Монгол дахь турк сургуулиудыг хаахыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2016.11.08-нд нийтлэгдсэн

Монгол дахь турк сургуулиудыг хаахыг шаарджээ

Турк улсад өнгөрсөн долдугаар сард гарсан цэргийн эргэлтийн оролдлогод Фетулла Гуллен гэх номлогчийг буруутгаж байгаа юм. Туркийн төрийн “дайсан” болсон энэ хүн алс холын АНУ-д “бүгэн” Анкарад цэргийн эргэлтийг зохион байгуулах хэмжээний нөлөөтэй аж.

Фетулла Гуллен

Долдугаар сарын 15-ны цэргийн эргэлтийн оролдлогын улмаас 246 хүн амь үрэгдэж, 2100 гаруй хүн гэмтэж бэртсэн хэмээн засгийн газраас мэдээлжээ. Фетулла Гуллен нь цэрэг, цагдаа, хуулийн институтыг байгуулах замаар “параллель улс” байгуулж, хувийн дунд болон их дээд сургуулиар дамжуулан дагалдагчаа бэлтгэдэг хэмээн эрх баригчид буруутгаж байна.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төрийн эргэлтийг таслан зогсоосны дараа хамгийн түрүүнд гаргасан зарлиг нь гурван сар онц байдал тогтоож, Фетулла Гуллены удирддаг Фетулла террорист байгууллагын (FETO) үйл ажиллагааг таслан зогсоох байв. Энэ хүрээнд Туркэд тус байгууллагатай холбоотой 1000 гаруй хувийн сургуулийг хааж, 20 мянга гаруй багш, төрийн албан хаагчийг ажлаас нь халжээ. Хаалгаа барьсан сургуулиудад суралцаж байсан хүүхдүүдийг өөр улсын сургуулиудад шилжүүлсэн байна.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган

Туркийн ерөнхийлөгчийн зарлигаар 1043 хувийн дунд сургууль, 1229 сан, нийгэмлэг, 35 эрүүл мэндийн институт, 19 холбоо, 15 их сургуулийг хааж, өмчийг нь улсын орлого болгожээ. Фетулла террорист байгууллагын эсрэг Туркэд өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнөж, олон улсад шахалт үзүүлж эхлээд буй нь энэ аж. Төрийн эргэлт гарахаас өмнө ФЕТО байгууллагатай холбоотой 800 дунд сургууль, 600 боловсролын инстиутыг хаагаад байсан аж.

Үүнээс гадна Эрдоганы засгийн газраас олон улсад үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудыг хаалгахаар хичээж, зарим улсад шахалт үзүүлж байна. Туркийн засгийн газраас Сомали, Эквадорын Гвиней, Йордан, Азербайжан зэрэг улс дахь хувийн сургуулиудыг асуудалгүй хаалгаж дөнгөсөн бол ардчилсан орнуудад энэ ажил амаргүй байгаа аж. Тухайлбал, Монголд 20 гаран жил үйл ажиллагаа явуулж, хувийн боловсролын байгууллагуудын тэргүүн эгнээнд олон жил бичигдсэн Турк сургуулиудыг хаалгах нь хялбар биш. Багш нарын ихэнх нь Туркийн нэр хүндтэй их сургуулиудыг төгссөн хүмүүс бөгөөд төгсөгчид нь Турк, Европ болон АНУ-д суралцах боломжтой байв. Хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр анх 1994 онд Улаанбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймагт Монгол-Туркийн хамтарсан сургууль байгуулагдсан бол Эрдэнэт хотод 1999 онд аймгийн Засаг даргын захирамжаар хамтарсан сургууль байгуулагджээ.

Долдугаар сараас хойш Анкарагийн талаас Монгол дахь турк сургуулиудыг хаалгахаар эрчимтэй ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн аравдугаар сард  Туркийн улс төрч Нуреддин Небат, Абдулкадир Акгуль, Решит Полат, Фехми Купчу, Зия Актунялдыз, Эркан Хаберал  болон Бюлент Йенер Бектасоглу нар Улаанбаатарт ирж Монголын Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд болон парламентын даргатай уулзсан байна. Уулзалтын үеэр Турк сургуулиудыг хаалгах талаар хэлэлцжээ. Өмнө Монголын зарим хэвлэлүүдэд “Анкарагийн хүсэлтээр Улаанбаатар дахь турк сургуулиудыг хааж, Туркийн компаниудын хөрөнгийг битүүмжилж, туркчуудыг нутаг буцааж магадгүй” гэсэн мэдээлэл нийтлэгдэж байв. Үүний зэрэгцээ өнгөрсөн аравдугаар сард Монгол улс дахь Туркийн элчин сайд эрх баригчдад хандан ФЕТО байгууллагын аюулын талаар сэрэмжлүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж