“Эрдэнэс-Тавантолгой” компани Цанхийн зүүн, баруун уурхайгаасаа нийт 22,2 сая тонн нүүрс олборложээ. 2011 оноос эхлээд энэ оны III улирлын байдлаар тус компани улсын төсөвт 220,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байх юм. 2017 он гараад нүүрсний үнийг 44 ам.доллараар борлуулах төлөвлөгөө гаргасан байна. Хэрвээ ирэх онд “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрсээ 44 ам.долларт хүргэж чадвал 2017 оны есдүгээр сарын 30 гэхэд Чалкогийн 85 сая ам.долларын өрийг бүрэн дарах боломжтой болох юм. Энэ ондоо багтааж баруун Цанхийн уурхайг эхлүүлснээр 4 сая тонн нүүрс олборлож, компани 140 тэрбум төгрөгийн ашигтай ажиллан, улсад 115 тэрбум төгрөгийн татвар төлөх боломж үүсэх юм. Өөрөөр хэлбэл баруун цанхийн уурхайн ашиглалтыг шийдчихвэл нүүрсний үнийн өсөлтийг өөрт хэрэгтэйгээр эргүүлж чадна гэсэн үг.
“Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 оноос олон улсын зах зээлд IPO гаргах боломжийг судалж эхэлжээ. IPO гаргадаг болвол тус компани ашигтай ажиллах өөр нэг гарц бүрдэнэ гэж тооцоолжээ. Одоогийн байдлаар зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний 35 хувийг Чалкод өгч, үлдсэн 65 хувийг олборлогч компанийн ажил гүйцэтгэсэн төлбөрт бэлэн бусаар төлж байна. Гэхдээ тус компани олборлосон нүүрсээ 32,94 ам.доллараар борлуулж буйг дэлхийн зах зээлийн үнэтэй харьцуулах нь өрөөсгөл гэж Д.Ариунболд захирал тайлбарлалаа. Нүүрс тээвэрлэх, ачих, угааж баяжуулах зардал болоод Таншан боомт хүрэх зардлыг тооцож үзэхэд 178 орчим ам.доллар болдог. Иймээс 32 ам.доллар гэсэн уурхайн амны үнийг 1600 километрийн цаана орших Таншан боомт хүрэх зардал, газартай харьцуулах шаардлагагүйг “Эрдэнэс-Тавантолгой” компаниас тодотголоо.
Зураглаач Ц.АРИУНБОЛД