-Хязгаар нутгийн хязгааргүй тэмүүлэл…-
Газар зүйн байрлалаараа баруун өмнөд нутагт хамаарах, Хятадын хамгийн ядуу мужийг зорих авайд хоногийнхоо хоолны төлөө борви богс хийлгүй ажиллах хямд хүчин, нурах шахсан шавар тагз, харц тулгарвал ачаа тээш аваад гүйхэд бэлэн гурван дугуйттай хөлсний тэрэгчин, юугаар хийсэн нь эргэлзээтэй хямд хоол гээд арван хэдэн жилийн тэртээд үзсэн Эрээний дүр зураг эрхгүй толгойд бууна. Аль ч газрын ядуус тиймэрхүү л байдаг хойно, төсөөлөл тодорхой. Хэдийгээр хамгийн хурдацтай хөгжиж буй муж гэх дулимаг мэдээлэл өгсөн ч “юу л шалиа аж” гэх хуумгай бодлоор хандав.
Бидэнд газарчлан буй намдуу нуруутай эр байнгын инээж явахын дээр “Энэ бол…” гэх үгийг байнга давтах хэлмэрч /ӨМӨЗО-ны засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны албаны дарга/ Баянжаргалаас асуувал “Өөр шүү. Өөрсдөө үзнэ ээ” гэж өргөлттэй хэлэхээс хэтрэхгүй.
Бодит байдал дээр тэнгэр баганадсан барилгууд, 4-6 давхар, баруун, зүүн, хойш, урагшаа чиглэн сүлжилдсэн зам, нэгээс нөгөө уулын хооронд унжуулсан гүүр нүд баясгана. Хаа сайгүй бүтээн байгуулалт. Орчин үеийн шинэ хот босч буй нь энэ ажээ.
Энэхүү муж нь 2015 онд ДБН/Дотоодын нийт бүтээгдэхүүн/-ийн өсөлтөөрөө мужуудаас хоёрт жагсчээ. Сүүлийн үед үсрэнгүй хөгжиж буй. Гурван жилийн өмнө мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 800 тэрбум юань хүрч, 2012 оны мөн үеэс 12.5 хувиар өссөн бол энэ өсөлт өнгөрсөн онд нэг их наяд руу дөхжээ.
Хүн амын хувьд 35 орчим сая хүн амтай. Хамгийн олон үндэстэн буюу Хятадын 56 үндэстнээс 48 нь оршин суудаг муж аж. Тэдний тоонд 40 мянга гаруй Mengguzu буюу Монгол, Manzu буюу Манж үндэстэн багтана.
Тиймээс бусад муж шиг нарийн тогтсон жаяг, нийтлэг ёсон ховор. Тэднийг зангидаж буй нийтлэг эрх ашиг нь хөгжил. Биедээ уусан алга болохоос илүү эсрэг үзэгдэл сүүлийн тавин жилд өрнөжээ. 1950-иад оноос хойш Гүйжөү мужийн цөөнх үндэстнүүд хоёр дахин өсч, дундаж өсөлт 2.33 хувьд хүрсэн гэх албан тоо байна. Энэ нь Хятадын хүн амын дундаж өсөлтөөс өндөр үзүүлэлт билээ. Ядуу муж гэж эхэнд дурдаж байсан ч ядуусынх нь тоо жилд багцаагаар 2-2,5 саяар буурч буй гэсэн тоон үзүүлэлт ам ангайлгана.
Гүйжөү Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань-Гүйжөүгийн өндөрлөгт орших учраас Хятадын цорын ганц тал нутаггүй муж. Голдуу хадархаг уулс, уулсыг тойрон ой мод хүрээлнэ. Ташаараагүй бол хуурай газар нутгийнх нь 80 гаруй хувийг ой мод эзэлдэг гэнэм. Хойд талаараа Сычуань, өмнүүрээ Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орон, зүүн талаараа Хүнань, баруун талаараа Юньнань мужтай залгаж, далайн төвшнөөс дээш 1000 гаруй метрт орших аж.
Өвлийн хувцсаа өмсөөд хэвшчихсэн энэ цагт тус мужид 18-23 хэмийн дулаантай. Чийглэг уур амьсгалтай юмсанж. Үүгээрээ амьдрахад илүү таатай, жилдээ хоёроос гурван удаа ургац авчихна. Гэхдээ газар тариалан тэдний хөгжлийн гарц биш. Байгалийн баялаг их, 60 гаруй төрлийн ашигт малтмалын ордтой. Үүнээс 16 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний дөрөвт, мөнгөн ус, фосфорын нөөцөөр тэргүүлдэг. 41 төрлийн орд нь нөөцөөрөө бүх Хятадын ижил төрлийн ордтой харьцуулбал эхний аравт багтдаг. 2,2 сая га ой модтой, 3860 төрлийн өвс ургамал, 2600 гаруй эмийн ургамалтай. Хятадын эмийн ургамлын тал нь Гүйжөүд ургадаг гэх ч уул уурхайн салбарыг бас л хөгжлийн тулгуур гэж үзэхгүй байгаа нь учиртай.
Энэ муж ирээдүйн дэлхийд ноёрхлоо тогтоох хүсэлтэй Хятадын хөгжлийнх нь цөм, аялал жуулчлалын гол бүс болно гэж төлөвлөжээ. Эдийн засаг, технологи, иноваци гээд бүхий салбарын судалгаа, нээлтийг хийдэг, туршдаг уураг тархи болох гэнэ. Тиймээс урт хугацааны технологийн, судалгааны нүсэр том төслүүдийг хэрэгжүүлж буй аж.
Үйлдвэрлэл хөгжөөгүй бөглүү газар гэсэн маань эндүүрэл байсан. Тэртээ 1960-аад оноос хүнд аж үйлдвэрийн салбар болох нүүрс, төмөрлөг, хими, машин механик, цахилгаан эрчим хүчний хөгжсөн бол хөнгөн аж үйлдвэрийн салбарт архи, тамхи, нэхмэл сүлжмэл, цаас, арьс шир, торгоны үйлдвэрлэл голлодог. Хүр хорхойн сүлсээр хийсэн торго, Хятадын томчууд л хүртдэг, хэдэн сая төгрөгийн үнэтэй “Маотай” архийг энд л хийдэг.
“Маотай” архийг уухаас илүү түүхийг нь сонсох таатай аж. Уулын цэвэр булаг, сайн чанарын улаан буудайгаар нэрж, заавал 3 метрээс гүн зооринд хадгалдаг гэж. Хятадад ирсэн хүн, нэн ялангуяа Гүйжөүд очсон хүн заавал Маотай архи уух ёстой гэлцдэг.
Гүйжөүгийн ирээдүйн хөгжлийг “Солонгорсон” гэж тодотгож буй эл мужид томоохон нээлт, туршилт, судалгаанд суурилсан үйлдвэрлэлийг хамгийн түлхүү хөгжүүлэх гэнэ. Эхнээсээ ч хэрэгжээд эхэлжээ. Бээжинд болсон Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хурал дээр удирдагч дарга Ши Жиньпин “Цэвэр агаараараа гайхагдсан Гүйжөү муж агаарыг лаазлан худалдаалж ч болох юм” хэмээн наргиа болгон хэлсэн нь хоёр жилийн өмнө ажил бол туршаад эхэлсэн нь туршилт, судалгаа, үйлдвэрлэлийг зэрэгцүүлэн ямар хурдацтай хөгжиж буйг илтгэх мэт.
Үүний нууц нь юунд оршиж буй талаар дараагийн тэмдэглэлээс уншаарай.
Л.НАРАНТӨГС