Базар, Максон бас Уильсон? (Цуврал 62)

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Базар, Максон бас Уильсон? (Цуврал 62)

Улаанбаатарын нэгэн зочид буудлын өрөөнд Англиас ирсэн геологичийг хэрцгийгээр хороожээ. Учиг гогцоо нь үл тайлагдах учир битүүлэг хэргийн араас хөөцөлдсөн цагдаагийнхны эрэл мухардлаа. Гэтэл говийн нэгэн жуулчны баазад дахин хоёр хүн алагдав. Нэг нь Америкаас ирсэн жуулчин. Нөгөө нь баазын менежер. Хохирогч үнэхээр жуулчин байсан уу? Аллагууд хоорондоо холбоотой юу? Аймшигт цуврал аллагын захиалагч хэн байв? Алтны нинжа энэ хэрэгтэй ямар холбоотой вэ? Мөрдөн байцаагч Нэргүй энэ хэргийн халуун мөрөөр мөшгинө. Английн Засгийн газраас энэ хэрэг дээр ажиллуулахаар томилсон туршлагатай мөрдөгч Дрю Улаанбаатарт хэдхэн хоноод алуурчинд барьцаалагдсан нь байдлыг улам ч ээдрээтэй болгож орхино. Английн детектив зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” нэртэй романы үйл явдал ийнхүү онц сонирхолтойгоор өрнөнө. Уг романыг бид орчуулан цувралаар хүргэж байна. Ээдрээт хэргийн араас хамтдаа мөрдөцгөөе.

“Мэргэжлийн хүн ийм бантан хутгана гэж үү?”

Максон тэвчээр нь барагдсан байртай толгойгоо сэгсэрлээ. “Энэ тухай шүүн тунгааж байх цаг алга, Нэргүй. Чамайг бүхнийг өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж чадна гэдгийг чинь мэдэж байна”

“Хагас хугасыг нь бол чадна аа. Чамд говьд очих чухал ажил байсан. Танайхан, британичууд, оросууд, канадууд, солонгосууд. Бүгд соёлтой, бүгд хууль ёсны бизнес эрхлэгчид. Гэхдээ асар их баялагтай энэ оронд бохир мөнгө угаах сайхан баг. Манай Засгийн газар үүнийг нь уухайлан дэмжиж байсан ч байж магадгүй. Энэ тоглоомд тэгээд бүгд ялагчид, тийм биз?”

Максон түүнийг нүд салгалгүй ширтэх авч Дрюгээс бууныхаа амыг огтхон ч холдуулсангүй. “Одоо боль, Нэргүй”

“Гэвч төлөвлөгөө та нарын бодсоноор хэрэгжээгүй. Хайгуулын ажил тэгтлээ бүтэлтэй байгаагүй. Нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон. Оросууд болоод манайхан энэ тухай та нарт хэлдэг байсан. Та нар, бас британичууд, канадууд сэжиглэж эхэлсэн. Хөрөнгө оруулалтынхаа тоог нэмээгүй”

Максон буугаа Дрюгийн толгойд улам ойртуулав. “За яахав. Би цааш нь үргэлжлүүлье. Танай энэ найз бидний юу ярьж байгааг ойлгож байгаа биз дээ. Бид бодит шалтгаангүйгээр хөрөнгө оруулалтыг нэмэхгүй гэдгийг оросууд мэдэж байсан. Тэгээд тэд нэмэлт хөрөнгө оруулалт хийснээ зарлаж, биднээс ашгийн өндөр хувь шаардаж эхэлсэн. Бид шахагдаж эхэлсэн”

“Гэхдээ энэ бүхнийг нөхөрсөг байдлаар тохиролцон шийдвэрлэж болно шүү дээ. Тэгээд ч манай Засгийн газар давуу эрхтэй болохоор эцсийн шийдвэрийг тэд гаргах ёстой”

Максон худлаа инээснээ “Тэр чинь л бидэнд зовлон болоод байсан юм. Миний шүүх хэрэг биш ч бидний талд ажиллах, биднийг дэмжих хүн олдохгүй байсан юм”

“Тэгээд л та нар өөрсдийнхөө санаачилгаар бүхнийг хийж эхэлсэн юм биз дээ?”

“Энэ миний ажил. Би бол ухамсарлуулан, зохицуулагч”

“Гэвч чи тэр ажлаа хийж чадсангүй, тийм үү? Харин чи Базарыг яаж олоов?”

“Чи өөрийнхөө чадлыг шал хэрэггүй зүйлд үрж байна, Нэргүй. Чи бол мэргэжлийн, чадварлаг хүн. Чи мөнгө хийж чадна. Хойд аймагт байдаг манай уурхайд ганцаараа галзуурсан горилла шиг дайрч орж ирэхэд нь би анх Базарыг олж харсан юм. Тэгээд түүний тухай олж мэдсэн. Тэр бидэнд амьдаараа байвал илүү хэрэгтэй юм байна гэж бодсон. Түүнийг хотод авчирсан. Би түүний талд байгаа гэдгийг итгүүлсэн”

“Чи тэгвэл хүн ятгахдаа тун гаргууд авьяастай юм”

“Тийм ээ. Тэгтлээ ч их хүч хэрэглээд байх шаардлага гараагүй. Өөрийгөө Америкийн Засгийн газрын төлөөлөгч, эндхийн уул уурхайд оросуудын нөлөөг сулруулах зорилготой ирсэн гэж худлаа ярьсан юм”

“Үнэнээс нэг ч хол зөрөөгүй л байна”

“Базар надад тэгтлээ их итгээгүй. Гэвч бидний зорьж байгаа эцсийн зогсоол нэг гэж тэр үзсэн. Түүний сонирхлыг татах зарим нэг зүйлийг цухуйлгасан л даа. Хэрэв чи хэн нэгэнд амин чухал хэрэгцээтэй зүйлийг өгч чадах цорын ганц хүн нь байвал тэр хүмүүс хэчнээн дуулгавартай болдог гээч. Гайхамшигтай”

“Чи энэ хэрэгт хэзээ ч оролцоогүй юм шиг хоцрох нь, тийм үү?”

“Яг үнэн. Базар миний хэн бэ гэдгийг үнэндээ мэдэхгүй. Энэ мэдэхгүй байх чинь хэрэг явдал буруугаар эргэлээ гэхэд хамгийн ашигтай зүйл”

“Оросууд тэгээд бүтэлгүйтэж эхэлсэн үү?”

“Үгүй шүү, харин ч эсрэгээр гээч. Бидний мөрөөдөж байснаас ч тэд хол явж чадсан. Тэд бол зэвүү хүрмээр зөрүүд новшнууд”

“Хамгийн анх олдсон толгой, гаргүй цогцос тэдний багийн нэг гишүүн байсан уу?”

“Тэдний геологичдын нэг. Тэр гайтай тооцоог боловсруулсан хүмүүсийн нэг. Энэ тэдэнд ойлгомжтой сануулга болох байх гэж санасан юм”

“Тэд гэтэл геолгичоо алга болсон тухай цагдаад ч мэдэгдээгүй. Ажил хэрэгт нь асуудал гарна гэж болгоомжилсон. Харин ч тэд та нарт адилхан байдлаар хариу өгсөн”

Максон толгой дохив. “Бид тэднийг дутуу үнэлсэн байна билээ. Биднийг бодох юм бол эхний сануулгыг авангуутаа л нам болно гэж бодсон юм”

“Тун гэнэн байна, Максон”

“Тийм ээ, би арай иргэнлиг нийгэмд ажиллаж сурсан шиг байна”

“Зочид буудлын дээврээс унасан хоёр дахь хохирогч танай хүн байсан уу?”

“Манай геологич. Сануулга гэдэг нь ойлгомжтой”

“Гэхдээ та нар сануулгыг тоогоогүй”

“Юу боллоо гэж авч хэлэлцэх юм. Тэгээд л дайн эхэлсэн. Бид Базарыг тэдний нэг хүн рүү зугуухан чиглүүлсэн. Бараг л удирдлагуудынх нь нэг”

“Гэр хорооллоос олсон цогцос байх нь. Харин хариуд нь тэд Рансомыг буудлынх нь өрөөнд алж орхисон. Рансом танай хүн байсан биз дээ?”

“Тэгэлгүй яахав. Тэдний боловсруулсан тооцооны тоо баримтыг судалж байсан юм. Рансом энэ салбартаа мэргэшсэн хүн байхгүй юү. Азгүй амьтан. Тэр энэ бүхэнтэй ер хутгалдаагүй, зүгээр л ажлаа хийж явсан юм шүү дээ”

“Та нарын алсан геологичдын талаар ч бас ийм дүгнэлт хэлж болно шүү дээ?”

“Тэд бол өөр. Тэд юу хийж байгаагаа сайн мэддэг байсан. Энэ хэрэгт хүзүүгээ хүртэл гүнзгий хутгалдсан хүмүүс”

“Дэлгэрбаяр яаж яваад үүнд хутгалдсан юм?”

“Тэд Рансомыг яаж олж мэдэж алсныг бид мэдээгүй. Хөөрхий арын албаны гэмгүй амьтан байсан юм, уг нь. Дэлгэрбаяр консорциумын талд ажилладаг байсан. Гэхдээ тэр зөвхөн бидний хэтэвчнээс үе үе хооллон, бохир ажил хийдэг хүн байгаагүй. Тэр бас оросуудад тусалдаг байсан юм. Юу болж байгаа талаар тагнуулдуулахаар тэд түүнд мөнгө төлдөг байсан. Хойд аймагт очиж зарим нэг зүйлийг тодруулчихаад говьд ирж тэдэнд хэлдэг. Байдал эвгүйтэхэд толгойгүй болно гэдгээ мэдээд тэр тун болгоомжтой, бас түгшүүртэй болсон байсан. Гэхдээ тэр Базарын тухай бага сага зүйл мэддэг гэдэг нь илэрхий анзаарагдсан. Тэр нь намайг зовоосон. Базарыг хэзээ ч золиосонд гаргахад бэлэн байсан л даа. Гэвч хэтэрхий их хүн хэтэрхий их зүйл мэдэж эхэлсэн. Говьд амтай болгон элдвийн цуу ярих болсон. Тэгээд бид Дэлгэрбаярын үхэл энэ үед тун тохиромжтой хариу болно гэж бодсон юм. Базарыг ятгахад ч ядах юм байгаагүй”

“Яагаад?”

“Нинжа нарын отгийг буулгасан хүмүүсийн ахлагчдын нэгээр Дэлгэрбаяр ажиллаж байсныг чи мэдэх үү? Дэлгэрбаяр Базарын аавыг алсан үгүйг мэдэхгүй л дээ. Гэхдээ тэгсэн байх боломжтой. Базар ч нэг их нотолгоо шаардаагүй”

Нэргүй толгой дохилоо. Базарын аавын ажиллаж байсан үйлдвэрийн байшингаас олдсон Дэлгэрбаярын аймшигтай зэрэмдэглэгдсэн цогцос түүний нүдэнд харагдав. Нуруугаар хүйт даасан айдас одоо ч хэвээр. Харин хохирогч, алуурчин хоёрын хоорондох ялгаа, энэ хэргийн шалтгаан түүний бодож байснаас өөрчлөгдлөө. “Энэ бүгдийн дараа бид говьд уулзсан байх аа?”

“Тэгсээн. Та хоёр гэж новшнууд тэнд очиж намайг гайгүй сайн айлгасан шүү. Оросууд Базарын мөрөөр орчихлоо л гэж санасан. Гэхдээ би бүх хэрэг явдлын гадна үлдэж чадсан л даа. Би манай хүмүүстэй амарч байсан Коллинстой хэдэн үг солихоор говьд ирээд байсан юм. Тэгээд уурхайханд харагдахгүй гээд баазад иртэл та хоёр давхиад очдог байгаа”

“Зүгээр л тохиолдол байсан юм. Дэлгэрбаярын л мөрөөр мөшгиж байсан хэрэг”

