УИХ-ын сонгуульд хэн, хэдийг хандивлав?

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуульд хэн, хэдийг хандивлав?

Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг гаргаад байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 496 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 11 нам, хоёр эвсэл, 386 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланд Үндэсний аудитын газар дүн шинжилгээ хийснээ олон нийтэд ил болголоо. Учир нь нэг нам, нэг эвсэл, 100 орчим нэр дэвшигч сонгуулийн зардлаа тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй аж. Сонгуулийн тухай хуульд зааснаар заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигч нь дараагийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх нь хязгаарлагдана гэсэн үг юм.

Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл тус бүрийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 4.4 тэрбум төгрөгөөр тогтоосон. Энэ нь өмнө батлаад байсан сонгуулийн зардлын дээд хэмжээнээс даруй 1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байв. Сонгуулийн зардал өссөн шалтгааныг тойрогт нэмж байгуулагдсантай холбоотой хэмээн тайлбарлаж байсан юм.

Үндэсний аудитын газраас гаргасан мэдээгээр сонгуулийн тайлан ирүүлсэн нам, эвслүүд нийт дүнгээрээ 8.363.9 сая төгрөгийн орлогыг сонгуульд зориулан төвлөрүүлжээ. Үүний 4.549.5 сая төгрөг нь иргэнээс, 853.1 сая төгрөг нь хуулийн этгээдээс өгсөн хандив эзэлсэн бол 2.961.3 сая төгрөг нь нам, эвсэл нэр дэвшигчдийн орлогоос бүрдсэн аж.

Мөн УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансанд нийт 26.593.3 сая төгрөг төвлөрсний 203.4 сая төгрөг нь нам, эвслийн хөрөнгө бол 7.629.0 сая төгрөг нь нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгө, 18.760.9 сая төгрөг нь хандиваар цугларсан орлого эзэлнэ.

Тайлан ирүүлсэн 386 нэр дэвшигчдэд иргэдээс 14.511.7 сая, хуулийн этгээдээс 4.249.2 сая төгрөгийн хандив төвлөрчээ.

Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид 26.010.9 сая төгрөгийг сонгуульд зориулан зарцуулсан аж.

Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвсэлд 2 сая төгрөгөөс дээш хандив өгсөн 75 аж ахуйн нэгж 845.0 сая төгрөгийг, 1 сая төгрөгөөс дээш хандив өргөсөн 1673 иргэнээс 4.239.5 сая төгрөг тус, тус төвлөрчээ.

УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигчдэд 2 сая төгрөгөөс дээш хандив өргөсөн 359 компани байсан бөгөөд 3.945.0 сая, нэг сая төгрөгөөс дээш хандив өргөсөн 5706 иргэнээс 13.286.5 сая төгрөгийн хандив тус, тус төвлөрсөн байна.

Дараах хүснэгтээс хэн, хэдэн төгрөгийг нам, эвсэл, нэр дэвшигчдэд хандив болгон өгснийг тодруулж харж болно.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж