Гавьяат жүжигчин Т.Карма хэл ярианы хөгжлийн хичээл заахдаа хүүхэдтэй зүй бусаар харьцдаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагджээ. Энэ талаар түүнээс албан ёсны тайлбар авахаар хандахад "Хүүхэд бүрийн эвийг олж, хэллэгийг нь сайжруулах ямар арга байна гэдэгт гарц хайж ажилладаг" талаар учирлаад, "Үүссэн асуудалд удахгүй тайлбар өгнө" гэлээ. Харин тэрбээр сургалтынх үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдээлэл авахыг зөвшөөрөв. Тэрбээр ярианы ур чадварын хичээл, сургалт явуулж эхэлснээсээ хойш 300 гаруй хүний хэл, яриаг зүгшрүүлсэн гэдгээ онцолсон юм.
Хэллэг, үг яриагаа сайжруулах гэсэн, зарим үсгийг ялгаж дуудаж чадахгүй байгаа 5-50 хүртэлх насныхан Т.Карма багшийн удирддаг сургалтыг зорьж ирдэг аж. Тэрбээр хүүхдүүдэд долоо хоногт 2-3 удаа сургалт хийдэг бөгөөд нэг удаагийн хичээл нэг цаг, 30 минут үргэлжилдэг байна. Сургалтын төлбөрийн тухайд 190-250 мянган төгрөг бөгөөд нэг курс сургалтад 12 удаагийн хичээл багтдаг ажээ. Хамгийн сүүлд гэхэд ж, ч, ш, р, з, с, г үсгийг тод хэлж чаддаггүй 35 настай эмэгтэй түүний хичээлд хамрагдан, нэг сарын хугацаанд зөв, тод ярьж чаддаг болсон тухай жүжигчин Т.Карма ярилаа.
Орчин үед хүүхдүүдийн хэл ярианы хөгжил удаашрах, саарах тохиолдол нэмэгдэж байгаа тухай түүний ярианаас анзаарагдлаа. "Энэ бол цэвэр эцэг, эхийн хүмүүжил, хүүхдэдээ хэрхэн үлгэрлэж, харьцдагийн илрэл" гэж тэр тайлбарлав. Тухайлбал, гадаадад төрж, өсвөр насанд хүртлээ тэндээ амьдарч байгаад ирсэн хүүхэд Монголд ирэхдээ монгол хэлээрээ ярьж, бичиж чадахгүй байх нь элбэг болжээ. Англи хэлээр чөлөөтэй ярьж, ном уншдаг мөртөө эх хэлээрээ ярих чадваргүй байгаа хүүхдүүдэд тус төвийнхөн С.Эрдэнэ, Д.Нацагдорж, Ч.Лодойдамба нарын ном, зохиолыг уншихыг даалгавар өгч байлаа. Монгол хэлний баялаг үг хэллэгтэй ном уншиж байгаа хүүхэд үгийн сонголт ихтэй болж, аажмаар эх хэлээрээ төгс ярьж, суралцдаг ажээ.
Заримдаг долоон гийгүүлэгчийг тод ялган хэлж сурахаар өөрийг нь зорьж ирсэн хүүхдийг үсэг, үг, өгүүлбэр хэлүүлж, амьсгал хуваарилалтыг нь ажиж байж ямар хичээл орох, хэр хугацаанд хамт хичээллэж байж үр дүнд хүрэх эсэхийг тодорхойлдог талаараа жүжигчин Т.Карма тодотгосон юм.
Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярьж, харьцахдаа үг, өгүүлбэрээ хэлээ хазаж, буруу дуудан ярьдаг нь буруу хэвшил ажээ. Энэ нь дөнгөж хэлд орж буй хүүхдэд сөргөөр нөлөөлж, зарим үсгийг нэг авиагаар дуудах, ялгаж хэлэхгүй байх дадалтай болгодог байна. Мөн бага насны хүүхдэдээ гадаад хэл дээрх хүүхэлдэйн кино үзүүлж, дуу сонсгох нь хэлд орж буй хүүхдийн хэл ярианы хөгжил алдагдахад хүргэдэг аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ уйлах төдийд утас өгч, тоглоом тоглуулахын оронд дотно ярилцаж, үлгэр уншиж өгч байвал түргэн хэлд орж, эх хэлээрээ зөв, тод ярьж сурах эхлэл нь тавигддаг гэдгийг багш нар зөвлөж байна.
Тус сургалтын төвийнхөн хэл, яриа зүгшрүүлэлтийн бодит судалгаа хийж, хэллэг засах хичээл бүрээ тууштай бичиж, алсдаа хэл яриагаа засах, зүгшрүүлэх хүсэлтэй хүн бүр бариад суух гарын авлага бичиж, хэвлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Зураглаач Н.БАТМӨНХ