Ухаалаг утасны зах зээлийн тэргүүлэгчдийн нэг Samsung томоохон асуудалд орсноор өрсөлдөгчдөд томоохон боломж гарч ирж байна. Тиймээс өрсөлдөгч компаниуд Samsung-ийн бүтээгдэхүүнүүдийг орлох загвартай ухаалаг гар утсуудад зах зээлд гаргаж эхэллээ. Үүний нэг нь БНХАУ-ын “Huawei Technologis” компани ба тэд том дэлгэцтэй “Mate 9” загварын хоёр ч гар утсаа танилцуулжээ. “Android 7” үйлдлийн системтэй “Mate 9”-ийн үндсэн загвар нь 1080 пикселийн Full HD дэлгэцтэй бол “Porsche” хувилбар дэлгэцийн нягтралын хувьд бараг хоёр дахин илүү байгаа юм. “Mate 9”нь 699 еврогийн үнэтэй бол “Porsche” загвараар зохион бүтээсэн хувилбар нь 1395 еврогийн үнэтэй. Эдгээр ухаалаг гар утас нь шинэ хиймэл оюун ухаантайгаараа онцлог гэнэ. Тодруулбал, уг гар утас нь хэрэглэгчийн дадал зуршлыг мэддэгээс гадна хамгийн их ашигладаг аппликейшнуудыг автоматаар сонгох горимд шилждэг байна.
Судалгааны “Strategy Analytics” гэдэг байгууллагын мэдээлснээр, “Huawei” компани энэ оны гуравдугаар улиралд гэхэд зах зээлд 33.6 сая ширхэг гар утас нийлүүлснээр зах зээлийн 9 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтээрээ тус компани дэлхийн гурав дахь том нийлүүлэгч болжээ.
Харин “Apple” компани 45.5 сая ширхэг гар утас нийлүүлснээр зах зээлийн 12 хувийг эзлэн 2 дугаарт жагсч байгаа бол “Samsung” компани 75.3 сая ширхэг гар утас нийлүүлэн зах зээлийн 20.1 хувийг эзэлснээр дэлхийд тэргүүлж байна. Харин тус компанийн хэрэглээний бизнесийн группын гүйцэтгэх захирал Ричард Ю хоёр жилийн дотор дэлхийн ухаалаг утасны зах зээлийн хоёр дахь хамгийн том нийлүүлэгч болох зорилго тавьсан гэж мэдэгджээ.
Т.МӨНХ