Он дуустал НӨАТ-ын сугалааг хоёр удаа явуулна

Хуучирсан мэдээ: 2016.11.07-нд нийтлэгдсэн

Он дуустал НӨАТ-ын сугалааг хоёр удаа явуулна

-НӨАТ-ын буцаан олголтод 38 тэрбумыг төсөвлөжээ-

НӨАТ-ын 20 хувь буюу нийт худалдан авалтын хоёр хувьтай тэнцэхүйц хэмжээний урамшууллыг эцсийн хэрэглэгч буюу иргэдэд олгох тухай хууль хэрэгжиж эхлээд чамгүй хугацаа өнгөрч байгаа. Иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс сар тутам сугалаа явуулж, азтан тодруулж байгаа ч НӨАТ-ын буцаан олголт тойрсон эргэлзээтэй асуултууд олноороо гарах болсон. Тиймээс бид Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодрууллаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг зогсоож байгаа гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ташаа мэдээлэл байна. НӨАТ-ын буцаан олголтыг хуулийн дагуу олгож эхэлсэн. Цуцаллаа гэхэд хуулиа өөрчилж байж л цуцална. УИХ-аар энэ тухай огт хэлэлцээгүйг хүмүүс мэдэж байгаа биз ээ. Монгол Улсын хуулийг ам дамжсан яриагаар шийдэхгүй, тиймээс баримтаа урьдын адил бүртгүүлж, сугалаандаа оролцож байхыг сануулъя.

-Буцаан олголтыг яг хэзээ өгөх вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны долдугаар сарын 09-ний өдөр УИХ-аар батлагдсан бөгөөд уг хуулиар эцсийн хэрэглэгч буюу албан татвар төлөгч иргэн та худалдан авсан бараа, ажил үйлчилгээнийхээ 20 хүртлэх хувийг төрөөс буцаан олгох шийдвэр гарсан. www.ebarimt.mn цахим хуудсын хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт бүртгүүлсэн төлбөрийн баримтуудыг үндэслэн хоёр хувийн буцаан олголтыг тооцох бөгөөд таны бүртгүүлсэн арилжааны банкны дансаар урамшууллыг дараа оны нэгдүгээр сард олгоно гэж хуульд заасан. Тэгэхээр 2016 оны турш бүртгүүлсэн баримтын нийт үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 2017 оны нэгдүгээр сард олгоно.

-Буцаан олголтод нийт хичнээн төгрөг олгохоор тооцсон бол?

-Ирэх оны төсвийн төсөлд нийтдээ 38 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Төсвийн төслийг УИХ-аар гурван удаа хэлэлцдэг. Түүний дараа энэ дүнг баттай хэлэх боломжтой. 38 тэрбум төгрөг гэдэг бол оны төгсгөлд нэмэгдэж байдаг худалдан авалтыг тооцож өсгөсөн дүн байгаа юм.

-Сар тутам явуулдаг НӨАТ-ын сугалаа хэвийн явагдаж байгаа юу?

-Тийм ээ, хэвийн үргэлжилж байна. Хамгийн сүүлд аравдугаар сарын 30-ны өдөр 16 дахь удаагийн тохирлыг явуулсан. Дараагийн сугалаа арваннэгдүгээр сарын 20, арванхоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд болно. Өөрөөр хэлбэл, он дуустал НӨАТ-ын сугалааг хоёр удаа зохион байгуулна.

-Иргэдийн идэвх, баримт бүртгүүлэлт буурсан тал байна уу?

-Сар тутам 18 сая төгрөгийн баримт бүртгүүлдэг хэвээрээ байгаа.

-Иргэдийн зүгээс баримт бүртгүүлэхтэй холбоотой гомдол гардаг. Жишээ нь, бүртгүүлсэн баримт ebarimt.mn цахим хуудсанд "системд ирээгүй" гэсэн тайлбартай харагдаад байдаг. Үүнийг яаж бүртгэх вэ?

Баримтын мэдээлэл системд ирээгүй гэдэг нь таны худалдан авалт хийсэн буюу баримт өгсөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нь борлуулалтын дүн, мэдээллээ татварын ebarimt.mn цахим нэгдсэн системд илгээгээгүй гэсэн утга юм. НӨАТ-ын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 17.3.3 дахь заалтын дагуу НӨАТ суутган төлөгч нь 72 цагийн дотор борлуулсан ажил үйлчилгээний дүнг нэгдсэн системд илгээх үүрэгтэй юм. Үүний улмаас "системд ирээгүй" гэсэн төлөвтэй харагддаг.

Сугалаанд хожсон мөнгө дансанд орохгүй байна гэж зарим иргэд бухимддаг. Энэ нь ямар учиртай вэ?

-Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар баталсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 7.3-д "хүсэлтээ баталгажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно" гэж заасан байдаг. Энэ дагуу хүлээгдэж байх магадлалтай. Нөгөөтэйгүүр иргэд дансны мэдээллээ зөрүүтэй илгээсэн, хүсэлтээ баталгаажуулахдаа буруу баталгаажуулсан зэрэг шалтгааны улмаас сугалааны мөнгө дансанд орохгүй байж мэдэх юм. Тиймээс татварын байгууллагад хандах хэрэгтэй.

-Баримт бүртгүүлэхдээ ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр, нууц үгээ мартчихсан тохиолдолд хаана хандах вэ?

-Ийм тохиолдолд дараах байдлаар нууц үгээ сэргээж болно .

Эхний ээлжинд e-barimt.mn цахим хуудасны "Бүртгэл сэргээх" гэсэн цэсээр хандаад өөрийн мэйл хаягаар авах, эсвэл 131313 дугаарт бүртгэлтэй утаснаасаа ? /асуултын тэмдэг/ явуулж мессеж бичих хэрэгтэй. Татварын ерөнхий газрын зөвлөгөө өгөх 1800-1288 тусгай дугаарт холбогдоод, "3" товчлуурыг сонгон мэдээлэл авч болох юм.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж