Тамсагийн талын баялаг хэнийх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Тамсагийн талын баялаг хэнийх вэ?

Тамсагийн талд 1993 онд нефть оргилох үест одоо л нефтийн хэрэглээнээс хараат бус болох цаг ирж хэмээн монголчууд хөөрөлхөж байсан цаг саяхан. Ямар сайндаа л Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааж байх вэ дээ. Гэвч баяр хөөр, мялаалга дунд оргилсон нефтийн үр шимийг өнөө хэр та бид эзний ёсоор эзэмшиж хүртэж амжаагүй л яваа. Өдгөө хойд хөршөөс шатахуун түлшний бүрэн хараат атлаа хөрсөн доорх газрын тосоо өмнөд хөрш рүү нийлүүлэх зарчмаар ажиллаж буй энэ төрийн бодлогыг юу гэж ойлгох вэ. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын ид ажлын цагаар орос ах нар шатахуун нийлүүлэхгүй гээд буруу хараад суучих үеэр гэнэт ухаан орсон аятай газрын тос нэрэх үйлдвэр барих, байгуулах талаар доор, дооргүй хэл амаа билүүднэ. Ах нар руу утас цохиж, гуйлга гуйхаар айлчлалаар мордож, асуудлаа шийдэнгүүтээ л ахиад хэсэг мартаж орхино. Тулга тойрч гүйсэнд орвол газрын тосны нөөц бүхий компаниудын үйл ажиллагааг цэгцэлж, дотоодын хэрэгцээг хангах нэрэх үйлдвэртэй болох юм сан даа. Даанч одоогоор олборлолт хийж буй хоёр компанийн байгаа байдал нь үнэхээр таагүй.

Өнөөдрийн байдлаар манайд хайгуулын лиценз нэрийн дор олборлолт хийж, өмнөд хөрш рүү нийлүүлж буй Хятадын хөрөнгө оруулалттай хоёр компани  байгаа. Нэг нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх “Доншин”, нөгөөх нь Дорнод аймгийн Матад суман дахь “Петро-Чайна Дачин Тамсаг” компани. Тэдний эрх мэдэл гэдэг хязгааргүй. Нөхөн сэргээлт огт хийдэггүйгээс байгаль экологид сөрөг нөлөөлөл ихтэй, техник технологийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй, зөвшөөрсөн тооноос хэтрүүлж гадаадын ажиллах хүч нийлүүлдэг гээд тус компаниудыг тойрсон хэл ам бишгүй.

Хоёр компанид хандах хандлага ялгавартай л байх шиг

Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нефтийн ордод Орос ах нарын ажиллаж байгаад хаяад явсан 200 гаруй цооног бий. Эдгээр хуучин цооногийг технологийн алдаатай бөглөснөөс болж газрын тос гадарга руу нэвчиж, тухайн газар нутгийн хөрсийг бохирдуулсаар байгаа. Арваад жилийн өмнөөс хуучин цооногуудыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншин” компани ашиглаж эхэлсэн. Тус компани Цагаан суваргын Цагаан элсний ордын 197 га талбайд хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа аж.

“Доншин” нь олборлосон нефтээ төмөр замаар Хятад руу экспортолдог. Долоо хоногт хоёр удаа 30 гаруй вагоноор нэг нь дунджаар 60 гаруй тонн ачилт хийдэг. Харин “Дачин Тамсаг”-аас ялгаатай нь олборлосон тосны механик бохирдол, усыг цэвэрлэх байгууламжийн тусламжаар боловсруулалт хийж дэлхийн зах зээлийн биржийн үнээс нэгээс гурван доллараар доогуур буюу олон улсын хэллэгээр crude oil анхан шатны боловсруулалт хийсэн тос гаргаж байна. Харин “Дачин Тамсаг” компани нь бохир тос буюу Raw oil гаргаж байгаа. Энэ нь зах зээлийн үнээс бага зарагддаг нэмүү өртөг шингэдэггүй тул манай улсад ашиг муутай байдаг гэнэ. Хамгийн хачирхалтай нь, 2003 оноос өнөөг хүртэл хайгуул хийхдээ туршилтын олборлолт нэрээр экспорт хийж байх юм. Өнгөрсөн жилүүдэд 570.000 баррелийг экспортолсон. Одоогоор 180 мянган баррелийг олборлож байна. Он гарснаас хойш 14 удаа ачилт хийсэн аж. Бүтээгдэхүүн хуваах 97 тоот гэрээг 1997 онд хийсэн. 2003 онд “Доншин”-д бүх эрх нь шилжсэн. Хайгуулын олборлолт Монголд хийгээд арваад жил болж байгаа бөгөөд өнгөрсөн жил 80 мянга тонн тос олборлосон. Энэ жил 70.000 тонныг олборлох ажээ. 180 сая тонн нөөцтэй бөгөөд хайгуулын ажлын хугацаа нь өнгөрсөн онд дууссан ч өнөө хэр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна гэхээр хууль дүрэм тус компанид үйлчлэхгүй байна уу, эсвэл.. Дээрх хоёр газраас өнгөрсөн жил 600 мянган баррель нефть олборложээ. Үүнийг тоннд шилжүүлэх юм бол 100 орчим мянган тонн гэсэн үг. Манай улсын нефтийн бүтээгдэхүүний нийт хэрэгцээ 600 гаруй мянган тонн. Энэхүү хэрэгцээгээр бодож тооцвол нэг сая шахам тонн газрын тос олборлоход л дотоодын хэрэгцээг хангах бага оврын газрын тос нэрэх үйлдвэртэй болох бүрэн боломж бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ.

 Нөхөн сэргээлт “0”

Нэгэнт л олборлолт явуулж байгаа бол ямар ч компани нөхөн сэргээлт хийх ёстой. Гэвч Монголдоо хоёрхон газрын тосны компани нь нөхөн сэргээлийн асуудал дээр хэн хэн нь хөшүүн хойрго хандддаг гэхэд хилсдэхгүй л болов уу. Дорноговь нь элсэрхэг хөрстэй хөрсны ялзмаг багатай тул тарьсан ургамал ургах нь муу байдаг. Гэвч одоогоор оролдлого хийж байгаа боловч үр дүнгээ өгөөгүй байна. Харин “Дачин Тамсаг” компани нь хөрсны хувьд бүрэн боломжтой боловч биологын нөхөн сэргээлт бараг хийхгүй байгаа. Техникийн нөхөн сэргээлтийг “Доншин” нь харьцангуй Дачингаас дээгүүр технологи буюу өрөмдлөгөөс гарч байгаа газрын тосыг уснаас нь ялгаж усыг нь тусад нь нэг нүхэнд тосыг нь тусдаа нүхэнд хийж ,ялгасан усыг дараагийн өрөмдлөг хийхэд ашигладаг гэнэ.Өтгөн шаар хэсгийг нь тодорхой хугацаанд хатааж саармагжуулж байгаад нэг сарын дотор булшилдаг байна. Харин “Дачин Тамсаг” нь нэг нүхэнд ус тосыг хольж хийдэг тул одоог хүртэл техникийн нөхөн сэргээл бараг хийгдэхгүй хоёр гурван жилийн өмнө өрөмдсөн өрмийн ванн одоог хүртэл булшлаагүй хэвээр. Харин нүхэнд дэвсдэг тосыг доош нь нэвчүүлэхгүй хамгаалах хучилтын материал нь стандарт хангахгүй материал харагдсан.Уг нь стандарт материал нь хасах 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй бидний хэллэгээр хатуу целлойд байдаг ба 20 жилийн баталгаатай материал байдаг ч энэ стандартыг хангах бус зүгээр л гялгар уут дэввсэн болоод орхидог. “Дачин Тамсаг”-ийн хар тос бүхий гялгар уутаар хучсан нүхэнд нутгийн залуу унаж нас барсан тохиолдол ч гарч байсан удаатай.

