Найман сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Найман сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Боловсрол олгохоос илүүтэй хэдэн оюутныхаа сургалтын төлбөрөөр бизнес хөөсөн хувийн их, дээд сургуулиуд захаасаа хаалгаа барьж эхлэв. Энэ удаад наймыг хаасан, цаашид яг ийм зорилго зорилт бүхий 80 их, дээд сургуулийн амыг барьсан ч яахав. Салбарын сайдын тушаалаар 27 их, дээд сургууль, коллежийг аттестатчлалд хамруулсан бөгөөд цөөнгүй сургууль тэнцсэнгүй. Зарим нэг нь сүүлийн хэдэн жилд огт элсэлт аваагүй, дотуур байр бүү хэл хичээлийн байргүй гэх мэт томоохон зөрчлүүд илэрсэн тул үйл ажиллагааг зогсоох, зарим мэргэжлийн ангиудад элсэлт авахыг бүрмөсөн зогсоосон шийдвэрийг энэ сарын 1-нээс гаргажээ. 

Аттестатчлалд “Чингэс хаан”, “Олон улс судлалын дээд сургууль”, “Гурван-Эрдэнэ” дээд сургууль, Дорнод Казахстаны их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны коллеж, “Гэгээ”, “Далай ван”, “Гурван тамир” коллеж тэнцэж гэрчилгээгээ авах эрхийг хангасан аж. Харин “Хан-Уул” дээд сургууль, “Архангай”, “Шинэ Дархан”, “Ховд-Эрдэм”, “Хархорум”, “Мон-Фреш Мөнх-Ану” коллеж шалгалтад тэнцэлгүй тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, дахин үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Үүнээс гадна “Улаанбаатар-Эрдэм судлал”, “Маргад”, “Евро-Ази”, “Хэл судлаач” дээд сургууль, “Бизнесийн коллеж”, “Номун далай” коллежийн зарим мэргэжлийн элсэлтийг ирэх хичээлийн жилээс бүрэн зогсоох шийдвэр гаргасан байна. Дээрх мэдээллийн талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайханаас тодруулаа.

-Аттестатчилалд яагаад бүх их, дээд сургуулийг хамруулаагүй юм бэ?

-Боловсролын тухай хуулиар их, дээд сургуулийг таван жил тутамд аттестатчилах ёстой. Мөн мэргэжлийн байгууллагуудын санал, яаманд ирж байгаа саналыг харгалзаж энэ удаад 27 их, дээд сургууль, коллежийг аттестатчилсан. Энэ жил нийт 60 сургууль аттестатчилна. Ирэх намар төрийн өмчийн сургуулиудыг аттестатчилалд хамруулах юм.

-Энэ хичээлийн жилд хэчнээн их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож байгаа вэ?

-Нийт найман сургуулийн энэ сарын 1-нээс эхлэн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс “Боловсрол” дээд сургууль, “Цог” коллеж өөр сургуультай нэгдэж байгаа юм. Дээрх хоёр сургууль аттестатчлалд хамрагдах ёстой байсан боловч өөр сургуультай нэгдсэн гэх шалтгаанаар шалгалт явуулаагүй, тусгай зөвшөөрлийг нь хураасан.

-Зарим сургуулийн мэргэжлийн ангийн элсэлтийг ямар үндэслэлээр зогсоосон бэ?

-“Улаанбаатар-Эрдэм судлал”, “Маргад” дээд сургуулийн хувьд аттестатчилалд тэнцээгүй ч сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин энэ хоёр сургуулийн хувьд багш бэлтгэх сургалтын агуулга, чанарын асуудал дээр доголдол байсан учраас энэ мэргэжлийн ангийн элсэлтийг бүрэн зогсоосон. Сүүлийн жилүүдэд чанаргүй багш нар их бэлтгэж байна гэх үүднээс энэ удаагийн аттестатчлалд яамны зүгээс нэлээд өндөр шалгуур тавьсан байгаа.

-Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулийн оюутнуудыг хааш нь шилжүүлэх вэ?

-Оюутнуудыг ижил мэргэжлийн өөр сургууль руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа. “Хар хорум” коллежийн багшийн мэргэжлээр суралцдаг 17 оюутнуудыг Архангай аймгийн Багшийн коллеж руу шилжүүлэхээр яамны зүгээс ярьж, тохирсон байгаа. Хаагдсан сургуулиуд 50-иас доош буюу нийтдээ 70 гаруй оюутан байгаа. Энэ асуудлыг 2011-2012 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн шийдвэрлэж дуусна.

-Оюутнуудыг шилжүүлэхээр сургалтын төлбөрийн зөрүү гарах байх даа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Аль болох оюутнуудыг хохироохгүй байх талаас нь сургуулийн удирдлагуудтай тохиролцож байгаа.

-Шалгалтад тэнцээгүй шалтгаан, зөрлүүдийн тухайд?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аттестатчилах шинэ журам гаргасан. Журамд зааснаар дээд боловсролын сургалтын байгууллага хичээлийн болон дотуур байртай, багшлах боловсон хүчний 70 гаруй хувь нь тухайн сургуулийнх байх зэрэг шалгуур байгаа. Гэтэл зарим сургуулийн нэг ангид 5-6 оюутан байх жишээтэй. Зарим нь яамнаас зааж өгсөн элсэлтийн тооноос олон оюутан элсүүлсэн байна. Бүр зарим нэг нь тусгай зөвшөөрөл аваагүй атал элсэлт авсан ч гэх зөрчлүүд байсан. Өнгөрсөн хичээлийн жил үйл ажиллагаа явуулаагүй сургуулиуд ч бий.

-Огт сургалт явуулаагүй сургууль байна гэж үү?

-”Хан-Уул” дээд сургууль, “Мон фреш Мөнх Ану” коллежид өнгөрсөн хичээлийн жилд огт оюутан байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, сургалтын үйл ажиллагаа эрхлээгүй гэсэн үг. Яамнаас сүүлийн хоёр жилд аттестатчилал явуулаагүй. Хуулийн хүрээнд элсэлт аваагүй сургуулиудыг аттестатчилахгүйгээр үйл ажиллагааг нь зогсоох эрх яаманд байхгүй.

Д.ДОЛГОР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж