Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр (2016.11.09) болж, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, тэрбумтан бизнесмен Дональд Трамп Цагаан ордны 45 дахь тэргүүнээр сонгогдлоо. Ардчилсан намын нэр дэвшигч, АНУ-ын экс тэргүүн хатагтай, төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ялагдал хүлээж, ерөнхийлөгч Барак Обамагийн найдлага талаар болов. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама америкчуудын ирээдүйн төлөө Хиллари Клинтонд найдлага тавьж буйгаа ард түмэнтэйгээ салах ёс гүйцэтгэх видео бичлэгтээ онцлон дурдлаа. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын 20-нд шинэ ерөнхийлөгч тангараг өргөснөөр албан үүргээ хүлээлгэн өгч Цагаан ордоныг орхих юм.


АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацааны сүүлийн саруудад Барак Обама Цагаан ордны тэргүүнд суудлаа хүлээлгэн өгөхөд бэлдэх юм. Харин Барак Обама гэр бүлийн хамт Цагаан ордоноос нүүж, Вашингтон ДС-д 761 метр/квадрат сууц түрээслэх гэнэ. Тэд бага охин Сашаг ахлах сургуулиа төгсөх хүртэл Вашингтон ДС-д амьдрах аж.

АНУ-ын “экс” ерөнхийлөгч байх шиг өрөвдөлтэй амьдрал байдаггүй хэмээн зургаа дахь ерөнхийлөгч Жон Адамс халагласан удаатай. АНУ-ын ерөнхийлөгчид суудлаасаа буусны дараа жилд ойролцоогоор 205 мянга орчим ам.долларын тэтгэмж  авдаг байна. Өдгөө 55 настай Барак Обама хоёр ч дурсамж ном гаргасан нь нийт 70 сая ам.долларын орлого авчирчээ. Мөн экс ерөнхийлөгчид өндөр хөлсөөр илтгэл тавих нь элбэг. Экс ерөнхийлөгч Билл Клинтон л гэхэд 225 мянган ам.долларын хөлсөөр илтгэл тавьдаг аж. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн суудлаас буусан ч нийгмийн шударга ёсыг дэмжих, залуучуудад боломж олгох, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, гэмт хэрэг, хуулийн шинэчлэлт, цагаачлал, галт зэвсгийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнд анхаарч ажиллах гэнэ.

ЗАРЦЫН ХҮҮ “ХААН СУУСАН НЬ”

Барак Обамагийн амьдрал, амжилтын түүх эцэгтэй нь салшгүй холбоотой гэж "Ааваас минь өвлөсөн мөрөөдөл" номондоо дурджээ. Барак Обамагийн аав Барак Хуссейн Кенийн Няанза аймгийн Луо омгийн хүн аж. Тэрээр англичуудын зарц байжээ. Барак Хуссейн АНУ-д тэтгэлэгээр суралцах эрх олж авснаар амьдралд нь эргэлт гарч цагаан арьст бүсгүйтэй гэр бүл болсон байв. Тэд 1961 онд Хавайн Хонолулуд хүүтэй болж Барак Обама хэмээн нэр хайрласан нь АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч аж. Обамаг зургаан настай байхад эцэг эх нь салжээ. Түүний ээж Индонез хүнтэй гэрлэснээр ээж, дүү охиныхоо хамт Жакарта руу нүүж, дөрвөн  жил амьдарсан байна. Дараа нь Хавайд буцан ирж эмээ, өвөөтэйгөө амьдрах болжээ. Барак Обамагийн карьер 1981 онд хувийн сургуулиасаа Колумбын их сургууль руу шилжиж дараа нь Харвард руу хуульчийн мэргэжлээр суралцсанаар  эхэлжээ. Тэрбээр 1990 онд Харвардын хуульчдын клубын анхны хар арьстан ерөнхийлөгч болж байв. Түүний улс төрийн карьер 1997-2004 онд Иллиной муж улсын Сенатад Ардчилсан намыг төлөөлсөн бөгөөд 2005-2008 онд АНУ-ын Сенатад ажиллаж байжээ. Барак Обама 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд түүхэн ялалт байгуулж, АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч болсон төдийгүй 2012 онд улиран сонгогдсон юм.

Обамагийн хувьд их сургуульд судалдаг болсон үндсэн хичээлүүд нь улс төр судлал ба олон улсын харилцаа болж 1983 онд тэрээр бакалаврын зэрэгтэй болсон байна.

ГЭР БҮЛ

Барак Обама 1989 онд Обама хуулийн компанид ажиллаж байхдаа хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Мишель Робинсонтой танилцжээ. Хуулийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсаныхаа  дараа 1992 онд Барак Обама, Мишель Робинсон нар гэрлэжээ. Тэд Малия, Саша гэдэг хоёр охинтой. Сүүлийн үед Барак Обамагийн том охины талаар “хар тамхи татсан” гэх мэтээр шар хэвлэлүүдэд таагүй мэдээллүүд цацагдах болсон. Мөн Мишель, Обама нар салах тухай ч шуугиж байлаа.

БАРАК ОБАМАГИЙН ОЛОЛТ

  • Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд АНУ-д шинээр 13,7 сая ажлын байр бий болж, өнгөрсөн аравдугаар сард ажилгүйдлийн түвшин 5 хувь болтлоо буурчээ.

  • Бүгд найрамдах намынхны ширүүн эсэргүүцэл дор 2015 онд Барак Обама өөрийн санаачилсан нийгмийн халамжийн хуулийг баталж чадсанаар илүү олон америкчууд эрүүл мэндийн даатгалд хамрагдах болжээ. Даатгалд хамрагдаагүй америкчуудын тоо түүхэндээ анх удаа 10% -аас доош буусан байна.

  • Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг АНУ манлайллаа үзүүлж чадсан. Парист болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалт амжилттай болж хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн хэлэлцээрийг баталж чадсан билээ.

  • АНУ хагас зууны дараа эрх чөлөөний арал гэгддэг Куба улстай дипломат харилцаагаа сэргээж, аялал жуулчлал, бизнесийн өргөн боломжийг нээсэн.

  • Олон жилийн турш Барууныхны сэтгэлийг түгшээж ирсэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Тегерантай зөвшилцөж, өнгөрсөн зургадугаар сард цөмийн гэрээг байгуулсан билээ.

  • Сири, Иракийн газар нутгийн нэлээдгүй хэсэгт хяналтаа тогтоосон Исламын улс бүлэглэлийн эсрэг олон улсын цэргийн эвслийг байгуулсан.

  • Номхон далайн бүсийн 12 орныг нэгтгэсэн худалдааны гэрээг байгуулснаар саад бэрхшээлийг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ.

  • Ижил хүйстний гэрлэлтийг хуульчилснаар хүний эрхийг дээдлэх, эрх тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж