2700 төгрөг хүрээд байсан ам.долларын ханшийг Монголбанк Баасан гаригийн үдээс хойш 72 сая ам.долларын интервенц хийж 200 төгрөгөөр буулгалаа. Энэ удаагийн ханшийн огцом өсөлт нь “хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй” хэмээн үзэж байгаагаа Баасан гаригт олон нийтэд мэдээлсэн. Зөвхөн Монголбанк ч биш эдийн засагчид, шинжээчид ч “энэ өсөлт эдийн засгийн агуулгагүй” гэдэгтэй санал нэг байгаа юм. Тэгвэл энэ зориудын хөөрөгдөл нь зөвхөн ашиг олох зорилготой, зохион байгуулалттай үйлдэл үү. Ханшийн энэ зөрөөнөөс хэн хожив? Арилжааны банкууд болон валютын захын наймаачдыг хардахаас аргагүй. Энэ субъектууд үгссэн бол яах вэ? Шатахуун импортлогчдыг үгсэн үнээ нэмсэн хэмээн ШӨХТГ-аас торгууль ногдуулж байсныг санаж байгаа байх. Тэгвэл ханшийн зөрөөн дээр тоглож, хөрөнгөө зузаалсан хүмүүст хариуцлага ногдохгүй юу? Долоо хоногийн өмнө 3600 төгрөг байсан жимсний шүүс 6600, 120000 төгрөг байсан өвлийн гутал 140000 төгрөг болжээ. Тайлбар нь “долларын ханш өссөн”. Ядарсан иргэдийг улам хоосолж, чадаж байгаа нэг нь хөрөнгөө зузаалах нь шударга биш. “Зовлон болоход лам таргалж, зуд болоход боохой зоолдог” гэж ярьдаг бол “Доллар өсгөж бид зоолно” гэсэн тооцоотой хүмүүс улам амтшиж байна. Арилжааны банкуудын энэ авир эцэст нь иргэдийн бодлыг өөрсдийнхөө эсрэг хандуулахад хүргэдэг. Гаднын банк зөвшөөрөл хүссэн сургаар “дотоодын банкнуудын эзэрхийлэлд цэг тавья” гэсэн давалгаа нийгэмд хүчтэй явсаныг санаж байгаа байх.
Сүүлийн нэг сарын хугацаанд зугуухан боловч тасралтгүй чангарч байсан валютын ханшийг бууруулах нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эн тэргүүний зорилт болсон. Тиймээс ч өнгөрсөн Лхагва гаригийн ээлжит хуралдаанаараа валютын ханшийн өсөлтийг тогтоон барих хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөснөө зарлав. Тухайлбал, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох, арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах, мөн валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах зэрэг эхний ээлжийн арга хэмжээ авлаа. Гэхдээ гадаадын ЭСЯ-дын визний хураамжийг төгрөгөөр авдаг болох нь санаснаар болох эд биш. Учир нь, 2009 онд батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэр” гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол Улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол Улсын газар нутгийг ойлгоно” хэмээн заасан байгаа. Энэхүү хуулиар Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа аливаа гүйлгээ үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийгдэнэ гэж заасан хуулийн энэ заалт хэрэгждэггүйг захаас аван хэлэх хүн олон.
Монголчуудын амьжиргаа хоёр зүйлээс хамааралтай болсоор удаж байна. Эхнийх нь ам.доллар, хоёр дахь нь шатахуун. Аль алинийг Монгол улсын газар нутаг дээрээс босгох боломжгүй. Энэ хоёрын үнэ өслөө гэхэд монголчуудын халаасан дахь мөнгө тэр хэмжээгээр хорогдож эхэлдэг.
Ам.доллар Монголд орж ирэх л хоёр л зам бий. Монголоос экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнийн төлбөр, мөн гадаадын хөрөнгө оруулалт. Монголын экспортын бүтэц ядмаг байсаар ирсэн. Мал аж ахуй болоод уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, ноолуур, арьс шир, зэс, жонш. Сүүлийн жилүүдэд нүүрс нэмэгдсэн ч нүүрсний үнээ дэлхийн зах зээлийн ханшаар борлуулж чадахгүй байгаа. Сонгуулийн ялалтаас өөр зүйл боддоггүй манай эрхэм төрийн түшээдийн “мэргэн” ухаанаар бид ийм гачланд орчихоод байгаа. “Чалко”-гийн гэрээ гэж ярихаар ойлгох биз. 2014 онтой харьцуулахад Монголоос экспортолсон нүүрсний хэмжээ нэмэгдсэн ч үүнийхээ үнэнд бидний авсан мөнгөний хэмжээ эсрэгээр буурсан нь “мэргэн” бодлогын үр дүн. Одоогоос гурван долоо хоногийн өмнө Ройтерс агентлаг монголчууд Хятадын нүүрсний зах зээлд австраличуудаас хамаагүй чанартай нүүрсийг хямдаар борлуулж байгаа тухай нийтлэл гаргасан. Уг нийтлэлээс эшлэвэл “Монгол улс энэ жилийн эхний найман сард Хятад улсад 12,78 тонн коксжсон нүүрсийг нийлүүлсэн бөгөөд үүнийг 2015 онтой харьцуулахад 51,7 хувиар өссөн байна. Харин эсрэгээрээ Австрали улсаас 18,75 тонныг импортолсон нь 8,5 хувь өссөн дүн юм. Эдгээр тоон үзүүлэлт нь Хятадын төмөр үйлдвэрлэгчдэд Монголоос худалдаж авах нь тээврийн зардлын хувьд илүү хямд болохыг тодорхой илтгэж байна. Наймдугаар сарын гаалийн мэдээнээс харахад Австралийн нэг тонн коксжих нүүрсийг тээвэрлэх үнэ 93,92 ам.доллар байхад далайд гарцгүй, хөрш болох Монгол улсад ердөө 34,20 ам.доллар байна” гэсэн байсан.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд 2012 онд МАН-АН-гийн хамтран гаргасан хуулийн “ачаар” Монголд ажиллая хэмээн ам.доллараа бариад ирсэн гаднынхан бараг бүгд үргэсэн бөгөөд одоо тэднийг эргэн ирэхийг урьж залсаар байгаа ч хаврын тэнгэр шиг ааштай Монголын төрд тийм амархан итгэж ирэхгүй бололтой.
Валют орж ирэх цөөхөн сувагтай Монголын хувьд байгаа цөөн сувгаа хайрлаж, халамжилж байх учиртай ч эдийн засгийн шийдвэрийг улс төрийн өнцгөөр харж шийдэж байгаа нь байдлыг улам дордуулж байна. Зургадугаар сард явагдсан УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчдын саналыг худалдан авах зорилготой их хэмжээнхий бэлэн мөнгө тараасан. Үнэндээ энэ бол сонгууль болгоны өмнө эрх баригчдын хийж чаддаг аргын нэг, ганцхан АН ч мөнгө хэвлэчихсэн юм биш. Шинээр гарч ирсэн эрх баригчид өрсөлдөгчөө намнах тактикийг түрүүнд тавьсанаас биш тэдний амнаас гарч байсан сүржин мэдэгдлүүд зах зээлд тэсрэх бөмбөг болж тусахыг бодолцсонгүй.
Холбоотой мэдээ