УИХ зардлаа танаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2016.11.14-нд нийтлэгдсэн

УИХ зардлаа танаж чадсангүй

УИХ 2017 оны төсвийг 2.4 их наядын алдагдалтай баталснаар төв банкны зүгээс бодлогын хүүг бууруулах арга хэмжээ авах боломжгүй болголоо.

Валютын ханшийн өсөлтийг хазаарлахын тулд төв банк өнгөрсөн есдүгээр сард бодлогын хүүгээ 4.5 пунктээр өсгөн, 15 хувьд хүргэсэн байдаг. Дээрх арга хэмжээний дүнд валютын тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж чадсан ч хатуу бодлогыг удаан үргэлжлүүлэх нь эдийн засагт агшилт авчирах эрсдэлтэй тул алгуураар зөөлөн бодлогод шилжих болно гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч хууль тогтоогч нарт мэдэгдээд байсан юм. Гэвч ирэх оны төсөв алдагдал өндөртэй батлагдсан нь төв банк бодлогын хүүгээ бууруулна гэж хүлээх итгэлгүй болголоо.

Аудитын ерөнхий газраас 2017 оны төсвийн хуульд дүн шинжилгээ хийгээд төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай тухай зөвлөмж өгсөн нь бодит эдийн засгаа боомилох шийдвэрийг УИХ гаргаж болохгүй гэдгийн дохио байсан юм. Харамсалтай нь, хууль тогтоогчид Монголбанкны ерөнхийлөгчийн үгийг ч бодолцсонгүй, Аудитын ерөнхий газрын зөвлөмжийг ч тоосонгүй, хатуу төсөв баталснаар баялаг бүтээгчид дахиад л хүнд нөхцөлд зүтгэхээс аргагүй боллоо.

Уг нь УИХ-аар 2017 оны төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Алдагдлыг 6 хувь руу буулгахаар ажиллаж байна” гэж мэдэгдсэн ч амлалтдаа хүрч чадсангүй. Үндсэндээ УИХ 2017 оны төсвийн алдагдлыг бууруулахад толгойгоо ажиллуулсангүй, ажиллуулах зүрх сэтгэл ч гаргасангүй. Ядаж л дэд сайд нараа цомхотгож, төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 5 хувиар бууруулчихад алдагдлын хэмжээ буурах байв.

Нөгөөтэйгүүр, эдийн засаг нь хүнд, гадаад, дотоод зээлийн өр төлбөр хийх өдөр нь ойртож байхад ахмадуудад “Насны хишиг” хүртээхээр хууль хэлэлцээд сууж байгааг ойлгохын арга алга. 65-аас дээш настай ахмадуудад сар тэтгэврээс нь гадна насны хишиг олгоход 20 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан.

Тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэггүй ахмад настнууд олон бий ч, бололцоотой хэсэг бас бий. Хүүхдийн мөнгийг хөргөгчтэй, хөргөгчгүйгээр нь ялгаж зааглан, нэг хэсэгт нь бэлнээр 20 мянган төгрөг өгөхөөр, нөгөө хэсэгт нь хадгаламжид нь байршуулахаар болж, алагтай цоогтой үзэх хэрнээ ахмадуудыг гуйгаагүй байхад нь насны хишиг олгох гээд төсөвтөө дарамт учруулж суугаа 65-ын бүдүүн бүлгийнхний гаргалгааг ер ойлгохгүй юм.

Эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцвол төсвийн алдагдлыг бууруулах хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хувийн хэвшлүүддээ бизнес хийх орчинг нь бүрдүүлэхийн тулд дээр дурдсанчлан төв банкийг бодлогын хүүгээ бууруулах нөхцөлөөр хангаж өгөх ёстой байв. Бодлогын хүүг бууруулаагүй нөхцөлд баялаг бүтээгчдэд өндөр хүүтэй зээл олдоно. Энэ хүнд цаг үед өндөр хүүтэй зээл авсан нь шатахаас биш ашиг хийх боломжгүй. Эцсийн дүндээ татварын орлогыг хувийн хэвшлийнхэн л бүрдүүлдэг. Гэтэл бодлогын хүүг бууруулах боломжийг олгоогүй байж, халамжийн хөтөлбөрүүдийнхээ тоог нэмэх нь төсөвтөө улам л дарамт учруулахаас өөр нэмэр алга.

Хоёрдугаарт, 2017 он гарангуут Монгол Улс 1.3 их наядын гадаад төлбөр төлөх ёстой. Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад дээрх төлбөрийг хийх боломжгүй тул Хятад, АНУ, Япон, Орос, Олон улсын валютын сан гээд зээл өгчих боломжтой ямар орон, олон улсын байгууллага байна, тэр бүгдэд хандаж байна. Гэвч алдагдал өндөртэй төсөв баталчихсан улсад хэн итгэл хүлээлгэж зээл өгөх юм бэ?. Нэг бол төсөвтөө тодотгол хийж, алдагдлаа бууруулах, эс бол зээл авах боломжгүй болж, хаалга хаагдана.

Уг нь гаднаас авсан зээлээ хамгийн хэрэгцээтэй төсөлдөө зарцуулбал эдийн засагт өгөөж нь өндөр тусах ёстой ч, одоогийн нөхцөлд ямар ч боломжгүй болсон. Авсан зээлээ өмнө авсан зээлийг дарахад л зарцуулна. Гадаад зах зээлд бонд гаргая гэхэд мөн л төсвийн алдагдал нь өндөр, гадаад, дотоод өр ихтэй болсон учраас Чингис бондыг босгож байсан үеийнх шиг таатай нөхцөл олдохгүй болж таарч буй.

Чингис бондыг 4.5-5.5 хувийн хүүтэйгээр босгосон бол одоо гадаад зах зээлд бонд гаргахад 10 гаруй хувийн хүүтэйгээр босох тооцоо бий. Ийм нөхцөлд 4.5-5.5 хувийн хүүтэйгээр олдсон зээлээ 10 гаруй хувийн хүүтэй санхүүжилт босгон төлөх нь асар их алдагдлыг үүрүүлэх учраас жилийн 2 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай хөгжлийн зээл олгох хүсэлтийг Засгийн газар хөршүүддээ тавьсан болов уу.

Гэтэл УИХ-ын төсөв баталсан байдлыг хар. Зээл авах боломжгүй, Монголбанк бодлогын хүүгээ бууруулах боломжгүй төсөв баталж өглөө. УИХ-д бодлого байна уу?.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж