УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан өнөөдөр Төрийн ордонд /2016.11.08/ “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 7 цэвэрлэх байгууламж ажиллаж байгаа аж. Анхных нь 1964 онд ашиглалтад орсон байдаг. Мөн дээрх цэвэрлэх байгууламжаас хамгийн асуудалтай нь “Харгиа” болсон. Хоногт 160.000-170.000 куб ус цэвэрлэх хүчин чадалтай ч 190.000-210.000 бохир ус цэвэрлэдэг. Техник, технологи нь эвдэрч хуучирснаас тогтмол доголдол үүсдэг. Мөн лаг нь хүний эрүүл мэндэд хортой. АСЕМ зохион байгуулагдах үеэр хэсэг хугацаанд лагийн үнэрийг дарсныг эс тооцвол буцаад хуучин байдалдаа оржээ. Иймээс төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих нь тулгамдсан асуудал болж хувирсан аж. Гэвч хаанаас хөрөнгө босгож төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх вэ гэдэг одоо ч шийдэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар төв цэвэрлэх байгууламжийг шинээр барина гэдгээ тодорхой болгож өгвөл Мянганы сорилтын сангаас 250-260 сая ам.доллар татах боломж бий аж. Энэ нь буцалтгүй тусламж хэлбэрээр ирэх боломжтой. Дээрх мэдээллийг хэлэлцүүлэгт оролцсон Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох албаны хүн хэллээ.
Харин хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Сүхбат: Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн хугацаанд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Шахааны бизнес хийдэг газар болж хувирав уу гэмээр юм ажиглагдах боллоо. Лаг шахдаг хоёр нацосс авчирч тавьсан ч тэдгээр нь ажилладаггүй. Одоо чухам ажилладаг болсон уу, үгүй юу мэдэхгүй. Ийм л байдлаар хариуцлагагүй хандаж ирсэн байдаг.
УИХ-ын гишүүн Д.Батзориг: Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих уу, засвар хийж өргөтгөх үү гэдгээ тодорхой болгох шаардлага байна. Ингэхгүй бол нэг хэсэг нь шинэчилнэ гэж яриад нөгөө хэсэг нь хүчин чадлыг нь өргөтгөчихөөр болчих юм шиг зүйл яриад яг яах нь зөв бэ гэдэг дээр бодлого нэгтгэгдээгүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барина гэдэг дээр тогтоё. Энэ бол Улаанбаатар хотод амьдардаг бүх иргэнд хамаарах асуудал. Нийслэлийн иргэдийн 57 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэтэл Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэр хорооллын иргэд XXI зууны амьдралын хэв маягаас алслагдсан. Харгиаг нүүлгэх асуудал дээр бүгд нэг ойлголттой болох ёстой. Түүний ард байдаг улстөрчдийн урт гарыг тас цохих ёстой. МСС-гаас 265 сая ам.долларыг авах боломжтой болбол Туул голын бохирдлыг бууруулахаас эхлээд хөрсний бохирдол зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх боломжтой болно.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав: Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Бохир, лагийн дөнгөж тал хувийг цэвэрлэж байна. Дээрээс нь төв байгууламжид цэвэрлэхээр тусгагдаагүй үйлдвэрийн хог асар их хэмжээгээр орж байна. Иргэд бид бохирын шугамд зүй бус хог хаяснаас цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хүндрүүлж байгаа. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 50 гаруй жилийн настай болсон. Зарим барилга байгууламж нь актлагдаж, тоног төхөөрөмж нь хуучирсан. Тендерт шалгарсан компани нь хариуцлагагүй ажилласнаас тавьсан насос, технологиуд нь ажиллахгүй байна. Мөн цэвэрлэх байгууламжид тавьсан том, том хоолойнууд хагарсан байгаа. Инженерийн байгууламжийн ажлыг хариуцлагагүй хийж болохгүй. Энэ дагуу ажлын хэсэг байгуулж, чиглэл өгнө. Байгаль орчинд ээлтэй, химийн хорыг цэвэрлэх хүчин чадалтай, даацтай шугам хоолойг барих талаар судална. Хөрөнгө оруулалтын тухайд олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудад хамтран ажиллах саналаа тавина.
Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Б.Батсүх: Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн хугацаанд нийтдээ 4 төсөл хэрэгжсэн байдаг. Туул голын бохирдлыг бууруулах төслөөр тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдсан байдаг. Сүүлийн хоёр жилд Испанийн Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжсэн. Олон улсын нээлттэй тендэр зарлаж хийгдсэн. ТЭЗҮ-ийг нэгдсэн эксперт групп ажиллаад 2016 оны хоёрдугаар сард хийж, баталсан. Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж муудсанаас хөрсөнд бохир ус нэвчих зэргээр үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөлд байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд аль болох боломжийн хэмжээнд засч, засварлан ажиллуулж байна. Засвар үйлчилгээг бид жил бүр хийсээр явна. Шинэ тоног төхөөрөмжтэй болтол үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байхаар ажиллаж байгаа.
Тухайлбал, энэ онд улсын төсөвт 8 орчим тэрбум төгрөг суулгасан. Тодорхой хэмжээний завсар үйлчилгээний ажил хийсэн. Ирэх онд тодорхой хэмжээний ажил тусгаагаагүй байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих ТЭЗҮ боловсруулагдсан. Энэ ТЭЗҮ-гээр 700 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэсэн юм.
Г.ДАРЬ