Жүжигчин Б.Эрдэнэцэцэг одтой, онгодтой байна

Хуучирсан мэдээ: 2016.11.08-нд нийтлэгдсэн

Жүжигчин Б.Эрдэнэцэцэг одтой, онгодтой байна

Тайз, дэлгэцийн уран бүтээлд олон сайхан дүр бүтээсэн жүжигчин Б.Эрдэнэцэцэг драмын сайхан бүсгүйчүүдийн нэг байсан. Тэрбээр ажлаасаа гараад удаж байгаа бөгөөд хувийн бизнест анхаарлаа хандуулахын зэрэгцээ чадварлаг жүжигчин бэлтгэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ зарцуулж байна. “Mоvie and Theatre” мэргэжлийн сургалтын төвийнхөө үүд хаалгыг улаан хивсний ёслолтойгоор энэ сарын 4-нд нээжээ.

Нас ахих тусам улам зүс нэмж буй жүжигчин Б.Эрдэнэцэцэг урлагийн салбарынхаа хойч үеийг бэлтгэхээр шийдсэн аж. Тэрбээр тайз, дэлгэцийн жүжигчин, нүүр хувиргагч, зураач гэсэн чиглэлээр сургалтыг мэргэжлийн хамт олны бүрэлдэхүүнтэйгээр явуулах юм байна.

Шинэхэн сургалтын төвийнхөө талаар жүжигчин Б.Эрдэнэцэцэг ярихдаа “Урлагийн мэргэжлийн талаас мэргэжлийн нүүр хувиргагч, мэргэжлийн зураач ховор байдаг. Тийм учраас энэ талын мэргэжилтнүүдийг бэлтгэх хэрэгтэй гэдэг үүднээс сургалтын төвөө нээсэн. Гэхдээ сургалтын төвд хамрагдах хүсэлтэй 12-оос дээш насны хүүхдүүдийг шалгаж авна. Тэгэхгүй бол хүүхдүүд сонирхож, орчихоод дэмий цаг хугацаа, мөнгөө зарцуулах асуудал бий. Тиймээс сургалтын төвдөө тодорхой шалгууртайгаар, цөөн тооны элсэгч хүүхдүүдийг хамруулах болно” гэсэн юм.

Тэрбээр хамгийн сүүлд “Ээж” уран сайхны киног найруулж, чамгүй найруулагч гэдгээ харуулсан билээ. Тэгвэл жүжигчин Б.Эрдэнэцэцэг дараагийн уран бүтээлийнхээ ажилд хэдийнээ оржээ. Түүний дараагийн дэлгэцийн бүтээл хөдөөгийн малчин охины тухай өгүүлэх бөгөөд ирэх нэгдүгээр сард уг киноныхоо зураг авалтыг хийх гэнэ.  Ийнхүү нас ахих тусмаа жүжигчин бүсгүй одтой, онгодтой явна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж