–Нацагдорж судлаачдын бидэнд үлдээсэн үнэт өв их бий. Энэ зохиолыг бичихэд энэ их өв надад суурь болсон–
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан уран бүтээлүүд театрын тайзнаа тавигдаж байна. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжгийн нээлт маргааш буюу энэ сарын 9-ний өдрийн 19.37 цагт Хүүхэлдэйн театрт нээлтээ хийх гэж байгаа юм. Энэхүү шинэ жүжгийн талаар хэвлэлийн хурал өнөөдөр тус театрт болсон юм.
“Монгол ардын суут” жүжгийн найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байгаа бол хөгжмийг УрлагийнгГавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од бичсэн байна. Тус жүжгийн гол болон туслах дүрүүдэд Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ажиллаж байна. Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Ц.Цэрэндорж, Д.Пагмадуламд М.Энхзаяа, хар хүний дүрд Г.Гандөш, халамцуу хүүхний дүрд Я.Өнөртуул нар тоглож байна.
“Монгол ардын суут” жүжгийн сурталчилгааг өвөрмөц хийгээд эхэлжээ. “Аргуйн Трейд” компанийн бүтээсэн Postbox аппликейшнийг гар утсандаа үнэ төлбөргүй татаж суулгаад AR тэмдэглэгээг жүжгийн тасалбар дээрх зургийг чиглүүлэх аж. Энэхүү тасалбар Монголын театрын түүхэнд анхны “амьд тасалбар” болж байгаагаараа онцлог болсныг тайлбарласан юм.
“МОНГОЛ АРДЫН СУУТ” ЖҮЖГИЙН ЗОХИОЛЧ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ц.ХУЛАН
Аугаа их суут билэгтэн, төрөлх хэлнийхэн жинхэнэ эзэн болсон авьяаст билэгт Дашдоржийн Нацагдорж хэмээх энэ эрхэм хүн 110 жилийн өмнө Монгол Улсад морилон саатаад буцсан байх юм. Эдгээр өдрүүдэд соёл урлагийн байгууллагууд өөрсдийн уран бүтээлээ энэ агуу түүхт хүнд зориулж байна. Гучхан наслахдаа энэ хүн агуу бүтээлүүдийг Монголын ард түмэнд бичээд үлдээжээ. Тиймээс түүний мэндэслний 110 жилийн ойд зориулан манай театрын уран бүтээлчид “Монгол ардын суут” жүжгээ үзэгч түмэндээ барихад бэлэн боллоо. Өнөөдөр ч түүний бүтээлүүд амьд байна. Би энэ зохиолыг бичих гэж их шаналсан. Энэ хүн хойч үеийнхэндээ ихээхэн ашиглагдсан хүн. Түүний сүүлийн шөнийн тухай өгүүлсэн ийм жүжиг маргааш Хүүхэлдэйн театрт тавигдах боллоо. Энэ хүн өнөөдөр бидний дунд амьд байсаар байна. Нацагдорж судлаачдын бидэнд үлдээсэн үнэт өв их бий. Энэ зохиолыг бичихэд энэ их өв надад суурь болсон. Ямар ч уран бүтээл хуйвалдаан байдаг. Энэ хувилдаан уран бүтээлч, үзэгч хоёрын дунд хийгддэг ил тод харилцаа юм. Мөн энэ жүжгийн нэг шинэлэг хэлбэр байна. Театрын түүхэнд “амьд тасалбар”ыг бүтээсэн залуустаа талархаж байна.
НАЙРУУЛАГЧ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Б.БААТАР
Зохиолооч зохиолыг аваад нэрнээс нь бодож эхэлсэн. Энэ агуу суут хүнийг яаж театрын тайзнаа гаргах талаар их судалсан. Зарим суут хүмүүс амьд ахуйдаа өөрсдийнхөө суутыг гэдгийг мэдэрдэггүй өнгөрсөн түүх байдаг. Гэтэл тэр нэрийг нь хожим хойно нь тэр алдрыг өгдөг. Энэ түүхийн эзэн бол Нацагдорж. Энэ бол яахын аргагүй суут хүн юм.
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Т.СЭР–ОД
Надад энэ зохиол дээр ажиллах боломж олгосонд баярлаж байна. Өөрөөр хэлбэл нэг талдаа надад сайн хүчийг өглөө. Зохиолч, найруулагчтай уулзаад зохиолыг судалсан. Бүтээл маань сайн буусан. Баатар ахтай хэд хэдэн жүжиг дээр хамтран ажиллаж байсан. Гол нь энэ жүжгийн гол санааг хамтран бүтээж чадлаа. Үүнийг бүтээхэд амаргүй байсан ч бидний хамтын зүтгэл Монголын театрын тайзнаа хүрч байгаад баяртай байна.
Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээж буй “Монгол ардын суут” драмын жүжиг маргааш 19.37 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.
МОНГОЛ АРДЫН СУУТ драмын жүжиг
- Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/
- Найруулагч: Б:Баатар /МУУГЗ/
- Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /МУУГЗ/
- Ивээн тэтгэгч: "Аргун Трейд" ХХК
Гол дүрд:
- Д.Нацагдорж- Ц.Цэрэндорж
- Д.Пагмадулам- М.Энхзаяа
- Хар хүн- Г.Гандөш
- Халамцуу бүсгүй- Я.Өнөртуул/СТА/
Дүрүүдэд:
- Өвгөн багш- П.Эрдэнэзаяа
- Буудлын жижүүр- Л.Даваадалай
- Хоёрдугаар эмэгтэй- С.Оюунболор
- Морин тэрэгч- Х.Батжаргал /МУСТА/
- Нэгдүгээр цагдаа- П.Эрдэнэзаяа
- Хоёрдугаар цагдаа- Л.Даваадалай
Бусад уран бүтээлч:
- Туслах найруулагч- М.Ариунтуяа /МУСТА/
- Гэрлийн техникч- Х.Камесхан
- Дууны техникч- Э.Базарханд /МУСТА/
- Ерөнхий зураач- В.Энх-Амгалан
- Туслах зураач- Б.Бямбацэрэн, С.Энх-Од
Зохиолчийн бичсэн сэтгэлийн үгийг хүргэж байна.
Цас хуртай сайхан өдрийн мэндийг хүргэе!
Өглөө бударч байсан цагаан цас үд дунд гэхэд саарал шалбааг болж, их хотын хөл хөдөлгөөний хэм хэмжээг сааруулаад, улирал солигдох нэгэн аятайхан хэрнээ хөнгөхөөн гуниг хаана ч юухнаас ч мэдрэгдэнэ бус уу…
20-р зууны Монголын сод найрагч, эгэл хүмүүн Дашдоржийн Нацагдоржийн тухай бидний хэдэн уран бүтээлч Монгол ардын суут хэмээх жүжиг тавихыг зориглоод, энэ сарын 9-ний өдөр буюу маргааш нээлтээ хийх гэж байна.
Аливаа шинэ уран бүтээл нь хийж туурвихын ид бах, үзэгч уншигчдад хүрдэг болов уу үгүй гэсэн айдас, энэ уран бүтээлийн дараа хүмүүс болон нийгэм ямар нэг өчүүүхэн ч атугай хэмжээгээр өөрчлөгддөг болов уу үгүй юу … гэсэн янз бүрийн бодол таамаг намайг ээрч, хөөрхөн тамлаж, нойргүй хонуулж байна. Уран бүтээл хийх гэдэг ийм гоё шүү дээ.
Ялангуяа, саяхан миний нэгэн ярилцлагандаа хэлснээр “Хүүхэдгүй морь, эзэнгүй уран бүтээлд хайртай байдаг” тэр л сэтгэлээр хандах юм бол, Нацагдорж шиг суу билэгтэй, Нацагдорж шиг өрөвдөм хувь заяатай, Нацагдорж шиг хойч үеийнхэндээ шулуухан хэлэх юм бол “ашиглагдаж гүйцсэн” зохиолчийн тухай, түүний амьдралын сүүлчийн шөнийн тухай өгүүлсэн ийм жүжиг надаас өөр ухаантай хүн байсан бол заяа нь хийхгүй дээ.
Яагаад гээч? Ерөнхий боловсролын сургуульд яг өнөөдөр л гэхэд түүний 20 гаруй уран бүтээлийг сурагчид үзэж, уншиж байна. Гэсэн хэрнээ Нацагдорж гэж хэн юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй. Би ч гэсэн багадаа тийм л байсан. Гэрээ цэвэрлэхдээ “Миний нутаг” шүлгийг нь чангаар уянгалуулан уншиж, “хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар” гэсэн хэсэг дээр нь ирээд хоолой зангирдаг байсан. Гээд Нацагдоржийг би өөрөө өөртөө их хожуу нээсэн юм. Түүний музейг үгүй хийж оронцоглосон мэргэжлийн байгууллагынхантай хэрүүл тэмцэл хийж, өөртөө ядаргаа болгосон энэ тэр гээд бодоход, Нацагдорж бид хоёрын дунд нэгэн үл үзэгдэх хэлхээ холбоо мөнхөд байсан юм шиг ээ… Энэ жүжиг ч гэсэн түүний л нэг үргэлжлэл байх. Нацагдоржийн амьдрал үхлийг бүтнээр нь харахад, тэр юу хэлэх гэсэн юм болоо? Дан ганц шүлэг зохиолоор бүтээлчийг өөрийг нь дүгнэнэ гэдэг өрөөсгөл. Захидал, тэмдэглэл, олны хууч яриа …. Нацагдорж судлаачдын бидэнд үлдээсэн үнэт өв … энэ бүхэн жүжгийн маань анхдагч суурь болсон. Тэгээд түүхээ, хувь хүмүүсийн намтрыг гоёчлох хэрэггүйг энэ удаа ч гэсэн мэдэрсэн. Харин түүний оронд …
Үгсэн хуйвалдах, эвлэлдэн алмайрахын эсрэг, эх орноо жинхэнэ утгаар нь бүтээж яваа тийм хүмүүс миний болон бидний жүжгийг ойлгоноо… Нацагдорж маань та бидний гүүр болон сунайж байна.
Та нарыгаа хүрэлцэн ирэхийг урья.
Ямар ч уран бүтээл хуйвалдаан байдаг. Энэ хуйвалдаан бол уран бүтээлч, үзэгч хоёрын дунд хийгддэг ил тод тохиролцоо юм. Бид юу гэж тохирсон бэ тэгвэл, энэ жүжгээр?
Монголд авьяас билэгтэй, эрдэм боловсролтой нь сайхан амьдраасай, шударга үнэн дийлдэг цаг ирээсэй … Эрх мэдлийн төлөөх бялдуулчлал, зусардал үгүй болж, Монголын төр тархиа цэнэглээсэй … намчирхалын далбаан дор цөөхөн монголчууд нэгнээ хэлмэгдүүлдэггүй байгаасай …гэсэн мэт өчнөөн олон үл бүтэх ч юм шиг хөгийн тохиролцоо сэдлээр энэхүү жүжгээ хуучны цахиур буу мэт найдвартай сумлаад гэмгүй царайлан энэ их цас шалбааг дунд алхаж л явна даа.
Дашрамд хэлэхэд, миний хамтрагчид гэж шинийг эрэлхийлдэг саак залуус бий. “Аргун” компаний нэвтрүүлж буй цоо шинэ, Монголын театрын түүхэнд анх удаа AR технологийн “амьд тасалбар” Монгол ардын суут жүжигт зориулагдан хэвлэгдэж, худалдаанд гарч эхэллээ.
Давтан хэлье, ХЭНЭЭТНҮҮДЭД БИШ СЭХЭЭТНҮҮДЭД ЗОРИУЛАВ
Манай театрын үүдэнд уулзацгаая.
МУСГЗ, яруу найрагч Цоодолын ХУЛАН