Төсвийн алдагдал 2 их наяд 320.4 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал 2 их наяд 320.4 тэрбумд хүрчээ

Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний 10 сарын үзүүлэлтийг өнөөдөр /2016.11.14/ Үндэсний статистикийн хороон /ҮСХ/-оос танилцууллаа.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ орлогоосоо давж, төсвийн алдагдал хоёр их наяд 320.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Тодруулбал,  Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний 10 сард зургаан их наяд 814.7 тэрбум  төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс  нэг их наяд  400 тэрбум төгрөгөөр өсчээ. Улсын өр өнгөрсөн оноос илүү нэмэгдэх болсон шалтгаан нь  урсгал зардал 758 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 442 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 138 тэрбумт хүрч өссөн нь нөлөөлсөн гэж ҮСХ-ны шинжээч тайлбарлалаа.

ҮСХ-ноос гаргаж буй оны эхний 10 сарын төсвийн алдагдлын мэдээллийг өнгөрсөн есдүгээр сарынхтай харьцуулахад нэг сарын дотор 268.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 2016 оны эхний есөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ хоёр их наяд 51.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан юм.

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 84.4 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 84.4 мянган төгрөгөөр буурлаа. Үүнд цалин хөлсний орлого 28 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37.7 мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлснийг шинжээч онцоллоо. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага энэ оны гуравдугаар улиралд 926.2 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.4 мянган төгрөгөөр буурсан байна. 

Ажиллах хүчний судалгааны 2016 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам нэг сая 263.2 мянга болж, 681.4 мянга нь эрэгтэй, 581.8 мянга нь эмэгтэйчүүд байна.  Харин улсын хэмжээнд ажилгүй иргэд 118.8 мянга болж, 72.7 мянга буюу 61.2 хувь нь  эрэгтэйчүүд, 46.1 мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин гуравдугаар улиралд 9.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр өсч, өмнөх улирлаас 1.0 пунктээр буурлаа.

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж