Хориглосон дуутай эсэргүүцлийн жагсаал

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Хориглосон дуутай эсэргүүцлийн жагсаал

Белорусийн хотуудад энэ сарын 20-нд уламж­лал болоод байгаа чимээгүй эсэргүүцлийн ажил­лагаа явагдлаа. Энэ тухай “Хартия-97” мэдээлжээ.

Минск хотын Октябрийн талбайд болсон эсэргүүцлийн арга хэмжээнд хэдэн зуун хүн оролцсон тухай гэрч нар ярьж байна. Нийтдээ 20-30 хүнийг барин саатуулсны дотор нэг гэрэл зургийн сурвалжлагч байсан гэнэ. Түүнийг удал­гүй суллажээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар са­рын үймээнээр баривчлагдсан хорих ялаар шийт­гэгдсэн сөрөг хүчний  идэвхтэн Никита Лихови­дын эх мөн саатуулагдсан хүмүүсийн тоонд орсон байжээ.

Өмнөх өдөр нь проку­рорын тэргүүн Григорий Василевич олон нийтийн жагсаал цуглааныг хөөн тараахдаа хуулиа сахихыг Дотоод хэргийн яамнаас шаардаж байв. Тухайлбал, цагдаагийнхан цагдаагийн дүрэмт хувцастай байх ёстой бөгөөд хүн баривчлахдаа бичиг баримтаа харуулах ёстой хэмээн тэрээр  мэдэгдсэн. Гэсэн ч өмнөх шигээ энгийн хувцастай хүмүүс баривчилгаа хийж, баривчлагдсан хүмүүсийг дугааргүй автобусаар зөөж байжээ.

Гудамжаар өнгөрч явсан машинтай хүмүүс жагсагчдыг дэмжин машиндаа эрх баригчдын радиогоор тавихыг хориглосон Виктор Цойн “Перемен!” дууг тавьж байсан тухай “Agence France-Presse”-ийн сурвалжлагч мэдээлсэн байв.

Жагсагчид үе үе “Перемен!” гэсэн уриаг цуу­райтуулж байлаа гэж “Хартия-97” дамжуулжээ. Эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн арга хэмжээ зургадугаар сараас эхлэн лхагва гариг бүрт болж байгаа. Уриа лозунг барихыг эрх баригчид хориглосон учир тэд чимээгүй гэгдэх жагсаалаа нийтийн сүлжээ­гээр тохиролцон алга ташин эсэргүүцлээ илэрхийлдэг. Долдугаар сарын 13-нд тэд сэрүүлэгтэй цаг ашиглаж байсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж