Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирж ажилласан. Тус сангаас ямар дүгнэлт тавьсан, “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай уулзаж, байр суурийг нь сонслоо.
-Олон улсын валютын сангийнхан Монголд 10 хоногийн хугацаатай ажиллаад буцлаа. Хэлэлцээ хэр амжилттай болов. ОУВС-гийнхан Монголд туслахад бэлэн байгаа гэдгээ аль дээрээс л илэрхийлсэн. Гэхдээ хоёр тал тохиролцоонд хүрч байж ОУВС-гийн дэмжлэгт хамрагдах ёстой. Монголын Засгийн газар ОУВС-гаас зээл авах сонирхол нь хэвээрээ юу. Тэд бидэнд юу амлаад буцсан бэ?
-МАН-ын бүлгийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат нар суусан. Тэдний өгсөн мэдээллээс илүү мэдээлэл одоогоор алга байна. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд ОУВС-аас техникийн баг ирж Засгийн газрын байгууллагууд, Монголбанк, УИХ-тай хамтран ажилласан. Монголын эдийн засгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж, санал дүгнэлтээ хийгээд явсан. Өмнө нь 1990, 2008 онд ОУВС-тай ажиллаж байсан. Тэр үетэй харьцуулбал биднээс шаардаж байгаа зүйл хэлбэр нь өөрчлөгдсөн байна. Тухайлбал, урьд нь өөрсдөө бодлогын төслөө авч ирээд тулгадаг байсан бол энэ удаад тун уян хатан байж, Монголын талын үгийг хүлээцтэйгээр сонссон. Биднийг ямар шийдэмгий үйлдэл хийж, эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөтэй байгааг сонирхож байсан. Энэ төлөвлөгөөг УИХ, Засгийн газар, Монголбанк нь хэр зэрэг дэмжих вэ гэдгийг чухалчилж харж байсан. Манай улсын гадаад өрийн дарамт ДНБ-тэй харьцуулахад нэлээд өндөр байгаа юм. Ийм учраас ОУВС-аас өөрсдийн эрсдлийг тооцоолж байх шиг байна. Тиймээс дан ганц ОУВС-аас зээл аваад зогсохгүй Монгол Улс өөрөө яваад гадаад бонд, гадны хөрөнгө оруулалттай зээлд хамрагдах боломжтойг сануулсан.
-Тэгэхээр Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна хэвлэлээр цацагдаж байгаа шиг Хятадын зээл авах боломж байна гэсэн үг үү?
-Боломж бий. Энэ хоёр зээлийн агуулга нь өөр. ОУВС-ийн зээл бол хөнгөлөлттэй, 1-2 жилийн богино хугацааны бодлогын нөхцөлт зээл. Хятад улс болон бусад улсаас бидний хайж байгаа зээл бол урт хугацаатай бага хүүтэй арилжааны зээл юм. Миний бодлоор бол “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад гадаад, дотоод нөхцөл байдлуудаа сайжруулаад, төсвийг нэлээд сахилга баттай болгоод, мөнгөний бодлогоо зөөлрүүлээд авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Стэнд бай”-д хамрагдах хугацаандаа урт хугацааны арилжааны зээл авч болох нөхцлөө сайжруулаад авбал сайн байна.
-ОУВС-ийнхан Монгол Улсад ямар шаардлага тавьсан бэ?
-Төсөв сахилга баттай байх. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийг чанд мөрдөж ажиллахыг шаарддаг. Энэ жилийн хувьд 9 хувийн алдагдалтай байхаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгасан. Тэгвэл ОУВС-аас яг энэ алдагдлын хэмжээг хангаж ажиллахыг шаарддаг. Мөн урсгал зардлыг хэмнэх шаардлага тавьдаг.
-Хэрэв “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, ОУВС-гаас 1-1.5 тэрбум долларыг зээллээ гэхэд тэр мөнгөөр “Чингис”, “Самурай” бондын өрийг төлнө гэсэн яриа бий. Энэ үнэн үү?
–“Чингис” бондын үндсэн төлбөрийг энэ оны сүүлээр өгч эхэлнэ. Оны сүүлээр 60 сая ам.доллар, ирэх онд 300 сая ам.доллар, 2018 оны нэгдүгээр сард 500 сая ам.доллар төлөх графиктай. Мэдээж “Чингис” бондын эргэн төлөлтөд тодорхой хэмжээгээр зарцуулна. ОУВС-аас та бүхэн өөрсдөө яваад гаднаас зээл аваад, эрсдлээ хуваалцах ёстой гэж байр суурь илэрхийлж байгаагийн цаад агуулга нь энэ юм. Урсгал зардал болон төсвийн хөрөнгө оруулалт тал дээр ОУВС-аас ирэх зээлээ ашиглах бодлого баримтлана.
-Таны хувьд Төрөөс баримтлах мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ бодлогод ямар заалт нэмж оруулж байгаа вэ?
-Үндсэндээ хоёр заалт нэмж оруулахаар УИХ дахь МАН-ын бүлгээс санал оруулсан. Тэр нь товчхондоо банкнаас бусад санхүүгийн институтыг түлхүү хөгжүүлэх гэж байгаа юм. Үүнд Хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлийн оролцогчид, даатгалын салбарынхан гэх мэт багтана. Ингэснээр дан ганц банкнаас хамааралтай болчихсон санхүүгийн зах зээлийн бүтцийг төрөлжүүлж өгнө. Өөрөөр хэлбэл зээлдэгч нарт илүү олон төрлийн боломж олгох зах зээлийг бий болгохоор өөрчлөлт оруулж байгаа юм. Дээр нь банкны зах зээлийг лебералчлах тал дээр заалт оруулах саналтай байсан. Өөрөөр хэлбэл бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүн санал болгодог санхүүгийн институт бий болгох заал оруулна.
-Манай санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг арилжааны банк эзэлдэг. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад салбарыг хөгжүүлэх шаардлага байна гэж яригдаад байдаг. Хэрэв Төрөөс баримтлах мөнгөний бодлогод нэмэлтээр хоёр заалт орж ирвэл таны дээр хэлсэн Хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлийн оролцогчид, даатгалын салбарынхан хөгжинө гэсэн үг үү?
-Энэ бол системийн өөрчлөлт хийх ажил. Түүнээс нэг жил хийх ажил биш. Магадгүй 4-8 жил үргэлжилж болох юм. Энэ удаад Төрөөс баримтлах мөнгөний бодлогод нэмэлт өөрчлөлт оруулснаар системийн өөрчлөлтийг эхлүүлж байна гэж хэлж болно. Үндсэндээ Төвбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар хамтарч цогц арга хэмжээ авах юм бол илүү үр дүнтэй болно.
-Монгол Улсад гадаадын таван банк салбараа нээх саналаа өгсөн гэсэн мэдээлэл бий. Та өмнө нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тиймээс Монголд ямар улсын ямар банк салбараа нээх санал ирүүлсэн бэ. Ер нь гадаадын банкыг оруулж ирэх нь зөв үү?
-Ямар банк санал тавьсныг одоогоор хэлж мэдэхгүй байна. Миний сонссоноор олон улсын банкууд салбар нэгж байгуулах хүсэлт ирүүлээгүй байна гэж байсан. Өнгөрсөн 2011, 2012 оны эдийн засгийн өсөлттэй байсан үед олон улсын банк сонирхож байсан. Одоо бүх зээлжих зэрэглэл буурч, эдийн засгийн өсөлт саармагжсан үед манайхыг тэр бүр сонирхоод ороод ирэх газар байхгүй шүү дээ. Гагцхүү бид нээлттэй бодлогоо олон улсад зарлах нь чухал байгаа юм. Ялангуяа гадны хөрөнгө оруулалт дутмаг, валютын урсгал дутмаг үед олон улсын банк санхүүгийнхэнд нээлттэй байгаагаа зарлах нь чухал.
-Төрөөс баримтлах мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах ажлын хэсгийг та ахалж байгаагийн хувьд тодорхой судалгаа хийсэн байх. Гадаадын банк, санүүгийн байгууллага оруулж ирснээр Монгол Улсын санхүүгийн салбарт ямар эрсдэл учрах вэ?
–Бид бүхний хаяж болохгүй бодлого нь дотоодын банкны зах зээлийг хамгаалах явдал юм. Манай дотоодын банкууд хадгаламжийн зах зээл дээр нэлээд ажилладаг. Үүнийг бид дотоод зохицуулалтаар хийж болох асуудал. Гадны банк орж ирэх юм бол манай хадгаламжийн зах зээл дээр ажиллахгүй, манай арилжааны банкуудын өгч чадахгүй байгаа хямд үүсвэртэй том зээлийг өгнө. Арай жижиг зээл өгөхөөр бол дотоодын банкуудтай хамтарч өгнө. Мөн тухайн банкинд ажиллах ажилтан албан хаагчийн 70-80 хувь нь Монгол хүн байх гэх мэт олон зохицуулалтыг хийж болно.
-Тэгэхээр та гадаадын банк Монголд оруулж ирэхийг үгүйсгэхгүй байгаа юм байна, тийм үү?
-Бодлого зохицуулалтаа маш сайн хийж, хууль эрх зүйн орчин сайн бүрдүүлэх хэрэгтэй. Би түрүүнд дурдсан. Эдийн засагт валютын хомсдол үүсч, гадаадын хөрөнгө оруулалт буурч, хямралттай байгаа энэ үед олон улсын банк санхүүгийнхэнд Монголын үүд хаалга нээлттэй л байх хэрэгтэй л дээ.
-Үүнээс гадна орон сууцны ипотекийн зээлийн журмыг Монголбанк шинэчлэн баталсан. Гэхдээ нөгөө талдаа энэ зээлийг бүр мөсөн зогсоогүй бол эдийн засаг улам хүндэрнэ гэсэн байр суруийг зарим улстөрч, эдийн засагчид илэрхийлдэг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа та АН-ынхантай хамтран энэ зээлийг хэрэгжүүлэх шийдвэр, журмыг гаргалцаж явсан хүний хувьд сонирхож байна?
-Засгийн газар, УИХ-ын түвшинд бол улс төрийн шийдвэр гарчихсан. Ипотекийн зээлийг цаашид макро эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулахгүй зөв схемээр явах боломжийг Монголбанк, Засгийн газар хамтран судалж байгаа. Ипотекийн зээл зогсоно гэсэн ойлголт байхгүй. Урьд өмнө өгсөн орон сууцны зээлийн эргэн төлөлт 20-25 тэрбум төгрөгтэй тэнцдэг. Энэ эх үүсвэрийн хэмжээнд орон сууцны зээл үргэлжилж байгаа. Нэг сарын нийт эрэлт нь 30-40 тэрбум төгрөг байдаг. Үүнийг бүрэн хангах хэмжээний нэмэлт эх үүсвэрийг хэрхэн хангах вэ гэдэг талаас нь судалгаа хийж ажиллаж байгаа. Одоогоор УИХ-д хараахан танилцуулаагүй байна. Ипотекийн зээлийн нөгөө талд манай барилгын салбарын зах зээл гэж байна. Барилгын материалын 70-80 хувийг импортоор авдаг. Тэр хэмжээгээр валют гадагш урсаж байна. Тэгэхээр макро тэнцвэрийг хадгалах зөв схемийг олж хэрэгжүүлэх ёстой.