АЛДАРТАЙ ЗОХИОЛЧИД Трампын тухайд

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

АЛДАРТАЙ ЗОХИОЛЧИД Трампын тухайд

Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө олон зохиолч Трампын эсрэг байр сууриа маш хурц илэрхийлсэн. Тэдгээрээс цөөн заримыг нь утгачлан (бас товчлон) хөрвүүлснээ хуваалцая.

Воул Соинка (Африк тивээс төрсөн анхны Нобелийн шагналтан. Нигерийн яруу найрагч. Л.Ө)

  • Трамп ялсан мөчийг зарлахад л би ногоон картаа урж хаяад, энэ улсаас явахаар ачаагаа баглана…

Стивен Кинг (Орчин цагийн science, horror уран зохиолын хаан. Бид түүнийг “Шоушенкаас оргосон нь” гэх мэт киногоор нь сайн мэднэ)

  • Би энэ улс оронд урам хугарч байна. Трамп бол эмэгтэйчүүдийг дорд үздэг, хүмүүсийг арьсных нь өнгөөр ялгаварласан зүйлс хамаа намаагүй ярьдаг хүн. “Цагаан арьст америк хүн л бүхний орой дээр байх ёстой” гэж үздэг мунхаг хүн олон учраас л тэр ийм алдартай байгаа юм…

Салман Рушди (Английн зохиолч. “Шулмын шүлгүүд” номоосоо болж Исламын шашны удирдагчдын зүгээс алах ял заагдаж байсан. Постмодерн романыг үндэслэгчдийн нэг. Л.Ө)

  • Сонгууль дуусаад төд удалгүй, ердөө 11 сард л тэр бусдыг рекетлэсэн хэргээр шүүхэд дуудагдана. 12 сард хүүхэд хүчирхийлсэн хэргээр ахиад шүүхэд очно. Трамп бол бэлгийн гаж донтон. Байгуулсан САН гээч нь ердөө л татвараас зайлсхийх арга мэх…

Маргарет Этвүүд (Канадын зохиолч, яруу найрагч. “Дэлхийн сонгомол яруу найраг” номд түүний шүлэг бий)

  • Хиллари Клинтон бол Трампаас хамаагүй илүү ЭР ХҮН. Тэр бол эр хүний сайн сайхан зан чанаруудаас өөртөө шингээсэн эмэгтэй. Та өөрийн таньж мэддэг, бие даасан үзэл бодолтой ямар ч эрэгтэй хүнээс Трампын тухай асуугаад үзээрэй. “Хүн болгоныг дээрэлхэн, онгирч байснаа нэг цохиулангуутаа л уйлдаг хөгийн хөвгүүд дунд сургуульд байдаг даа, тийм л амьтан шүү дээ” гэж хэлэх вий…

Ж.К. Роулинг (“Харри Поттер” номын зохиогч)

  • “Америкийг ахиад аугаа болгоно” гээд л нэг фашист амьтан хашгираад байх юм. Цөмийн зэвсгийн товчлуурын хажууд түүний балцгар хуруу байна гээд бодохоор аймшигтай. “Бүх лалын шашинтныг нэвтрүүлэхгүй” ч гэх шиг. “Хана барина” ч гэх шиг… Зан араншингийн хувьд бол тэр зүгээр л шөнийн клубын ойворгон сагсуу амьтан шиг…

Хунот Диаз (Доминикан гаралтай америк зохиолч. “Дэлхийн сонгомол өгүүллэг” номоос түүний өгүүллэгийг уншиж болно. Америкийн үндэсний номын, Пулитцерийн гээд нэр хүндтэй шагналууд хүртсэн, залуу үеийнхний төлөөлөл болсон зохиолч)

  • Эдийн засгийн хямралаас эхлээд юм бүхнийг Трамп цагаачидтай холбож, “хүчирхийлэгчид", "дээрэмчид, "тонуулчид” гэх мэтээр нэрлэж байна. Хар ерөнхийлэгчтэй найман жил болоход цагаан хүмүүсийг ингэтэл гадуурхчихсан юм шиг л аашилж байна. Тэр бол улс төрийн яриа хэлэлцээний эрүүл саруул уур амьсгалыг хордуулагч…

Эми Тан (Хятад гаралтай америк зохиолч. Америкийн уран зохиолын дунд үеийнхний, басхүү постмодернист зохиолчдын гол төлөөлөгчдийн нэг)

  • “Би ялагдсан ч зүгээр; эргээд л сайхан амьдрал руугаа оччихно” гэж Трамп хэлж байна. Ямар новш нь вэ! Арьсны үзэлтэй нэг амьтан ийм том намын нэр хүндийг сүйрүүлж хаячихаад санаа амар явж гольф тоглох юм гэнэ…

Жон Ирвинг (Америкийн нэрт зохиолч)

  • Трампыг үнэн голоосоо ийм зүйлс яриад яваа гэж бодохгүй байна. Гэхдээ маш олон хүн түүнийг дуурайж: бөөн уур цухал болсон, харанхуй, бүдүүлэг ааш авир гаргаж буйд би үнэн голоосоо санаа зовж байна…

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж