“…… Т.Баасансүрэн абугайн "БУРХАДЫН ЭЛЧ" цувралын эхний хэсэг болох есөн ангит "СУМЫН ЭМЧ" кино дэлгэцнээ гарахад бэлэн болж бэсрэг хэвлэлийн бага хурал хийхэд нь зорьж очсон минь ихээхэн учиртай байлаа. Яагаад гэвэл энэ киног Монголын эрүүл мэндийн салбарт цал буурал болтлоо зүтгэхдээ олон мянган хүний амь насыг аварч Алтай нутгийнхаа ард түмэндээ алтан гартай эмч хэмээн алдаршин хүндлэгдсэн, Монгол Улсын хүний Гавьяат эмч, мэс засалч миний аав Түндэвийн ШАТАРБАЛ, миний аавын хамтран зүтгэгч, эрхэм дотнынх нь анд Монгол Улсын Ардын эмч ШИЖЭЭ ах нарын минь туулсан бодит амьдралд тулгуурлан бүтээсэн болохоор тэр. Би аавынхаа тухай, эмч нарын тухай хамгийн сайн бүтээл гаргана гэж бодсоор мөрөөдсөөр явтал өвгөн ах ийнхүү нэг амьсгаагаар ном, киног зэрэг амжуулж чадсанд атаархаж, баярлаж, бахдахын учир зэрэгцлээ. Энэ өдөр ааваараа бардаж, бахархаж баахан хөөрлөө” гэж Davaadorj Shatarbal нүүр номын хуудаснаа бичжээ.
Сумын эмч нар хамгийн хүнд нөхцөлд ажилладаг. Заримдаа хүүхдийн эмч болно, эх баригч эмч болно. Зүрх, уушгины өвчтөнөө эмчилнэ. Өдөр шөнөгүй цаг наргүй ажиллах сумын эмчийн тьухай цуврал кино үзэгчдийн хүртээл боллоо.
ТВ-9 телевизийн 2016 оны шинэ уран бүтээл “Сумын эмч” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ. Сумын эмч кино нь долоон ангитай бөгөөд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж Говь-Алтай аймгийн Тонхил суманд хувиарлагдсан залуухан эмчийн тухай өгүүлэх юм байна. “Бурханы элч” телевизийн цуврал кино дотроо “Сумын эмч” нэгдүгээр хэсэг “Өрхийн эмч”, хоёрдугаар хэсэг “Ардын эмч” гэсэн гурван хэсэгтэй байх бол энэ удаа “Сумын эмч” нэгдүгээр хэсэг нь долоон ангитайгаар нээлтээ хийлээ.
Кинонд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн залуу эмч Говь- Алтай аймгийн Тонхил суманд хувиарлагдана. Улаанбаатар хотод төрж өссөн нийслэл хүү Шижирнямбуу ажлын гараагаа сумын эмнэлгээс эхэлж, хал үзэж хашир сууж хөдөөгийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эмч болж өсөж хөгжиж байгааг “Сумын эмч” уран бүтээл өгүүлнэ. Нийслэлээс 1000 гаруй км алдслагдсан хөдөөгийн суманд хувиарлагдсан залуухан эмчид тулгарч байгаа бэрхшээл мөн залуусын хайр сэтгэлийн тухай тус кинонд өгүүлэх юм байна. “Сумын эмч” киноны зохиолыг ТВ-9 телевизийн захирал, МУСГЗ Т.Баасансүрэн бичиж, киноны ерөнхий найруулагчаар МУСГЗ О.Соёлт ажиллаж, гол дүрийн жүжигчинд Н.Баттогтох тогложээ.
М.КЕЙТ