Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал аравдугаар сарын сүүлээр хуралджээ. Хурлаар Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж, мөрдөхөд илүү ойлгомжтой болгох зорилгоор холбогдох журмыг гаргасан байна.
Тодруулбал, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7 дугаар зүйл буюу “Бөхийн цээр, зэм шийтгэл” хэсгийг онцлон хэлэлцэж, 7.3-ийн “Г” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах журмыг гаргажээ.
Заал танхимд, үзэгчдийн дунд өмсгөлөө өмсөж, соёлгүй байдал гаргавал хариуцлага хүлээлгэнэ.
Дээрх заалтад “Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнөжудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ” гэсэн байдаг бөгөөд энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах, ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй гэж тодруулсан байдаг.
Тэгвэл шинээр баталсан журмаар Дүрмийн 7.3-Г-д бөхийн цээрлэх хэсэгт заасан “Олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргах” гэдэгт дараах зүйлийг тооцохоор нарийвчилжээ. Үүнд,
Заал танхимд, үзэгчдийн дунд өмсгөлөө өмсөж, соёлгүй байдал гаргах,
Барилдааны эхэнд үзэгчид бөхчүүдээ үл хүндэтгэн жагсаж гарахгүй байх,
Цолтой бөхчүүд зориулалтын суудалд суухгүй байх,
Өрсөлдөгч бөхдөө болон засуул цэцдийн шаардлагын эсрэг заналхийлсэн үг (ална хядна, хохь чинь гэх мэт) хэлэх буюу тийм үйлдэл (гараа далайх, салаавч үзүүлэх гэх мэт) гаргах,
Бөхийн дэвжээ, наадмын талбайд болон олон нийтийн өмнө бүдүүлэг үг, хараал хэлэх,
Барилдаан захалсан үед учраа бөхөө илэрхий элдэн хөөж, хашлага болон саад болох зүйл рүү зориуд мөргүүлэх,
Өмсгөлөө бүрэн гүйцэд хэрэглээгүй буюу өмсгөлийн стандарт хангаагүй байх, энэ талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байх,
Барилдааныг түр зогсоох үед зориуд мэх хийх,
Шаардлагагүй үед эмч рүү дахин дахин очих, зөвшөөрөлгүйгээр барилдаанаас завсарлага авах (амрах, цай, ус, ундаа уух гэх мэт)
Эдгээр үйлдлийг гаргасан бөхчүүдийг олон нийтийн өмнө жудаггүй зан авир үзүүлсэн гэж үзэх ба тухайн бөхийг дүрмийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болж байна.
Б.БАЯСАХ