Их дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болгон төгсгөхөд чиглэсэн “Дээд боловсролын шинэчлэл” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг Засгийн газраас 2.22 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Чанартай төгсөгч бэлтгэх хүрээнд их, дээд сургуулийн багш ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад чиглэн ажиллаж байгаа аж.
Энэ төсөл 2018 онд дуусах юм. Төсөл хэрэгжсэн өнгөрсөн дөрвөн жилд их, дээд сургууль төгсөгчийн чансаа, сургалтын хөтөлбөрт хэрхэн өөрчлөлт гарсан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалаас тодрууллаа.
-“Дээд боловсролыг шинэчлэх” төсөл дөрвөн жил хэрэгжлээ. Эхнээсээ их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт гарч, чанар сайжирсан үр дүн гарч байна уу?
-Төслийн үр дүнд олон ажил хийсэн. Боловсролын ажлын үр шим нь тодорхой хугацааны дараа гардаг. Төслийн хүрээнд хөтөлбөрийн чанарыг сайжруулах, 60 профессор багшид 68 сая төгрөгийн тэтгэлэг олгосон. 10 гаруй сургалтын байгууллагыг хөгжүүлэхээр тэтгэлэг олгосон. 117 оюутанд сургалтын орчин, сурах үйл ажиллагаагаа сайжруулахад чиглэсэн тэтгэлэг олгоод байна.
Төслийн явцад хяналтыг тогтмол хийж байгаа. Судалгааны 60 төсөл хэрэгжүүлж байгаа. Төслүүдийн явцыг харахад 1-2 нь л удаашралтай байгаагаас бус 90 гаруй хувь нь амжилттай хэрэгжиж байгаа. Оюутны төслүүдээс олон үр дүн гарсан. Сургалтын орчноо сайжруулсан олон туршлага байна. Эрдэнэт, Дархан хотод хэрэгжиж буй оюутны төслүүдтэй танилцсан.
Сургалтын хөтөлбөрийн чанар, нийцлийн хувьд багц цаг, кредит цаг гэсэн тогтолцоог улсын хэмжээнд жигд ажиллуулах тал дээр судалгааны ажил явуулсан.
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, чанартай төгсөгч бэлтгэх нь төслийн гол үр дүн. Энэ тал дээр хэр үр дүн ажиглагсдан бэ?
-Төслийн хүрээнд, шинэчилсэн аргазүйгээр суралцаж эхэлсэн оюутнууд одоо дөнгөж хоёрдугаар курсэд орсон. Тэгэхээр энэ тал дээр дүгнэлт хийхэд арай эрт байна. Энэ хүүхдүүд дөрөвдүгээр курсээ төгссөний дараа албан ёсны тоо судалгаа, чанарын үр дүн гарна.
Бид академик чиглэлээр сургалтаа явуулдаг байсан. Гэтэл олон улсын судалгаа, дэлхийн жишгээс харахад манай сургалт нь зах зээлд нийцсэн чадамжийг олгож чадахгүй гэх шүүмжлэл гарсан. Зөвхөн академик боловсрол чиглэлээр сургалтаа явуулахад онолын мэдлэгээс гадна багаар ажиллах чадвар, нийгэмд ажиллаж амьдрах чадвар дутмаг гэж гардаг. Тэгэхээр шинэ аргазүйгээр бол төгсөгчдийн чадамжийг гурван түвшинд авч үзэж байгаа юм. Тухайн салбарын, мэргэжлийн мэдлэг, түүнийгээ ашиглах чадвар, тухайн хүний төлөвшил хандлагад чиглэж байна гэсэн үг. Тэгэхээр тодорхой өөрчлөлт гарна гэж харж байгаа.
-Төсөл хэзээ дуусч, тодорхой үр дүн гарах вэ?
-Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хувьд 2012 онд хэрэгжиж эхэлсэн. Ингээд 2018 оны арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилж эхнээсээ үр дүн гарна.
Б.ЗАЯА