Гадаадад байгаа Монголчуудын нэг том асуудал бол хүүхдийн хүмүүжил буюу хүүхэдтэйгээ хэрхэн харьцах байдаг. Учир нь Монгол хүүхэд өөр орны соёлд хэрхэн уусаж бас өөрчлөгдөж байгаа болон мөн өөрчлөгдөхгүйгээр үлдэж байгаа чанаруудын тухай ямар ч судалгаа болон мэдээлэл байдаггүй.
Бага насны Монгол хүүхдүүд Солонгос хэл соёл сурч байгаа ч Солонгос хүүхдүүдээс тэс өөр бас Монгол хүүхдүүдээс ч өөр хүмүүжилтэй болон өсөж байна. Сонин юм шиг санагдаж байвч гадаадад байгаа олон Монголчууд болон гэр бүлүүдийн талаар анхаарч судлах цаг болсоныг харуулж байна.
Солонгост бага насны хүүхдийг цэцэрлэгт байхад нь болон 1-3 ангид нь бол маш чөлөөтэй байлгаж багш нартаа бараг загнуулж ч үзээгүйгээр хүүхдүүд өсдөг. Ийм орчинд өссөн Солонгос хүүхдүүд дураараа өөрийнхөөрөө бусдыг сонсдоггүй мэт байдаг ч тус улсын соёлд ах эгч гэр бүлийнхэн настай хүмүүсийг хүндлэх тал дээр хатуу уламжлал байдаг. Энэ уламжлалаа дагаад өөрөөсөө нэг сар ах байсан ч ахаа гэж хүндэтгэлийн үг хэрэглэж ярина, өөрөөс нь настай хүнтэй заавал хүндэтгэлийн үг хэрэглэж бөхийн мэндэлж хэлсэн үгийг нь сонсдог гэх мэт соёл уламжлал нь хүүхдүүдийг хүмүүжилийн тал руу хандуулж өгдөг.
Харин Солонгост өсөж байгаа Монгол хүүхдүүд бол бага насандаа дураараа хүндлэлгүй өөрийнхөөрөө өсөөд энэ байдал нь дарагдах ямар нэг соёлын болон гэр бүлийн хүмүүжил дутагдах үед үеийн Солонгос хүүхдүүдээс илүү дэг журамгүй бусдыг хүндэлдэггүй өөрийгөө бодсон хүн болж тогтох хандлагатай байдаг.
Монгол хүүхэд боловч Монгол соёлд өсөөгүй Солонгост өссөн боловч Солонгос соёлд дарагдаагүй ийм хүүхдүүд өөрсдийн хувь хүнээ яг хэн гэж тодорхойлж чадахгүй байдалд хүрээд энэ асуудал эцэг эхчүүдэд ч бас хүндхэн шийдэж чадахгүй даваа болж байна.
Зөвхөн Солонгост ч биш бусад гадаадад байгаа Монголчуудад ч иймэрхүү гадны соёл доторх хүмүүжлийн асуудал тулгарч байгаа гэж бодож байна.
Энэ асуудал дээр судалгаа хийж тодорхой зөвлөмжүүд гаргах шаардлагатай байна.
Удахгүй гадаадад төрсөн Монголчуудын нэг шинэ үе айсуй гэхдээ тэд биднээс хэр өөр байх бол…