцжээ. Одоогоор 150 мянган багш оюутан, 180 мянган иргэд суурьшсан, оруулсан нийт хөрөнгө оруулалт 36 тэрбум юань, 41 км2 талбайд үндсэн сүлжээ суурилуулсан, 10 км2 талбайн барилгын ажил бүрэн дууссан гэх мэдээллийг Гүйжөү их сургуулийн намын хорооны дэд нарийн бичгийн дарга Luo Chanqjianq өгөв.

Энэ хотхонд байгаль, техник, хөдөө аж ахуй, анагаах, нийгэм, менежмэнт, боловсрол, түүхийн гэсэн есөн том салбарыг хамарсан 12 их сургууль байрлах аж.

Одоогоор суралцаж буй бакалаврын 46 мянга 237, магистр докторын 7202 үндсэн оюутантай. Нийт 2739 мэргэжлийн багш нараас 717 нь доктор, 1173 нь магистр зэрэгтэй, 495 профессор, 1156 дэд профессор багш ажилладаг аж. Эдгээр багш, оюутнууд бүгд хотхонд байрлана. Оюутнууд дотуур байранд, багш нар орон сууцанд.

“Хуаси сургуулийн хотхон нь “Боловсролын шинжлэх ухаан, цахим худалдаа, соёлын инноваци, анагаахын судалгаа шинжилгээ, аялал жуучлалын хөгжил” зэрэг аж ахуйн салбарыг шилдэг хүний нөөцөд тулгуурлан хөгжүүлж “Инновацийн холбооны төв бааз, Сургуулийн хотхон хос шинэчлэл хүрээлэн”-г байгуулсан” гэж Luo Chanqjianq тайлагнана лээ.

Энэ сургууль нарийн судалгаа шинжилгээнд тулгуурлан шинэ хот байгуулахаар ажиллаж байгаа аж.

Тэд боловсролыг амьжиргааг сайжруулах хамгийн том хөшүүрэг гэж үзжээ. Тиймээс ч ядуурлыг бууруулах стратегиа өндөр төвшний боловсрол олгох болгон тодорхойлсон байна.

Тиймээс ч Гүйжөу мужийн  боловсролын статистик үзүүлэлт нь бүх Хятадад тэргүүлнэ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн 80 хувь нь цэцэрлэгтэй байгаа нь улсын дундажаас таван хувиар илүү үзүүлэлт аж. Дунд сургуульд хамрагдах ёстой хүүхдийн 87.6 хувь нь тогтмол хамрагдагддаг аж.

Энэ их сургууль өөрсдийн эрдэмтэн, багш, оюутнуудад түшиглэн төрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд өмнөх тэмдэглэлд дурдсан “Биг дата” аж үйлдвэрийн хөгжлийн хүрээлэнгийн төслийг хэрэгжүүлдэг. Боловсрол эзэмшүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн томоохон төвүүдийг ажиллуулдаг гэсэн үг.

Сүүлийн гурван жилд мужийн хэмжээний нийт 1173 төслийг хариуцаж ажилласнаас улсын “973”, ”863”, Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан, Үндэсний нийгмийн шинжлэх ухааны сан зэрэг 324 теслийг хэрэгжүүлжээ.  Ингэхдээ Үндэсний хэмжээнд техникийн дэвшил авчирсан төслөөр нэг төсөл нь хоёрдугаар байр эзэлж, 921 төсөл нь патент авчээ.

Онцлог нь энэ сургуульд суралцагсад хичээлийн хажуугаар ажил хийх нь хориотой. Гэхдээ сардаа 3000 юанийн тэтгэлэг авна. Энэ нь хангалттай хүрэлцдэг гэж Монголоос сурч буй Ц.Шинэбаяр хэлсэн. Хэрэвзээ сайн сурвал багш нар нь эрдэм шинжилгээний төсөлд ажиллуулж, туршлагажаад зогсохгүй давхар цалинжаад явах боломжтой гэнэ.

Болсон болоогүй онолоор бөмбөгдөхөөс илүү судалгаанд гол анхаарлаа хандуулдаг нь дээр өгүүлсэн хөгжлийн шинэ шинэ төсөл, нээлтийг бий болгох зорилготой. Тиймээс ч манайхаас огт өөр төдийгүй дэлхийд дээгүүр өрсөлдөх чадварлаг боловсон хүчнийг бэлтгэдэг гэж монгол оюутнууд хэлэв. Гэхдээ энэ үгийг тэд цаанаа харамсангуй хэлж байсан. Эх нутагт нь ийм сургууль байсан бол энд тэд ирээ гэж үү?

…Жирийн нэгэн сургууль нь боловсон хүчин бэлтгэхээс эхлээд эрдэм шинжилгээний ажил өндөр төвшинд хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хот байгуулж байна гээд бод доо.

Харин бид боловсролд хэрхэн анхаарч байгаа билээ. Монголд боловсролтой холбоогүй гэхээсээ холбоотой салбар, байгууллага байдаг юм уу гэлтэй бодлогыг барьдаг. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллээд ч сургуулийн тоо хүрэлцээгүй. Төгссөн сурагчид монгол хэлээ мэдэхтэй үгүйтэй. Төвшин тогтоох шалгалтад ташраараа унасан, тийм л үзүүлэлттэй шүү дээ.

Сургууль барих гэж төсөвт суулгадаг ч санхүүжилтийг нь царцаадаг.

Их, дээд сургуульд нь судалгаа, шинжилгээ хийх нь байтугай үйлдвэрлэлийн дадлагаа үлгэн салган хийлгэдэг. Төгссөн дипломтонгууд нь үйлчлэгч, худалдагчаас хэтрэхгүй чадвартай өрөвдөлтэй дүр зураг өнөөгийн боловсролын салбарын үнэн төрх нь.

Ийм болохоор монголчууд оюуны хоосролд орж, оройд нь олиггүй этгээдүүд гарахаас ч яах билээ. Өмнөд хөршийн хөгжлийн хурд хөнгөн араандаа хийсэн машин шиг давхиж байна. Харин бид ухрахаас өөр араагүй мэт тэднээс улам бүр алсарсаар гэх гунигт бодол эх нутгийн минь өвлийн жавартай нийлэн өмнөөс хүйтнээс хүйтэн үлээнэ… Дэлгэр Монгол нутагт минь хөгжлийн хавар хэзээ ирэх вэ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж