Бернард Шоу гэдэг хүн “Эдүгээ хүн төрөлхтөн тэнгэрт шувуу шиг нисч, далай тэнгист загас шиг сэлж сурсан ч газар дээр хүн ёсоор амьдарч хараахан сураагүй л байна” гэжээ. Тансаг ордон, шилтгээнд амьдарч, торго дунданд хөлбөрөн сая саяар нь мөнгийг үрэх атлаа ёс суртахуун, энэрэх сэтгэлгүй бол гахайнаас ялгаа юун. Хэдэн сая үйлдэл хийх чадвартай ухаалаг утас, нөөтбоок хэрэглэж, соёл иргэншлийг шагшин магтах мөртөө оюун бодол нь хоосон аваас сармагчнаас дээрдэх юмгүй л…
Зүүнхараа хот, Сэлэнгэ аймгийн Мандал сум 28 мянга орчим хүн амтай. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сонгуулийн насны 16 мянга орчим хүн бүртгэгдсэн Монголын хамгийн том сум. Тэгсэн хэрнээ энд ажилгүй хүн алга. Төрийн байгууллага, хувийн аж ахуй нэгжид ажиллахаасаа гадна айл болгон тариа будаа, хүнсний ногоо тарина. Даварвал ууландаа гараад самар жимсээ түүгээд борлуулчихна. Нэг өдрийн дотор 100 тонн самар уулнаасаа буулгаад хилээр гаргачихдаг улс гэнэ. Зам барлга, газар шорооны ажилд өдрийн 30-40 мянгаар хөлсөөд ажиллуулья гэхнээ ирэх хүн олдохгүй. Өрхийн аж ахуй, байгалийнхаа хишгээр үүнээс илүү орлого олчихдог байх нь л дээ. Улаанбаатар төмөр замын Зүүнхараа зангилаа, Мод боловсруулах үйлдвэр, Бороогийн алтны уурхай, “Спирт бал бурам” компани гээд гээд томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд энд бий. Газар тариалан, аялал жуулчлал, алт, мод, сүүний чиглэлийн бизнес нэлээдгүй хөгжсөн. Сүүлийн жилүүдэд хүн амын мехнаник өсөлт ихээр нэмэгдэж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн хүн ам 100 мянга гаруй, үүний 30 хувь буюу аймгийн төвөөсөө ч олон хүн Мандал суманд оршин суудаг. Хүн ам олонтой гэдэг утгаараа гэмт хэргийн гаралт ч бас бусад аймаг, сумдыг бодвол харьцангуй их. 800 гаруй ялтан хүмүүждэг чанга дэглэмтэй хоёр хорих ангитай. Үүнээсээ шалтгаалаад эрүүгийн нөхцөл байдал хүнд талдаа, 2010-2012 онуудад жилдээ 10 гаруй хүн амины хэрэг гардаг байж. Харин сүүлийн жилүүдэд хүн амины хэргийн гаралт буурч, жилдээ 3-4 болжээ. Биднийг очихоос хоёр хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 2-нд таван холбогдогчтой хүн амины хэргийг Сум дундын шүүхээр тасалж, өглөө эхэлсэн шүүх хурал шөнө дөл болтол үргэлжилжээ.
Зэргэлдээ Баруухараа хот буюу Баянгол сумын хүн ам 15 мянга орчим. Мандал сум дахь Сум дундын шүүх Мандал, Баянгол сум, Түхэл тосгон, Тарни зэрэг 13 багийн 41 мянга гаруй иргэнд шүүхийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. 2015 онд тус шүүх 149 хүнд холбогдох 139 эрүүгийн хэргийг шийдвэрлэж, иргэний 372 хэрэг, захиргааны зөрчлийн 202 материал хүлээн авч шийдвэрлэсэн байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар 95 хүнд холбогдох 76 эрүүгийн хэргийг шийдвэрлэж, есөн хэргийн үлдэгдэлтэй, иргэний хэргийн 376 нэхэмжлэл хүлээн авч 259 хэрэг шийдвэрлэсэн, 38 хэргийн үлдэгдэлтэй, захиргааны зөрчлийн 100 материал, хянан магадлангийн 97 материал хүлээн авч шийдвэрлэсэн байна. Эвлэрүүлэн зуучлах алба нь 2016 оны аравдугаар сарын 30-ны байдлаар 267 өргөдөл хүлээн авснаас 212-ыг шийдвэрлэж, 52 өргөдөлд татгалзал бичжээ. Үүнээс эвлэрэл амжилттай болсон 160, амжилтгүй болсон нь 52 байна.
2016 оны гуравдугаар улирлын байдлаар сум дундын шүүхээр таслагдсан хэргүүдийн дотор хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг алах хэрэг 1, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 5, хүчиндэх хэрэг 3, хулгайн хэрэг 9, танхайн 1, авто ослын хэрэг 13, бусад гэмт хэрэг 36-г шүүхээр эцэслэн шийдвэрлэж, 86 хүн ял шийтгүүлснээс 65 хүнд хорих ял оногдуулж, 17-г нь биечлэн эдлүүлсэн байна. Гарч байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг танхай, дээрэм, хулгай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг буюу авто ослын хэрэг эзэлдэг байна. Ялангуяа уул уурхайтай газар нинжа нар ихээр цугларч хууль бусар олт олборлох болсонтой холбоотойгоор танхай, дээрэм, хүн амины хэргийн гаралт их байдаг байна. Харин иргэний хэргийн тухайд гэр бүлийн болон өмчийн маргаан, аж ахуйн гэмт хэрэг, зээлийн маргаан зонхилдог гэнэ.
ШҮҮГЧ БОЛ ЯРЬДАГ ХУУЛЬ
Бүр манай эриний өмнө амьдарч байсан Марк Туллий Цицерон гэдэг хүн “Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол ярьдаггүй шүүх юм” гэж хэлсэн байна. Ингээд бодсон чинь Монгол Улсад сүүлийн 26 жилийн дотор бичигдэж, мөрдөгдөж, нийгмийн харилцааг зохицуулж байгаа 500 гаруй хууль байдаг юм байна. Шүүгч энэ бүх хуулийг нэвтэрхий мэдэж байж шүүн таслах ажиллагаа явуулна гэсэн үг.
Сум дундын шүүх дөрвөн шүүгчтэй, нэг ерөнхий шүүгч, гурван шүүгч. Бүрэлдэхүүнтэй хэргүүд дээр гурваараа ороод явахаар эрүүгийн хэргийг ч, иргэний хэргийг ч нэг шүүгч шүүх болдог. Үндсэндээ улсын хэмжээнд наймхан ийм “универсаль” шүүх байдгийн нэг нь Мандал сум дахь Сум дундын шүүх юм байна. Бусад шүүхүүд бүгд эрүү, иргэний гэж дагнаад шүүгчдээ мэргэшүүлсэн байдаг. Шүүгчийн орон тоо дутуу, шинээр томилох төсөв хүрэлцээгүйн улмаас сум дундын зарим шүүх ийнхүү “универсаль” хэвээр үлджээ.
Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг “Хотод ажиллаж байгаа шүүгч нар иргэний хэргийн шүүгч нь дотроо гэр бүлийн маргаанаар гэх мэтчилэн мэргэшээд явчихсан байхад бид энд мэддэг ч юмгүй, мэдэхгүй ч юмгүй өөрсдийгөө ч зовоогоод өрөөлийг ч хохироогоод сууж байгаа нь харамсалтай байна. Наанадаж хоёр орон тоо нэмчихвэл эрүү, иргэний хэргийн хэргээ тус тусдаа бүрэлдэхүүнтэйгээр шийдээд явчих боломжтой. Үүн дээр ШЕЗ болон төсөв батлагч нар анхаарч өгөөч ээ” гэдэг хүсэлтийг дамжуулж байлаа. Долоо хоногтоо арав гаруй хэрэг шийддэг, өдөрт 1-2 шүүх хурал болдог гээд бодохоор хэдий сум дундын шүүх гэж байгаа ч ачаалал арай л өндөр. Хэдийд нь хэдэн хуудас хавтаст хэрэг уншаад хэргээ шийдээд, хянан магадланга бас зэрэг хийж чаддаг нь бас л гайхахаар зүйл. “Шүдний эмчээр нүдээ ухуулахыг” хэн ч хүсэхгүй нь үнэн. Манай Үндсэн хуулийн Цэцийн нөхөд харин ч энэ ялгаварлал дээр жинтэйхэн үг дуугарч, арга хэмжээ авах цаг нь болсон л байлтай. Монгол Улсын иргэд хаана амьдарч байгаагаасаа хамаарч шүүхийн үйлчилгээг ийм ялгавартай байдлаар авч байгаа нь Үндсэн хуульд заасан “тэгш эрхийн” зарчим алдагдсан хэрэг мөн биз дээ.
ХАРААТ БУС ШҮҮХ ҮҮ, “АРААНД ЗУУГДСАН” ШҮҮХ ҮҮ?
Өнгөрсөн хавар баруун аймгуудаар явахад шүүхийн хаалгаар оронгуут “Шүүхийн офицер” гэсэн хаалтны ард Тахарын офицер товхийтэл ёслоод зогсчдог байв. Үүнээс хойш ердөө долоон сар өнгөрөхөд байдал их өөрчлөгджээ. Хаягийг нь “Police” гэж өөрчлөөд цагдаагийн хувцастай ахлагч хамгаалалтад зогсч байна. Ахлагчтайгаа 10 тахар хамгаалдаг байсан шүүх дээр цагдаагийн таван ажилтан ээлжээр харуулд гардаг юм байна. Цөөн оролцогчтой шүүх хурлын үед нэг, олон оролцогчтой, хүндхэн шүүх хурлын үеэр хоёр цагдаа нэмж хамгаалалтад гардаг гэнэ.
Цагдаагийн хэлтэс дотор Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан хэсэг ёс төдий байдаг ч шүүх хуралдаангүй үед харуулын ажилтнаас бусад нь гэмт хэрэг илрүүлэх гэх мэт цагдаагийн өдөр тутмын ажлаа давхар хийгээд явдаг юм байна. Өмнө байсан 10 тахараас хуяглан хүргэлтийн хоёр тахарыг жолоочтой нь ШШГГ буюу хорих анги руу шилжүүлж, хоёрыг нь тэтгэвэрт гаргаад хоёр харуул, хоёр хамгаалагчийг хэсгийн даргатай нь үлдээжээ. Нэг ёсондоо шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг функцтэйгээр байгуулсан Тахарын албыг татан буулгаад Хууль зүйн яамны харьяа хоёр агентлагийн хүчийг зузаатгахад ашигласан юм байна. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөхийн үлгэр л яваад байна л даа.
Одоохондоо шүүх, шүүгчийн аюулгүй байдалд халдсан тохиолдол шинээр гараагүй боловч жишээ нь Мандал сум шиг эрүүгийн нөхцөл байдал хүндхэн талдаа, дээр нь алслагдсан газарт ямар нэг осол зэхий хэрэг гарч гэмээн аюулгүй байдлын баталгаа байхгүй л юм билээ.
Өнгөрөгч долоо хоногт УИХ ирэх 2017 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ ШЕЗ-ийн төсөв, орон тоог 50 хувиар танахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр 50 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ШЕЗ-ийг 150 хүнтэй гэж ташаарсан ч гэлээ. Одоо тэгээд байгаа 50 хүнийг нь 50 хувиар цомхотгох юм уу, эсвэл 75 болгож нэмэгдүүлэх үү, дахиад л асуудал босох байх даа.
ШЕЗ нь Монгол Улсад шүүн таслах ажиллагаа явуулж байгаа 106 шүүх, түүнд үйлчилгээ үзүүлдэг 41 тамгын газрыг удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчнээр хангах, шүүхийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлөөр хангах, төсөв, эдийн засгийг баталгааг бий болгох үүрэгтэй Үндсэн хуулийн байгууллага. Өнгөрсөн гурван жил дараалан маргаан дагуулж одоо хэр нь намжаагүй байгаа шүүгчийн цалинг нэмэх асуудлыг ч гэсэн энэ байгууллагын саналыг үндэслэж УИХ-аас төсвийг нь баталсан билээ.
Эдийн засаг хямралтай, төсөв хүндрэлтэй байгаа ч энэ Засгийн газар яам, агентлагуудынхаа зардал, орон тоонд гар хүрэлгүйгээр ганц ШЕЗ-ийн төсвийг хасахаар болсон явдлыг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Хууль тогтоогч нар шүүх, шүүгчдийг хаа тааралдсан газраа тэвэрч үнсээд, баяр талархал илэрхийлээд байвал шүүх тэдний халаасанд орсон гэсэн үг. Харин хавчиж хаахаа урьтал болгоод байвал шүүх жинхэнээсээ хараат бусаар ажиллаж эхэлсний дохио юм аа. Үүнээс болж шантарч няцаж ёсгүй” хэмээв. Хууль тогтоогч нартай гурван жил завсаргүй тулж байж шүүгчдийнхээ цалинг хэвээр авч үлдсэн хэдий ч урсгал төсөв нь танагдаад ирэхээр шүүгчдийн томилолтоор ажиллах, нүүдлийн шүүх гэх мэтээс авахуулаад хүндрэл гарах нь лавтай. Орон нутагт шүүгчдийн орон тоо дутмаг байгаагаас шалтгаалаад аймаг, сум дундын шүүхүүд дээр бүрэлдэхүүнтэй шүүх хурал хийхийн тулд шүүгчид нүүдэллэж ажиллах нь элбэг байдаг. Үүнд зориулах төсөв мөнгө, бензин тос нь танагдаад ирэхээр өмнөх шигээ шүүгдэгчээ “ир” гээд суугаад байх уу? Бас л асуудалтай. Тэрэндээ тулбал, дахиад шүүх нэмж байгуулахдаа хүрэх ч магадлалтай. Шүүхийн үйлчилгээ иргэнд хүртээмжгүй байна, Үндсэн хууль зөрчиж байна гээд Цэц нэг шийдвэр гаргахад дахиад бүх юм буцна л даа. Харин прокурорын цалинг нэмэхэд зориулж 9,8 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгасан байна. Ингээд “чоно цатгалан, хонь бүрэн” үлдэж. Прокурорын цалинг шүүгчийн цалинтай дүйцүүлж нэмдэг улс орон манайхаас өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу…
ИРГЭД ХЭРХЭН ДҮГНЭВ?
ШЕЗ-ийн дарга Мандал сум дахь Сум дундын шүүх дээр ажилласныхаа дараа сумын иргэдтэй уулзалт хийсэн. “Мөнгөн Хараа” чуулгын 500 суудалтай зааланд пиг дүүрэн хүн ирснийг харахад ШЕЗ-ийн даргын хийсэн энэ удаагийн аялал үр дүнгүй өнгөрсөнгүй. Хаа очиж иргэдийн зүгээс шүүхийн шинэчлэлийн талаар ам сайтай байна. Хүн хүч дутмаг ч гэсэн Сум дундын шүүх нь нутгийн иргэдээс гайгүй үнэлэлт авдаг юм байна. Өмнөх хоёр жилд Төв аймгийн таван сумыг харьяалж байхад шүүхийн ачаалал их байсан тухай иргэд ярьж байна. Насаараа прокурорт ажиллаад өдгөө өмгөөлөгч хийж байгаа наян настай Ш.Цэдэн гуай “Шүүх шинэчлэгдэж байна. Харин цагдаа, хуулийн бусад байгууллагад эхлүүлсэн шинэчлэл яагаад зогссон бэ? Эрүүгийн шинэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үйлчлэл хэзээ эхлэх гэж байна? Прокурор, цагдаа, ШШГБ-уудынхаа үйл ажиллагаанд шинэчлэл хийхгүй бол дан ганц шүүхээ яриад шинэчлэл урагшаа алхахаа байлаа шүү. Энэ бүгд чинь зэрэг явж байж цогц шинэчлэл болох юм” гэдэг үгийг хууль тогтоогчдод дайж байна лээ.
Саяхан болтол Монгол Улс Шүүхийн тухай ганц хуультай явж ирсэн. Тэр нь байгууллагын шинжтэй хууль байснаас биш шүүхийн үйл ажиллагааг бүрэн зохицуулж чаддаггүй байв. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан шүүхийн тухай багц таван хуулийг /Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай/ УИХ баталсан. Өнгөрсөн хавар Монголд ажиллаж, манай шүүхийн үйл ажиллагааг судалсан Германы мэргэжилтнүүд “Монголын шүүх эрх зүйн орчны хувьд адилхан нэг гараанаас эхэлсэн бусад улс оронтой харьцуулахад урд нь яваа юм байна” гэж дүгнэжээ. Шүүх хараат бус, нээлттэй, ил тод ажиладаг, иргэндээ хянагддаг болсон. Дурын иргэн шүүхийн байр луу ороод шүүх хуралдааны явцыг дэлгэцээр шууд үздэг, шаардлагатай гэвэл шүүх танхимд ороод дэргэдээс нь харж болдог болсон. Шүүхийн бүх шийдвэр гарсан даруйдаа интернэтэд тавигддаг, хэн гэдэг шүүгч ямар хэргийг шийдсэн, шийдвэрийнхээ үндэслэлийг яаж бичсэн гэдгийг хүссэн хүн бүр харж, шүүн хэлэлцэх боломжтой болсон. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд ялалт байгуулж гарч ирсэн ИТХ-ын дарга, Засаг дарга иргэдтэй хийсэн уулзалт дээр ирж суугаад шүүх шинэтгэлийн талаар сонссон нь ч бас л нэг учир.
Шударга шүүхгүй улс оронд баян чинээлэг хүмүүс хөрөнгө мөнгөө итгэж оруулдаггүй, улс орны тусгай тогтнол, аюулгүй байдалд нь баталгаагүй, иргэдийн эрх чөлөө, амь нас хутганы ирэн дээр байдаг. Гэхдээ шүүх хамгийн шударга байхдаа ч ял өгдөг, гэм зэм тооцдог учраас шүүхийн шийдвэрийг хэн ч алга ташиж хүлээж авдаггүй. Харин “Хэзээ нэгэн цагт намайг хохирогч болоод очиход шүүх миний эрх ашгийг хамгаалж чадах уу?” гэдэгт итгэл, үнэлэмшилтэй байхыг хүн бүр хүсдэг. Тиймээс шүүх байгууллага олон нийтийн итгэл дээр тогтдог. Арван шүүгчийн ес нь шударга ажиллаж байхад нэг шүүгчийн гаргасан алдаа шүүх засаглалын нэр хүндийг сэвтээж, унагаж байдаг. Тиймээс шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэж, илааршиж эхэлсэн энэ цаг үед итгэлийн хариуд ус, угаадас битгий цацаарай гэдгийг ШЕЗ-ийн дарга шүүгчидтэй уулзах үеэрээ ч, иргэдтэй уулзахдаа ч аминчилж захиж байлаа.
Б.СЭМҮҮН