“Утаагүй байна гэдэг бидэнд ч бидний үр хүүхдэд ч хэрэгтэй зүйл. Манайх зуух худалдаж аваад ганц нэг удаа хэрэглэж үзсэн. Зуны улирал болохоор нэг их ашиглахгүй байгаа. Гэхдээ хямд үнээр утаа бага гаргадаг, түлш бага ордог зуухтай болно гэдэг бидний хувьд хэрэгтэй зүйл шүү” гэж Ж.Гантөмөр ярьж байна. Тэрээр Чингэлтэй дүүргийн X орооны иргэн. Хороондоо хамгийн анхны зуух худалдан авсан хүн нь. Улаанбаатар нэрээ утаанбаатар болгосон нийслэлчүүдийн хувьд иргэд, төр хамтран утаанаасаа салах цаг нэгэнт болсон. Тиймээс утаатай зуны улиралд ч тэмцэх уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Засгийн газраас гаргаад байгаа.
Үүний дагуу өчигдөр Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр тэргүүтэй ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүргийн хязгаарлалтын бүст байрлах айл өрхүүдийн түлшний зуухны борлуулалт, ажлын явцтай танилцлаа. тэд Чингэлтэй дүүргийн X, XII, XIV хороонд байрлах утаагүй түлшний зуухны борлуулалт, сурталчилгаа болон уг зуухыг худалдан авсан айл өрхийн иргэдтэй уулзсан юм.
Нийслэлийн агаарын бохирдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлаар хууль боловсруулах үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсныг байнгын хороодоор хэлэлцээд хоёрдугаар сард нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг үндэслэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны гуравдугаар сарын 3-ны 43 дугаар зарлигаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний Хороо байгуулагдан төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, шуурхай зохицуулах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа аж. Монголын Мянганы Сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төсөл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой төсөл бөгөөд 2010-аас 2013 оны хооронд гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.
Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүргийн X хороонд байрлах сурталчилгааны гэрт орж,зуух, борлуулалттай танилцсан юм. “Цэвэр агаар” төсөл нь 2010- 2012 оны хооронд нийслэлийн таван дүүргийн хязгаарлалтын бүсэд хамрагдсан 48 хорооны 80 орчим мянган өрхөд эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийг хөнгөлөлттэй үнээр борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Тус дүүрэгт ирэх есдүгээр сарын 1-н гэхэд нийт 16 мянга 500 зуух борлуулах ёстой аж. Одоогоор 378 ширхэгийг зарж борлуулжээ. “Хүмүүс эхлээд сонирхож байсан. Одоо худалдаж авч байгаа. Эхний ээлжинд мөнгөний боломжоосоо хамаарч дээвэр туурга гэх мэтээс эхлэн авч байгаа. Сүүлийн үед зуухыг их сонирхож байгаа. Зарим айлууд хэрэглээд ирэхээр үүнийгээ дагаад, мөн хязгаарлалтын бүсэд байгаа айл зайлшгүй энэ зуухыг хэрэглэх учиртай гэдгийг иргэд ойлгож эхэлж байна гэж” борлуулагчид ярьж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр хэлэхдээ “Иргэдэд сурталчигааг нь сайн хийж, тайлбар зөвлөгөөг маш сайн өгөх хэрэгтэй. Энэ хязгаарлалтын бүсэд байгаа айл өрх энэ зуухыг хэрэглэснээр нийслэлийн утааны 40 хувь нь буурах болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй” гэлээ.
Үүний дараа шинээр зуух худалдан авч байгаа айлд зочилсон юм. X хорооны нэгэн өрх шинээр зуух суурилуулсан бөгөөд том зуухыг 261 мянган төгрөгөөр худалдаж авсан гэнэ. Зуухыг тухайн иргэнд үнэгүй хүргэж, үнэгүй суурилуулж байгаа аж. “Иргэдийн хандлага одооноос сайжирч байна. Өмнө нь сонирхдоггүй байсан хүмүүс одоо худалдаж авч байна. Гэхдээ өөр олон хүнд утаа бага гаргадаг зуухны мэдээллийг хүргэх хэрэгтэй” гэж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Р.Мягмар хэлж байсан. Шинэ зуух суурилуулсны дараа зуух худалдаж аваад хэрэглэж байгаа айлд орсон бөгөөд утаа бага гаргадаг зуухтай болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн.
Гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, стандартын шаардлага хангасан зуух, нар, салхины эрчим хүч, байгальд ээлтэй хямд халаалтын шийдлүүдийг хэрэглэнэ. Ингэсний үндсэн дээр эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг 50 хүртэл хувиар бууруулах урамшууллын систем тогтоохоор болсон. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи, санаачилгыг нэвтрүүлэхээр болсон. Энэ ажил өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн бөгөөд нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийг хэсэгчлэн хязгаарлалтын бүс тогтоогоод байгаа. Хязгаарлалтын бүсийн 11 мянган өрх утаагүй түлш хэрэглэнэ. Мөн утаа бага гаргадаг зуухуудыг ч иргэдэд хямд үнээр борлуулж байгаа ажээ.
Ямартай ч өвлийн улиралд ч утаатай тэмцэх Улаанбаатарчуудын өвөлжилтийн бэлтгэл хангагдсаар л байна. Шат дараатайгаар хэрэгжиж байгаа энэхүү төслийг дэмжиж байгаа иргэд олон байсан. Өвлийн цагт утааг тэвчих бэрх байсан бол ирэх жилээс утааг 40 хувь хүртэл багасгах төлөвлөгөөг ажлын хэсгийн боловсруулсан. Иргэдийг жаахан бухимдуулаад байгаа зүйл нь зуух худалдаж авсан иргэдийн өмнө нь хэрэглэж байсан зуухыг хурааж авах шийдвэр гарсан байна. Хэрэглэж байсан зуухаа зүгээр хүнд өгнө гэдэг иргэдэд хэцүү ч нийслэлийн утаа, үр хүүхдийн эрүүл мэндэд хийж байгаа том зүйл гэдгийг иргэд ойлгох биз ээ. Ажлын хэсгийнхэн хуучин зуухыг хурааж байгаа шалтгаанаа “Зуух авсан хүмүүс шинэ зуухаа өөр бусдад худалдаад хуучнаа хэрэглээд байна. Хязгаарлалтын бүсэд байгаа айлууд заавал утаа гаргадаггүй зуухыг хэрэглэх хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь чухал байна” гэж Салбар хорооны дарга н.Алтанцацрал хэлж байсан. Мөн тэрээр “Иргэдийн хандлагийг зөв чиглүүлж чадвал бидний хийж буй ажлын үр дүн гарна” гэлээ.
Ямартай ч утаагүй Улаанбаатарт амьдрах бид бүгдэд хэрэгтэй зүйл гэдгийг хэн хэн маань мэдэж байгаа. Үнэхээр ирэх өвөл утааны 40 хувь нь арилж чадвал том дэвшил болно. Энэ төсөл амжилттай болвол нийслэлчүүд утаанаасаа салах цаг ойрхон л байна даа.