Хоёр компанийн техникийн болон биологын нөхөн сэргээлтийн зардал өдөр шөнө шиг ялгаатай. “Доншин” нь жилийн 20-30 мянган доллар, “Дачин Тамсаг” нь жилийн 7-8 сая доллар нөхөн сэргээлтэд зарцуулдаг гэж тайландаа тусгаж. Хэдийгээр үйл ажиллагааны хувьд хэд дахин бага үйл ажиллагаа явуулдагч энэ зөрүү нь хэтэрхий ялгаатай байна.Үүнийг уг нь Газрын тосны газар хянаж байгаа л байлтай. Нөгөө талаар зам харилцаа, тээвэрлэлт. “Дачин Тамсаг” компанийн тээвэрлэлтийн явцад Мэнэнгийн талд 20 гаруй салаа зам гаргаж, өдөр шөнөгүй тээвэрлэлт хийж, газрын хөрсийг гэмтээсэн. Дээрх байдалд Авто замын газраас хориг тавьж, стандарт  хангасан авто зам тавихыг шаардаж, тээвэрлэлтийг зогсоосон хэдий боловч хэдхэн хоногийн настай хориг байж. Энэ мэтээр тэдэнд манай улсын хууль үйлчлэх тун дургүй бололтой дог шүү.

“Дачин Тамсаг” нөөц ашигласны төлбөр төлдөггүй

Бас нэг сонирхол татсан зүйл бол байгалийн нөөц ашигласан төлбөр. “Доншин” компани нь байгалийн нөөц ашигласан төлбөрт 7.5 хувийг өгдөг бол “Дачин Тамсаг” компани нь улсад нэг ч төгрөг төлдөггүй дархан эрхтэй.Одоогийн шинэ газрын тосны  хуулийн төслөөр мэргэжлийн байгууллагаас нь төлбөрийг 10 хувь гэж тавьж яваа бол Эрдэс баялаг эрчим хүчний яам харин таван хувь гэсэн санал тавьж байгаа гэсэн. Байгалын баялаг ашиглах  хувь дээр манайхан саналын зөрүү их байдаг ба уг нь олон улсын жишгээр 10 -25 хувь байдаг юум билээ. Энэ мэтийн ялгаатай байдал нь “Дачин Тамсаг” компанийн овсгоо гэх үү, Монгол Улсын бодлого гэх үү.

Орон нутгийнхан аргаа баржээ

Өнгөрсөн хавар Дорнод аймагт Ерөнхий сайд С.Батболдыг зочлох үеэр орон нутгийн иргэд лоозон барьж угтсан сурагтай. Учир нь, өнөө л “Дачин Тамсаг”-тай холбоотой. Нөхөн сэргээлт хийлгэх,байгалийн баялагаас иргэд нь хүртдэг болох, газрын тосны үйлдвэр байгуулаач гэх мэт өнгө өнгийн лоозон  шаардлага тавьсан аж. Тухайн үед тус компаниар зочлохдоо Ерөнхий сайд болон төр төлөөлсөн эрхмүүд хойд эцгээсээ юум гуйж байгаа аятай ,байгалийн нөхөн сэргээлт хийж өгөөч, нөөц ашигласан төлбөр рояалти өгөөч,газрын тосны үйлдвэр байгуулж өгөөч гэж гуйж, гувшихийн хооронд учирлаж байсан нь орон нутгийнханд таалагдаагүй гэнэ. Нөгөө талаас “Дачин Тамсаг”-т 3700 гадаадын ажиллах хүч оруулж ирэх эрхийг олгосонтой холбоотойгоор орон нутгаас ажиллах хүч нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг ч тэд хүссэн ч, тухайн үед яриад өнгөрсөн сэдэв болоод өнгөрсөн.

Өдөр шөнөгүй зөөвөрлөгдөн шавхарч буй газрын тосоо харамлахаа байя аа. Бүр хаячихъя. Компанийн борлуулалтын орлого 1000 ам.доллар гэж тооцвол түүний 40 хувийг халаасладагтаа Засгийн газар сэтгэл ханадаг л юм байж, яая гэхэв. Харин үүнийхээ төлөөсөнд бид дэндүү хайран бүхнээ тавиад туух нь ээ.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж