УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.08/ болж, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Төв аймгийн нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барих ажил 2015 онд эхэлсэн юм. Гүйцэтгэгчээр нь Японы “Мицубиши” шалгарч, барилга байгууламжийг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажлаа эхлүүлж байсан.
Зам тээврийн хөгжлийн сайдын мэдээллээр бол 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ний байдлаарх шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 99.4 хувьтай байна. Үүнд, онгоц хөөрч буурах зурвас, явгалах зам, зорчигч үйлчилгээний барилга, онгоцны зогсоол, гүүрэн байгууламж, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, гал унтраах аврах албаны барилга, ус цэвэршүүлэх болон бохир ус цэвэрлэх байгууламжууд, дулааны станц, шатахуун хангамжийн иж бүрэн байгууламж, дэд өртөө, үерийн хамгаалалт, далан суваг, мэдээлэл холбооны сүлжээ, нисэх хамгаалалтын төмөр бетон ган хийц бүхий барилга байгууламжийн ажлууд үндсэндээ дуусчээ. Эдгээр ажлыг ашиглалтад өгөх дүгнэлт гаргах комисс ажиллаж эхэлсэн.
Харин хоёр талын эх үүсвэр бүхий 110 квт-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станц байгуулах, Улаанбаатар хотоос интернэт холбоо мэдээллийн шилэн кабель татах, Улаанбаатар хотоос шинэ нисэх буудал хүртэл хурдны зам тавих, үерийн хамгаалалтын далан, захиргааны барилга, аэродромын засвар үйлчилгээний барилга барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих үүргийг Монголын тал хүлээсэн байна. Эдгээрээс захиргааны барилга, ачаа тээврийн шуудан үйлчилгээний барилга, аэродромын засвар үйлчилгээний барилгуудыг Монголын “Би эйч би” компани гүйцэтгэхээр Зам тээврийн яамтай гэрээ байгуулан 2016 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлж байсан, ажлынх нь гүйцэтгэл 29.3 хувь буюу 4.4 тэрбум төгрөгийн ажлыг компани өөрийн хөрөнгөөр хийсэн, санхүүжилт хийгдээгүйн улмаас ажил зогсчээ.
Хурдны замыг БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэж буй аж. Ажлын гүйцэтгэл 32 хувьтай, ирэх онд багтаан авто замыг барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж буй аж.
Дээрх мэдээллийг сонссоны дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороход хөөргөх агаарын хөлөг нь Монголд байна уу. МИАТ компани агаарын хөлөг зээлээр авсан, төлбөр төлөхөд хүндрэлтэй байгаа талаар яриа сонсогдох болсон. Үүнд хариулт өгөөч гэв.
Зам тээврийн сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын тайлбараар бол МИАТ компани таван ч агаарын хөлгөөр нисэх үйлчилгээ үзүүлж байна. Агаарын хөлгийг зээл тавьж авсан байдаг. Зээлээ Хөгжлийн банк, улсын төсөв, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр төлөөд явж байна. Зуны улиралд олох орлого нь өсдөг бол өвлийн улиралд буурдаг. Иймээс энэ үед дэмжлэг хэрэгтэй байгаа.
МИАТ компанийн онгоцыг өвлийн улиралд нойтон түрээсийн журмаар ашиглах бодлого барьж буй аж. Мөн МИАТ компани улсын төсвөөс зээл авсан байсан, үүний хүүг нь 0 лэх санал гаргажээ.
УИХ-ын гишүүн Л.Болд: Шинэ нисэх онгоцны буудал 2017 оны тавдугаар сард ашиглалтад орох тухай яригдаж байсан ч хойшилж магадгүй нь. Яг хэзээ ашиглалтад орох вэ гэв.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтад орох хугацаа таван сар, графикаараа. Амжуулахыг хичээж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд: Хурдны зам хугацаандаа ашиглалтад орох юм уу?
Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх онгоцны буудлын обьект нь өөрөө агаарын хөлгийг хүлээн авах хэмжээнд очин ашиглалтад орох бүрэн боломжтой. Хурдны замын хувьд ажил нь орой эхэлсэн, ирэх онд багтаагаад ашиглалтад оруулчих боломжтой гэж үзэж байна. Ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа нь 2018 он гэж заагдсан байдаг.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Агаарын орон зайг ашиглаж орлого олох боломж хэр байна вэ?
Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Агаарын орон зай сийрэг. Орон зайн давуу байдлаа ашиглаад валют олох боломж байгаа нь үнэн. Агаарын орон зайн зайг багасгаж 90 км-ыг 30 км болгосоноор Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх онгоцны тоо 9.3 хувиар нэмэгдсэн. Энэ хэмжээгээр валют нэмэгдсэн. Хөрш зэргэлдээ Хятад улсад 3000 гаруй агаарын нисгэгч шаардлагатай байдаг. Япон зэрэг улсууд манай агаарын орон зайг ашиглаж, бага оврын онгоцны нисгэгч бэлтгэх боломж байдаг. Бид агаарын орон зайгаа ашиглаж валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хятадтай энэ талаар хамтарч, хаалгаа нээвэл Европыг чиглэж байгаа Солонгос болон Японы онгоцууд манай улсын зүүн талаар дайран өнгөрөх боломжтой. Өнөөдрийн байдлаар жилд 90 мянга орчим онгоц өнгөрч байна. Энэ тоог бид 100 мянга руу дөхүүлэх зорилт тавиад ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Н.Чинзориг: -Бодлогын бичиг баримтын хэрэгжилт ямар байна вэ. Монголын талын шинэ нисэх буудал ашиглалтад орвол Монголын талын 49 хувийн санхүүжилт шийдэгдсэн үү. Та сайдаар томилогдсоноос хойш иргэний нисэхийн байгууллагуудад томилгоо хийв үү. ИНЕГ-ын дарга таны удирдлагад орохгүй, дээгүүр толгойлж байна гэсэн яриа байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?
Д.Ганбат: Бодлогын баримт бичиг батлагдаад 3 жил болж байна. Агаарын болон төмөр замын тээврийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Иргэний агаарын тээврийн бодлогын баримт бичигт ойрын үед өөрчлөлт оруулна. Ингэхгүй бол 2020 онд гүйцэтгэл гаргахдаа баахан биелэгдээгүй асуудалтай тулгарна. Иргэний агаарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө боловсруулаад явж байна. Шинэ нисэх буудлын концессийн 49 хувийг хэрэгжүүлэхийн тулд манай тал 17.1 сая ам.долларыг гаргах ёстой. Санхүүжилтийн асуудал нь шийдэгдээгүй байна. Бид Японы талтай хэлэлцээр хийж, зээл авах асуудал тавьсан. Төсөвт тусгагдаагүй байна. Зам, тээврийн салбарт бүтэц хийсэн. Иргэний нисэхийн салбарт мэргэжлийн боловсон хүчнээр хангах бодлогыг барьж ажиллаж байгаа. Удирдах, удирдуулах ёс манай салбарт хэвийн үргэлжилж байгаа. Танд ИНЕГ-ын дарга миний толгой дээр алхаж байна гэж яриагүй гэсэн хариулт өгсөн юм.
Эдийн засгийн байнгын хорооны хурал өндөрлөөд байна.
Г.ДАРЬ