Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны УИХ-ын сонгууль, нэр дэвшигчдийн хандивыг аудитын байгууллагаар шалгуулсан тухай өчигдөр олон нийтэд мэдээллээ.
УИХ-аас баталсан 2016 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1.26 их наяд, зарлагыг 1.76 их наяд, тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, санхүүжилтийг 0.5 их наяд төгрөгөөр батлан мөрдөж байгааг мэдээлжээ.
УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн өчигдөр мэдээлэл хийлээ.
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга өчигдөр мэдээлэл хийж, ”Эрдэнэт үйлдвэрийг худалдах эсэх нь Монгол, ОХУ-ын төрийн мэдлийн асуудал мөн. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 7 чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллахаар өчигдөр замд гарлаа.
“Оюутолгой” компанийн энэ оны эхний III улирлын байдлаар 300 мянган тонн чулуулгийг олборлож, 100 мянган тонн хүдрийг боловрсуулан 36 сая орчим хүдрийг экспортлож, нийт 171,5 сая ам.долларын татварыг Монгол Улсад төлжээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөрийн талаар хэлэхдээ “Нэн тэргүүнд, хариуцлагатай болгох, албан тушаалтын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг оруулах ёстой. Үүний зэрэгцээ оффшорт байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгах ёстой” хэмээн мэдээлжээ.
C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд оролцсон юм. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээгүй шалтгааныг тайлбарлахдаа “Асар их хэмжээний төрийн мөнгийг зарцуулах гэж байсан бол УИХ-аар орж хэлэлцүүлэх ёстой. Жил жилийн төсөв, түүний зарцуулалт, стратегийн ордын лиценз, монголын газар нутагт хэрэгжих томоохон төслүүдийн талаар УИХ хэлэлцдэг. Эрдэнэтийн асуудлыг Засгийн газар бие дааж шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.