“Бусдын нүднээс нуугдах гэсэн хүн болгон л тийшээ очдог юм чинь. Чөтгөр ав, Нэргүй танай энэ оронд зугаацаж, наргичихмаар газар асар дутагдалтай юм шиг та нарт санагддаггүй юү? Би яг үнэндээ оросуудыг л биднийг мөшгиж байна гэж бодсон. Миний сэжиглэж байгаа зөв болж таарсан учраас зарим нэг арга хэмжээг авах шаардлагатай болсон. Баазад олон юм яриад яваа байгаа хоёр хүний амыг хамхих хэрэгтэй гэж бодсон. Баазын менежер, хэн билээ дээ, түүнийг ганц нэг хундага ууя гэж дуудсан юм”

“Батхуягийг зориуд урьсан юм уу?”

“Мэдээж. Батхуяг юу болоод байгааг гадарлаж байсан. Түүний нүд, чих хоёр хэрэгт хэтэрхий их дурлаад байсан л даа. Бас нэг цуу тараагч. Харанхуйд арилаад өгснийг минь намайг алахаар явж байгаа алуурчид мэдэхгүй хоцрох байх гэж тооцоолсон. Тэгээд ч зугтаж амжсан”

“Чи өөрийгөө мэргэжлийн гэж яагаад хэлснийг одоо ойлгож байна аа. Харин чи говиос яаж ирсэн юм?”

“Коллинсоор мотоцикль олуулсан байсан юм. Тэр хулгайлсан л байх. Хангалттай бензинтэй байсан. Тэгээд түүнийг унаад хойд зүгийг чиглээд давхисан даа”

“Өдийд тийм аялал хийнэ гэдэг эсрдэлтэй шүү”

“Магадгүй. Гэхдээ мэдэхгүй зүйл чинь чамайг хэзээ ч алдаггүй юм. Би бүх зүйлд үргэлж бэлтгэлтэй байдаг. Надад зүг чиг заагч байсан. Хойд зүгийг чиглээд тасралтгүй давхиад л байсан. Тэгээд л энд ирсэн”

“Ирээд Маклишийг хулгайлсан уу?”

“Оросууд миний араас мөшгиж байгааг би мэдэж байсан. Танай Засгийн газар надад тус болохгүй нь мэдээж. Тэгээд эндээс зугтахаар шийдсэн. Гэхдээ энэ тийм ч хялбар ажил биш. Тиймээс би Маклиш та хоёрын тухай бодож эхэлсэн. Чи намайг байгаа байдлаараа, ухаалаг төрхөөрөө, бусдыгаа бодвол элдэв асуудалд орооцолдоогүй цэвэр байдлаараа гайхашруулсан. Маклишийг харин надад хүссэнээ авахад тус болно гэж тооцоолсон”

“Гэхдээ чи яаж түүнийг олж, хулгайлсан юм?”

“Тийм ч хэцүү байгаагүй ээ. Том гэсэн бүх буудал руу утасдсан. Тэгээд “Чингис” зочид буудалд буусныг нь мэдсэн. Тэндээс гарч иртэл нь хүлээгээд араас нь дагасан. Элчин сайдын яаман дээр ирсэн. Шөнийн хүйтэнд гадаа маш удаан хүлээсэн. Дэмий хүлээж байна гэж бодсон л доо. Яагаад гэвэл машин ирээд та хэд бүгдээрээ суух гэж байгаа харагдсан юм чинь. Гэтэл тэр машинд суугаагүй. Тэгээд одоо хэдүүлээ уулзацгааж байна даа”

“Одоо яах гэж байна?”

“Маш энгийн. Чи Базарыг аваад яв. Алуурчнаа олсон гэж мэдэгд. Тэр хооронд чинь би Маклишийг харж хандаж байя. Тэгээд бичиг цаас бэлэн болгонгуут танай энэ ёрын орноос чинь арилаад өгнө”

Нэргүй Маклиш руу зэрвэсхэн харснаа “Энэ бүгдийг тийм ч амархан гэж бодохгүй л байна. Би цагдаагийн офицер хүн. Чамайг эндээс гарч явахад туслаж чадах болов уу даа. Тэгээд ч чамд итгэж болох үгүйгээ мэдэхгүй. Эндээс явлаа гэхэд эргээд Маклиш та хоёрын аль алийг чинь дахин харахгүй бол яана”

“Бурхан минь энэ чинь ямар гээчийн хувилбар вэ? Танай энэ хөгийн улсаас аль болох хурдхан шиг л зайлмаар байна. Энэ новшнууд надаас бараг ганц алхмын ард л мөшгиж явна. Эндээс зугтах боломжоо би юу гэж баллах юм. Харин чи л хурдан амжуулах хэрэгтэй. Танай хууль дүрэм ч дээ, та нартаа л болдог эд юм байгаа биз. Танай Засгийн газар оросуудын ард байгаа. Гэхдээ хамгийн сайн тохиролцоонд хүрэхийг л хүсэж байгаа. Хэрэв шаардлага гарвал манай хүмүүстэй ч өвөр түрийдээ ороход бэлэн. Гол нь хэнтэй нь хамгийн ашигтай тохиролцоо хийж чадах вэ гэдэг л. Одоохондоо ч яахав, оросуудтай сайхан л байх шиг байна” Тэр гэнэтхэн дуугаа хурааснаа инээмсэглэв. Энэ бүх яриаг ойлгосон шинжгүй, гөлийн сууж байгаа Маклиш руу харлаа. “Нэргүй, танай энэ хууль дүрэм хэнд хэрэгтэй юм бэ, ингэхэд? Чи Маклишийн амиар дэнчин тавьж байгаа болохоос өөрийнхөө амиар биш шүү дээ”

Сүүлийн үг сум шиг онолоо. Максон ухаантай юм гээч. Түүний хэлдэг зөв. Нэргүй цаг нөгцөөхийн тулд яриа өрнүүлж байх зуур Максон түүнээс нэг алхмын цаана сэтгэж байж. Дрю, тэр хоёрыг чухам юунд орооцолдсоныг эргэлзээнгүй ойлгуулах боломжийг тэр ашиглаж чадлаа. Нэргүйг хууль ёсных нь эсрэг хатгаад л. Тоглоомын хамтрагч болохыг зөвшөөрүүлж чадах цорын ганц товчлуур бол тэр. Нэргүй толгойгоо сэгсрээд Дрю рүү харлаа. Юу хэлэхээ мэдэхгүй, юу хийхээ ч мэдэхгүй.

Харин Дрю энэ үгийг ямар нэг түлхүүр мэт хүлээн авлаа. Гэнэт тэр хаанаас нь ийм хүч гарав гэмээр хүнд төмрөө чирэн Максон руу дайрлаа. Гэнэтийн дайралтад балмагдсан Максон арагшаа ухрав. Дээшээ тааз руу өөрийн мэдэлгүй хий буудлаа. Гэнэт хав харанхуй болж, Нэргүй юу харснаа, бас юу харагдахгүй болж орхив гэдгийг ч ухаарч амжсангүй. Тэрбээр буугаа гартаа атган, гэхдээ гал алдаж буудчихвий гэхээс сэрэмжилнэ. Нөгөө гараа халаасандаа шургуулан гар чийдэнгээ авлаа. Дахин нэг буун дуу цуурайтав. Дахиад бас. Хаа нэгтээгээс хэн нэгний өвдсөндөө дуу алдан хашгирах сонсогдов. Гурав дахь буун дуу. Чив чимээгүй боллоо. Нэргүй хананд тулж очитлоо шалаар өнхрөв. Юу болж өнгөрснийг мэдэх санаатай нүдээ хүчлэн, бас чихээ байдгаар нь тавилаа. Тэгээд аажуухан хөдөлж гар чийдэнгээ гарган, өөрөө эвхэрч суугаад, буугаа урдаа барин гэрэл тусгалаа. Өрөө анир чимээгүй. Чийдэнгийн гэрлээр өрөөн доторхийг тойрууллаа. Гэнэт өөр нэг чийдэнгийн гэрэл өрөөний хаа нэгтээгээс тусаж байгааг анзаарав. Максон хэвтэж байгаа харагдлаа. Цээжнээс нь цус урсана. Түүний хажууд Базар хэвтэнэ. Бууны суманд толгой нь бараг зад үсэрчээ. Тэдний цаана Дрю хэвтэнэ. Нэргүй түүнийг ч бас буудуулчихаж гэж бодлоо. Түүний царай нь цаас шиг цагаан болчихсон, бие нь салгалж байлаа. Гэвч Нэргүй түүнийг шархдаагүй байгааг хараад санаа нь амран уртаар санаа алдав.

Нэргүй хаа нэгтээгээс тусаж байгаа өнөө гэрлийн зүг өөрийнхөө гэрлийг тусгав. “Хэн бэ?” хэмээн эхлээд монголоор, дараа нь англиар асуулаа. Хариу нь англиар, Британи аялгаар. “Та нарыг сандаргасанд уучлаарай. Харанхуй болгох нь эрсдэлтэй ч гарцаагүй шаардлагатай байлаа” Өөдөөс нь хэн нэгэн дөхөн ирж явааг Нэргүй харж эхлэв. Нэргүй буугаа өргөн бэлэн байдалд зогсоно. Дөхөж яваа хүн мөн буугаа дээш өргөх авч ямар нэг муу зүйл хийх санаагүй байгаа нь илэрхий. Тэгж тэгж тэр хүн Нэргүйн чийдэнгийн гэрэлд орж ирлээ.

“Уильсон? Хүн алсны чинь төлөө таныг баривчлах хэрэгтэй гэдгийг мэдэж байна уу?”

Уильсон толгой дохилоо. “Хүссэнээрээ л бол, Нэргүй. Гэхдээ би баривчлахын оронд зүгээр л “Баярлалаа” гэж хэлэх болов уу гэж бодож байна шүү”

“Сүүдрээр алхагч” роман хэвлэгдэн гарлаа

Британийн зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” роман орчуулагч Б.Цацралын орчуулснаар хэвлэгдэн гарлаа. entertainment.news.mn сайтаар уг зохиолыг цувралаар уншдаг уншигчдад энэ нь тун таатай мэдээ байх болов уу. Ээдрээт хэргийн араас мөрдөгчийн хамт мөшгин адал явдалд хөтлөгдөхийн хажуугаар өнөөгийн Монголын нийгмийг өөрийн нүдээр зураглан дүгнэсэн зохиолчийн сонирхолтой үгсийг унших боломжийг энэ ном олгоно.

“Энэ бол нэн сонирхолтой роман. Монгол орныг зурагласан дүрслэл нь баялаг бөгөөд сэтгэл татам” хэмээн Британийн “Индэпэндэнт” сонинд бичжээ. АНУ-ын “Лайбрари журнал” харин “Эрдэс баялаг, бизнесийн төлөөх өрсөлдөөн хүчтэй давалгаалж эхэлсэн төдийлөн танил бус орны тухай төсөөллийг Уолтер бидэнд өгсөн байна” гэсэн юм.

“Баялаг гэдэг хэмжээтэй. Гэсэн ч яг одоохондоо дуусахгүй мэт санагдах арвин нөөцтэй нутагт урьд хожид авч байгаагүй их алт олборлож, үүнээс ашиг, хувь хүртэхээр хошуурцгааж байна” гэсэн мөрүүд уг номд бий. Зохиолчийн сэтгэлд манай орон ийнхүү бууж. 2006 онд бичигдсэн ч энд дүрсэлсэн энэ мэт нийгмийн үзэгдэл өнөөдөр бидний тархи, зүрхийг өргөс мэт хүчтэй өвтгөх болсон. Тиймээс уншигчдын сэтгэлд лавтайяа нийцэх буй за.

“Сүүдрээр алхагч” номыг “Интерном”, “Мир”, “Билиг”, Улсын их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүрүүдээр борлуулж байна. 1617 болон suudreeralkhagch@yahoo.com хаягаар номын захиалга өгч болох бөгөөд үнэгүй хүргэж өгнө.

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж