Хуучирсан мэдээ: 2016.11.08-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудын CV-2

Цуврал нийтлэлийн өмнөхийг ЭНЭ линкээр орж үзнэ үү.

Манай улстөрчдөд баттай байр суурь, үзэл бодол байдаггүй тухайн цагийн аясаар хийсч явдгийг баталсан нэгэн явдал бол дэд сайдын суудал. Хоёр нам хамтран засаг барьж байх үед, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн үүднээс дэд сайдын суудлыг санаачлан оруулж ирсэн байдаг. Тэрхүү суудлыг  “намдаа гомдогсдын орон тоо” гэж хошигншн нэрлэсэн нь ч бий. Багагүй хугацааны өмнө эрх баригчид дэд сайдын орон тоог хасч,  давхар дээлээ тайлахыг Ардчилсан намынхнаас шаардаж, жагсаал цуглаан хүртэл хийж байсан. Тэрхүү жагсаалыг оройлон оролцогч одоо өөрөө давхар дээл, дах дэгтийн дотор халууцаж суугаа. Гэвч эрх мэдэл хэний гарт байна тэр дураар дургиж болдгийн жишээ энэ. Нэгэнтээ гарчихсан шийдвэрийг буцаах нь үгүй болохоор томилогдож, сонгогдсон сайд нарыг сандал суудлын бөглөө төдий биш жинхэнэ дэдийн үүрэг гүйцэтгэж, ажиллахыг шаардах л үлдээд байна. Ингээд дэд сайдуудын намтар /нийтийн хэллэгээр бол анкет,CV/  түүхийг хамтдаа дэлгэж нэг үзье.   Мэргэжлийн Засгийн газар 13 яамтай. Бас 13 дэд сайдтай гэсэн үг. Дэд сайдаар өргөмжлөгдсөн хүмүүс дунд салбартаа танигдаж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байхад салбартаа нь бүү хэл олонд ч танигдаагүй битүү морьд, бэлгэ тэмдэг төдий нэгэн, эгэл ардын төлөөлөл, популист үзэлтэн, дуулиан шуугианы эзэн хүртэл бий.

Жич: Нийтлэлд дэд сайд нарын тухай мэдээллийг нэрсийн дарааллын дагуу байршуулсан болно.


Т.ДУЛАМДОРЖ-БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД

Тогоочийн Дуламдоржийг дуулианы эзэн гэж товчхон тодорхойлж болно. Түүнд хүртэж, хүрдэггүй салбар алга гэлтэй. Онцгой байдал, Монгол шуудан, одоо Батлан хамгаалах яам. Салбар, салбарт  ад үзэгдэн байж зүтгэх ийм  зориг зүрх гагцхүү улстөрчдөд, тэр дундаа дээрээсээ татаастай хүмүүст л төрдөг гэчихвэл бараг л ононо доо. Монгол шуудангийн даргаар очиход нь хамт олон нь түүнийг оруулахгүй хаалга үүдээ хааж зогссоноос болж Онцгойд ажиллаж байсан туршлагаа ашиглан дээврээр нь орж, “Карлсон” гэх хоч хүртээд амжсан хүн. Энэ эрхэмд Батлан хамгаалах салбар төдий л ойр биш. Эрхзүйч мэргэжилтэйдээ л энд тэнд тохироод яваа түүний арыг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дааж явдаг гэж  улс төрийн хүрээнийхэн  сэм шивнэлддэг.  

Т.Дуламдорж наснаасаа оворжуу харагддагаас биш 1977 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. 1995 онд Дархан-Уул аймгийн 10 жилийн дунд сургууль, 2001 онд “Улаанбаатар эрдэм” дээд сургууль, 2005 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, орос, англи хэлний мэдлэгтэй дэд сайд 2001 онд Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлжээ. Төд удалгүй 2003-2005 онд Баянгол дүүргийн ЗД-ын Тамгын газрын орлогч дарга, 2005 оноос  Баянгол дүүргийн ЗДТГ хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2010 онд УИХ-ын гишүүний зөвлөх болон огцом дэвшсэн нэгэн. Гишүүний туслах зөвлөхийн ажлыг амжилттай гүйцэтгэсний учир 2012-2015 онд ОБЕГ-ын дарга,  2015 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан юм. Дээрх алба, ажлыг ямар дүнтэй гүйцэтгэсэн бэ гэдгээс үл хамааран  томилогдсон  шинэхэн дэд сайдыг олны нүд онцгойлон ширтсээр байгааг сануулахад илүүдэх юун. Олны итгэл найдвар гэдэг хэн нэг даргын ивээл хайр, намын даалгавраас хүчтэй билээ.


Ш.ЛХАМСҮРЭН-БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД

Дэд сайд нар дунд хамгийн нууцлаг нэгэн бол Ш.Лхамсүрэн. Гэгээн дүрийг нь бүү хэл гэрэл зургийг нь харсан хүн тун цөөн. Ядаж байхад яамных нь цахим хуудсанд  сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёроос өөр хүний танилцуулга тайлбар ч  алга. Ёстой л CV-д дурдсанаас нь илүү мэдээлэлгүй түүнийг түм буман асуудалд автчихаад дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй барилгын салбарыг сэргээн бадрааж дөнгөнө гэдэгт эргэлзсэн хүн цөөнгүй байна.  Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг тэрбээр нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд төгсчээ. Харин ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн байна.

Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 оноос “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад энэ оны наймдугаар сараас Барилга, хот байгуулалтын дэд сайдын сэнтийд залраад байгаа юм. Ажлаа авснаас хойш хийсэн хэрэгжүүлсэн нь ч тодорхойгүй. Ипотек, эзнээ хүлээсэн барилгууд, зээлээ төлж чадахгүйд хүрсэн барилгачдын тухай гээд хариулт нэхсэн бүхэнд  сайд Г.Мөнхбаяр л “дуудагдаж, дуугарч” явна. Нүүрээ ширлүүлэн зүтгэх Г.Мөнхбаярын ард дэд сайд Ш.Лхамсүрэн хэдий болтол нуугдаж явах юм бол доо.


С.МӨНГӨНЧИМЭГ-ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ДЭД САЙД

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ намдаа төдийгүй улсад нөлөөтэй байгууллага болсныг гэрчлэх бас нэгэн томилгоо бол тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгийн томилгоо байв. “Улс  төрд сонсогдоогүй нэр, үзээгүй зүс” гэсэн тодотголтой тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдын суудалд чимээгүйхэн томилогдсон.  Хангалуун амьдрал туулж, халгиж  цалгиж яваа сайд Н.Номтойбаяр харц, борчуудын зовлонг мэдэж, мэдэрч шийднэ гэдэг нь   итгэлгүй хэрэг тул бүсгүй хүний мяндсан ухаан нэмэх үүднээс  С.Мөнгөнчимэгийг томилсон байх магадлалтай.

С.Мөнгөнчимэгийн CV-д МАН-ын дэргэдэх залуучуудын холбооноос ажлын гараагаа 2001 оноос эхлүүлж, улс төрийн ажилтан, ахлах ажилтнаар долоон жил ажилласан, дараа нь төрийн алба, бизнесийн байгууллагад чамгүй олон жил зүтгэсэн, энэ хугацаанд холбооныхоо Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан гэж CV-нь дурджээ.  Эгэл иргэдийн өдөр тутмын амьдрал, дээрээс нь зорилтот бүлгийнхний зовлон жаргалын дэнсийг тэнцүүлж, чиглүүлж авч явах хүндхэн ачааг  МАН идэр залууст үүрүүллээ.


Ё.ОТГОНБАЯР-БСШУС-ЫН ДЭД САЙД

Дэдэд гоёдсон томилгоо гэж Ё.Отгонбаярыг л хэлэх байх. Тэргүүн сайдтайгаа суудал андуурагдан томилогдсон хэмээх хов түүний зангарагийг бэлээхэн харуулна. Намдаа төдийгүй нийгэмдээ сайн муугаар танигдаж, тулхтай улстөрчөөр олонтаа нэрлэгдсэн Ё.Отгонбаяр салбарынхаа дэдийг түүртэлгүй авч явах тэнхээтэй эр. Тэрбээр 1989 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн. Дипломатч мэргэжилтэй, Ph доктор зэрэгтэй. 1989-1991 онд Гадаад явдлын яаманд атташе, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Гадаад хэргийн яаманд ажилтан, 1997-2000 онд "Баянгол ЗБ" ХХК-ий ерөнхий менежер, захирлаар ажиллаж байв.

2001 оноос улстөрд идэвхийлэн оролцож,  2001-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 2004-2008 онд Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны даргын албыг тус тус хашжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг аль хэдийнээ таньсан. Урьд нь салбарын сайдын албыг хашиж байхдаа "Монголын уламжлалт баяр: Наадам", "Монгол ардын хөөмэйн урлаг"-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд ихээхэн анхаарсан хэмээн соёл, урлагийн салбарынхан ам сайтай байдаг юм билээ. Боловсролыг ч бохир нэрэнд хутгалгүй эвтэйхэн авч явсан түүний хувьд эхнэрийнхээ дансаар мөнгө угаасан гэх “хар данс” бас бий. Гэвч тэрбээр энэ асуудлыг хууль хяналтаар шийдвэрлүүлж, энэ тухайгаа олонтаа мэдээлж, хэсэгтээ л хэвлэлийнхэнтэй үзэлцсэн.


Ж.САУЛЕ-ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД

Баян-Өлгийн уугуул, казак үндэстэн дундаас цойлж гарсан хуруу дарам цөөн эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр харагдаж байгаагаасаа илүү хүчирхэг. Өмнө нь хөдөө аж ахуйн дэд сайдын албанд дөрвөн жил зүтгэхдээ  тус салбарын сайн мууд эр хүнээс дутахгүй эрэмгий ажилласныг олон үйл явдал гэрчилдэг.  Тэрбээр нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Түүний нөхөр М.Зулкафиль МУИС-ийн сэтгүүлзүйн салбарыг олон жил нуруундаа тээж яваа нэгэн.

Ж.Сауле багш мэргэжилтэй. Тэрбээр Эрдэнэт хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1978 онд төгсөөд  Орос хэлний багшийн дээд сургууль, Москвагийн орос хэлний багшийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Хожим нь  МУИС-ийг 2001 онд,  Удирдлагын академийг 2005 онд төгссөн бадаг. Түүнчлэн Герман, Болгарт хөдөө аж ахуй, газар тариалан, Япон, Солонгост хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

1983-1996 онд л мэргэжлээрээ ажилласан энэ эмэгтэй төрийн албаны ажлын гараагаа 2002 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах зохион байгуулагчаас эхлүүлжээ. Дараа нь  2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2013 оноос Монгол Ардын намын Зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Төрийн албанд 23 жил ажилласан бөгөөд МАН-д ч хичээнгүй зүтгэсэн. Намдаа үнэнч, салбартаа хичээл зүтгэл гаргасных нь хариуд дахин дэд сайдын суудлаар “шагнасан” гэх жиг жуг одоо ч тасраагүй. Гэхдээ түүнийг шинэхэн сайд П.Сэргэлэнд өмөг түшиг болог гэж намаас нь даалгасан байхыг ч үгүйсгэхгүй.


Б.ЦОГТГЭРЭЛ-ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД

“Шилэн Цогоо” гэх хочоо нэрийн хуудас болтол нь хөгжүүлж чадсан энэ залуу дэдүүд дундаа хамгийн залуу нь. 1980-аад оны төлөөлөл болсон түүний ажил, амьдралын гараа жирийн нэгэн FM-ийн хөтлөгчөөс эхэлсэн гэдгээрээ төдийгүй хөндөж буй буй асуудал нь “Эгэл ардын хүү” гэх тодотголыг авчраад байгаа юм.  Тэр бас тууштай нэгэн. “Ялсан нам манайх” гэсэн зарчимтай залуусаас ялгаатайдаа тэрбээр дэд сайдын сэнтийд хүрсэн.   МАН-ыг ядарч тэвдэж явсан 4 жилд хэвлэлийнхнээс дутахгүй “хоточ “банхар”-ын үүргийг гүйцэтгэснийх нь шагнал ч гэж болно.

Гэвч тэрбээр Зам тээврийн салбартаа бол “Хүний хүн”. 1998 онд нийслэлийн 10 жилийн 5 дугаар дунд сургууль, 2011 онд “Роял” олон улсын дээд сургууль, 2013 онд Лондонгийн “Ковентри” их сургуулийн Төрийн удирдлагын институт, 2014 онд “Их засаг” их сургуулийг тус тус төгссөн, олон улсын бизнес, менежер, төрийн захиргааны удирдлагын магистр мэргэжилтэй энэ залууг салбарын мундаг инженерүүд бол үл тоодог. Улаанбаатар төмөр замыг төлөөлөх советийн гишүүн болоход нь эсэргүүцэгчид түүнийг “Ядаж л орос хэл, орос школтой байсан бол түүнд найдах сан” хэмээн шогширч байсан. Эрх мэдэл, албан тушаал бүхнээс хүчтэй энэ нийгмийн өнгийг илтгэгч нь ганц Б.Цогтгэрэл биш.

Дэд сайд Б.Цогтгэрэл нийгмийн сүлжээний идэвхтэй жиргээч. Зөвхөн твиттерт гэхэд л 160 мянган дагагчтай түүний жиргээний сэдэв өргөн хүрээтэй. Идсэн хоол, өмссөн хувцаснаас эхлээд нийгэм, улстөр, нам хүчний өнгө аястай жиргээг завсаргүй шидэж байдгаас нь харвал тэрбээр PR-ын баг хайлгүйгээр сурталчилгаа явуулах боломжийг хэдийнээ бүрдүүлсэн. Тэрбээр Шилэн дансны хуулийн хэрэгжилт хийгээд төрийн албаны ил тод байдлын талаарх асуудлыг твиттерт л анх хөндөн бичиж, олны дунд “Шилэн Цогоо” тодотголтой болсон. Хамгийн сүүлд Аудитын ерөнхий газрын дарга Зангадыг дуэлд дуудаж, байгууллагынх нь гадна талд гал тавьж айлгаснаас хойш харин “шилэн” дансны талаарх шаардлагаа түр зогсоогоод байгаа.

Зам тээврийн салбарыг урьд нь ахалж байсан М.Зоригт сайд байхдаа салбарт болж буй үйл явдал, болохгүй бүтэхгүй байгааг ч нийтийн сүлжээнд нэгбүрчлэн мэдээлдэг байсан. Харин шинэхэн дэд сайд тэр түүчээг зөв зүйтэй талаас нь үргэлжлүүлээсэй гэсэн хүлээлт нийтийн дунд байсаар байна.


Б.ЭНХБАЯР- ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД

Хуульзүйн салбарт харин чиг нүдээ олсон дэд сайд томилсон хэмээн салбарынхан ам сайтай байна. МАН-ынхан дундаа эрмэг, зоримог, шийдмэг байдлаараа ялгарч чадсан дэд сайд  Б.Энхбаяр Дорнод нутгийнх.  Аймгийн дарга Баттөмөрийн хүү гэдгээрээ төдийгүй салбартаа танигдсан залуу боловсон хүчин гэдгээр нь нутгийнхан нь үнэлдэг юм билээ. “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд ажилласан зургаан жилээс бусдад тэрбээр улс төрийн хүрээнээс холдоогүй. УИХ-ын гишүүний туслах,  УИХ дахь МАН-ын бүлгийн  ажлын албанд референт, зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байв. Үндсэн хуулийн цэцэд байн байн өргөдөл өгдөг заргач залуу гэх тодотгол ч түүнд бас бий.  

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас гадна  АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайвань, Швед, Австрали улсад Хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй, орос, англи хэлний мэдлэгтэй энэ залууг зөв залж төрд хэрэгтэй зайран болно гэсэн төлгийг ахмадууд хэлж байна. Тиймээс ч нам дагасан явцуу үзэл бодол, даргад тал зассан зусарч зангаар угжуулчихалгүй, дүн банг нь тааруулан урагшилбал ихийг дуулгаж мэднэ гэсэн горьдлого олны дунд байгаа.

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын кабинетад ажиллаж буй 13 дэд сайдын CV-г дэлгэрүүлж  харвал ийм. Эдгээр дэд сайд нарын дөрөв нь эмэгтэй. 70 гаруй хүн өрсөлдсөнөөс нууц санал хураалтаар дээрх 13 хүнийг дэд сайдын албан тушаалд томилж, итгэл хүлээлгэн ажиллуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж