Бүрдийн ”Төв цэг” олимп судлалын танхимд зочлов

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Бүрдийн ”Төв цэг” олимп судлалын танхимд зочлов

“Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” гээд олон найраглал нь Монголын утга зохиолд томоохон байр суурийг эзэлсэн Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн Бүрд сумын дунд сургуульд Монголын Үндэсний олимпийн хорооны багийнхан арваннэгдүгээр сарын 10-ны өдөр зочиллоо. Энэхүү багт МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, ҮБТДСургуулийн захирал, доктор Л.Алтанцэцэг, багш, дасгалжуулагч Б.Уранчимэг, МҮОХ-ны Олимпийн сургалт, сурталчилгааны албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Говьсүмбэр аймгийн “Антверпин” олимпийн зөвлөлийн арга зүйч Б.Буянтогтох нарын албаны хүмүүс багтсан юм.  

Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд орон нутаг дахь олимпийн танхимын үйл ажиллагаатай танилцаж эхлээд байна.

Монгол Улсын даян аварга “Их монгол” Шаравжамц, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн зэрэг алдартнуудын өлгий нутаг Бүрд сумын Ерөнхий боловсролын сургуульд өдгөө 1-12-р ангийн 300 гаруй хүүхэд суралцаж байна. Бид эхлээд Улсын начин, жүдо, самбо бөхийн спортын мастер Д.Даваасүрэнгийн нэрэмжит "Төв цэг" олимп судлалын танхимаар зочилсон юм.

"Бөртэ чоно 2015" шилдэг олимпийн танхим болсон энэхүү танхимын арга зүйч багшаар Д.Батчимэг, М.Гантулга нар ажиллаж байна. Сурагчдад олимпизмийн талаарх мэдээллийг сонирхолтой хэлбэрээр өгч, шинэ мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг зорьдогоо багш нар хэлж байлаа. Цаашид бусад аймгийн олимпийн танхимтай туршлага солилцох, сурагчдын идэвхийг сайжруулахын тулд шинэлэг арга барилыг авч ажиллах аж.

Улсын начин, жүдо, самбо бөхийн спортын мастер Д.Даваасүрэнгийн нэрэмжит "Төв цэг" олимп судлалын танхиматай танилцсанаа дараа бид "Үдийн цай" уух хөтөлбөрийг сонирхсон юм.

Сургуулийн дотуур байранд байрлах гал тогоонд үдийн цай уух ээлж таарлаа. Энэ үеэр бидэнтэй 5-р ангийн сурагчид үдийн цай уусан юм. Тэд цай уух зуур олимпийн мөнгөн медальт, Ардын багш Ц.Дамдин, доктор Л.Алтанцэцэг гээд холоос ирсэн зочидтой ярилцаж, хотын сониноос ч дуулаад авлаа. Олон алдартнуудтай Бүрд нутгийн сурагчид олон сайхан хүсэл мөрөөдлөө хуваалцлаа.

"Үдийн цай" уух хөтөлбөрийг сонирхсон бид сургуулийн ХҮНДЭТГЭЛИЙН ТАНХИМД зочиллоо. Бүрд сургуулийн 70 жилийн ой 2010 онд тохиосон бөгөөд тухайн жил энэхүү танхимыг байгуулжээ. Үе үеийн төгсөгчдийн түүх болсон энэхүү танхимыг 1988 оны төгсөгч Г.Баянмөнхийн санал санаачлагын дагуу зураач, дизайнер Г.Энхтайван загвар дизайн гаргаж, багш, ажилчид, төгсөгчдийн хандиваар нээсэн байна. Тус танхимд үе үеийн төгсөгчдийн зургийн альбомоос эхлээд ховор зүйлсийг хадгалдаг аж. Мөн сургуулийн төгсөгчдийн бахархал болсон энэхүү танхимд хамгийн нандин бүхнээ дэлгэн тавьжээ.

Бага ангийн сургалтын менежер Д.Батцэцэг хэлэхдээ "Монгол Улсын төв цэгт орших Бүрд сумаас олон алдартнууд төрөн гарсан. “Их монгол” Шаравжамц, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гээд олон алдартнуудын өлгий нутгийн бидэнд илүү их эрч хүч, цоглог байх хүсэл тэмүүлэл байдаг. Энэ танхимд төгсөгчдийн ховор нандин зүйл их бий. Үе үеийн төгсөгчдийн фото агшнаас эхлүүлээд дурсамж сэргээх олон баримтууд байдаг. Бид "Хүндэтгэлийн танхим-2" гэсэн дараагийн танхимыг байгуулахаар бэлтгэж байгаа." гэсэн юм.

Бага ангийн сургалтын менежер Д.Батцэцэг. Тэрээр Бүрд сургуулийн захирлаар 10-аад жил ажиллажээ.

Бүрд сургуулийн Хүндэтгэлийн танхимд зочилсны дараа сурагчидтай чөлөөт уулзалт хийж, урлагийн тоглолтыг сонирхон бидний хоёр цагийн уулзалт маань өндөрлөсөн.

Хүүхэд бүхэндэ БИ ЧАДНАА гэсэн итгэлийг өгч

Хүүхэд бүхнийхээ авьяасыг нээн илрүүлэхийн төлөө

Хүүхэд нэг бүрийнхээ төлөө ЗА хэмээн цаг наргүй ажиллаж байна гэдгээ Бүрд сургуулийн багш нар бахархан ярьж байлаа.

 

3-р ангийн сурагч Ч.Саруул-Эрдэнэ, 7-р ангийн сурагч Б.Эрхэмбаяр, 11-р ангийн сурагч Ч.Балжинням

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж