”Үнэ төлбөргүй” монгол

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

”Үнэ төлбөргүй” монгол

Өнгөрөгч 2009 оны Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэвш­сэн нэг эрхэм “Эх орноо бид эцэг өвгөдөөсөө үнэгүй авсан. Үнэгүй юм үнэгүй л байдаг” гэж гөвдгийм даа. Монголчуудын хэм­жээ хязгааргүй, үнэ төлбөргүй сэтгэлгээний дээд хэлбэр гэж хэлж болох юм. За тэгээд Монголд үнэ төлбөртэй юм гэж бараг байхгүй дээ. Эх орны хувь хишиг гэж нэрлээд байгалийн баялгаасаа үнэ­гүй хишиг хүртэнэ. Эхнэрээ хүртэл үнэ төлбөргүй аваад дээрээс нь урамшуулал болгон төрөөс 500 мян­ган төгрөгөөр шагнаж байгаа юм.

Саяхан телевизээр “Universe best songs” наадамд шалгарагсдад Боловс­ролын сайд шагнал гардуулж байна. Үзэгчдийн таашаал хүртсэн бяцхан оролцогчдод хичээлийн хэрэглэлийг нь үнэ төлбөргүй өгч, тэргүүн байрын эзнийг гадаадад үнэ төлбөргүй су­рах эрхээр шагнаж байна. Нөгөө уралдааныг зохион байгуулагч, орол­цогч, хөтлөгч энэ тэр нь ч гэж хэр таарсан нөхдүүд. Учиргүй баярлаж, алгаа цоортол ташиж, амаа урагдтал магтаж байгаад л тосоод авах юм. Хүний төдий олон сар хөдөлмөрлөж, өрсөлдөж байж хүрсэн амжилтыг “үнэ төлбөргүй” урамшуулна гэдэг ер нь байж болох уу. Ядахдаа сурах бичгийг энэ бэлэглэж, сургалтын төлбөрийг чинь тэр даалаа гээд хэлчихэд яах вэ дээ. 

Уг нь юм бүхэнд өөр өөрийн үнэ цэнэ бий. “Үнэ төлбөргүй” энэ бүх зүйлийг үнийг хэн нэг нь төлж л байгаа. Сурах бичгийн хэвлэлийн компани хэр таарсан өртгөөр хэвлэж, сургалтын зардлыг хэн нэг нь төлж л байгаа. Харамсалтай нь манайхан өөрийнх нь халааснаас гараагүй бол, тэр дундаа төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн ха­лаас­­наас гарч байгаа бүх зүйлийг “үнэгүй” гэж ухамсарлаад сурчихсан.

Төрийн түшээдээсээ эхлээд ингэж яриад, сэтгээд байхаар түү­нийг нь дагаад ард иргэд ч хүртэл бүх зүйлийг үнэ төлбөргүй авахыг бодох нь зүй. Социализмын үед монголчууд “Коммунизмд хүр­чих­вэл бид бүх зүйлийг мөн­гөөр худалдаж авахаа болино. Чадлынхаа хэрээр хийж, хэрэг­цээнийхээ хэрээр авах юм гэнэ лээ” гэж ярьдаг байсан. Тэгээд чадал нь багадаад, хэрэгцээ нь ихдээд байсан учраас л бид коммунизмыг байгуулж чадаагүй хэрэг байлгүй. Ганц “үнэ төлбөргүй байх” зарчим нь л харин үлдэж хоцорч дээ. Телевизийн сурталчилгаа, FM-ээр явж байгаа заруудыг хүртэл анхааралтай сонсоод үзээрэй. Тал хувь нь үнэ төлбөргүй сургалт, үнэгүй урамшууллыг сурталчилж байгаа. Үнэгүй сурч, үнэгүй хооллож, хувцаслаж, өртөг шин­гээгүй бэлтгэгдсэн хүн өөрөө үнэ цэнэтэй байж чадах уу. 

Гэтэл өнөөдрийн бидний амь­дарч байгаа нийгэм бол хүн бүр чадлынхаа хэрээр хий, тэгээд хэрэг­­цээнийхээ хэрээр биш, хийс­­­нийхээ хэрээр амьдар гэдэг зарчимтай. Тэгээд ч үнэгүй юм гэж энэ ертөнцөд байдаггүй, хэн нэг нь түүний үнийг заавал төлж байгаа гэдэгт итгэ. Тэр нь та өөрөө ч байж магадгүй. 
 

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж