Хэсэг хугацаанд зогсоод байсан ипотекийн зээл олголтыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн талаар Монголбанкнаас мэдээлж байна. Ингэхдээ шинэчилсэн журмаар олгож байгаа юм.
Шинэ журамд зээл авахаар хүссэн иргэдийн бүрдүүлэх материал, олголтод онцын өөрчлөлт ороогүй аж. Төв банкны мэдээлж буйгаар үндсэндээ хоёр төрлийн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Ипотекийн зээлийн санхүүжилтийг хэдий хэмжээний эргэн төлөлттэй байна, тэр чинээгээр санхүүжилт хийгдэх юм байна. Арилжааны банкуудад төв банкнаас тухайн сардаа олгох зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг мэдэгдэнэ. Ингээд арилжааны банкууд өөрийн санхүүжилтээр зээлээ олгоод дараа нь Монголбанкнаас санхүүжилтээ авах байдлаар зохицуулах юм байна.
Харин хоёрдугаар өөрчлөлт нь зээл авагчтай холбоотой. Тухайлбал, зээл авч буй иргэн өмнө нь энэ төрлийн зээлийн ямар нэг үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьжээ. Учир нь зарим иргэд нэр дээрээ хэд хэдэн ипотекийн зээл авсан тохиолдол багагүй бүртгэгдсэнтэй холбоотойгоор ийм өөрчлөлт хийсэн байна.
Ямартай ч томоохон хоёр өөрчлөлтийг ийнхүү тайлбарлалаа. Энэ журмаар өнгөрсөн долоо хоногоос ипотекийн зээлийг олгож эхэлжээ.
Тэгвэл “Хаан банк”-наас зээлээ хэрхэн олгож буй талаар тодруулсан юм. “Монголбанкнаас өгсөн санхүүжилтийн хэмжээнд тааруулаад өнгөрсөн долоо хоногоос зээлээ олгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд олон иргэнээс зээлийн материалаа бүрдүүлж өгөөд, судалгаа хийгдээд шийдвэр нь гарсан байсан. Ийнхүү зээл олгох шийдвэр гарсан ч санхүүжилтгүйн улмаас хүлээж байсан багагүй иргэн бий. Тэдгээр иргэдийн зээл эхнээсээ гарч байгаа. Санхүүжилтийн тогтоосон хэмжээнээсээ шалтгаалаад зээлээ үргэлжлүүлээд явуулна” гэх мэдээллийг өглөө.
Б.ЗАЯА
Шинэ журмыг эндээс харна уу.