Хөгжлийн зорилтыг дэмжих инфляцийн түвшин

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн зорилтыг дэмжих инфляцийн түвшин

Улс орнууд нам, тогтвортой инфляцийн түвшинг хангаснаар нэг талаас иргэдийнхээ амьжиргааг хамгаалж, нөгөө талаас эдийн засгийн өсөлтөө дэмжих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Инфляци буюу үнийн өсөлт гэдэг зүйл иргэдийн өдөр тутмын амьдралтай холбогдож байдаг. Инфляци 10 хувиар өсөхөд таны халаасан дахь 1000 төгрөгийн худалдан авах чадвар автоматаар 10 хувиар хорогдоно гэсэн үг. Цалин өсөөгүй байгаа үед инфляци өсөх нь ийм байдлаар иргэдийн амьжиргаанаас хойш татдаг.

Судлаач, эдийн засагч Левин, Хан болон Сенхаджи нар 2000-аад онд 140 гаруй орны эдийн засгийн өсөлт болон инфляцийн хоорондох хамаарлыг судалсан байдаг. Улмаар эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байх инфляцийн түвшинг хөгжингүй орнуудын хувьд 1-3 хувь, хөгжиж буй орнуудад 7-11 хувь хэмээн тогтоожээ. Энэ утгаараа улс орон бүр инфляцийг нам, тогтвортой түвшинд барихыг зорьдог.

Евро бүсийн гишүүн орнууд жилийн инфляцийг 1.5-2.0 хувиас хэтрүүлэхгүй байхыг зорьдог. Түүнчлэн манай улстай ижил уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай Чили улс жилийн инфляциа 3 хувиас бага байлгахын төлөө ажилладаг байна.

ТОГТВОРГҮЙ ИНФЛЯЦИЙН НӨЛӨӨ

Инфляци иргэдийн хадгаламж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлдөг. Жишээ нь Монголд жилийн дараах инфляци 14-15 хувьд хүрэхгүй гэх баталгаагүй. Ийм үед иргэд мөнгөө одоогийн хадгаламжийн хүүгээр урт хугацаатай хадгалуулах сонирхолгүй байх нь ойлгомжтой. Өнөөгийн нөхцөл байдлыг харвал хадгаламжийн хугацаа хамгийн ихдээ л нэг жил. Иргэд ихэвчлэн 3-6 сарын хугацаатайгаар л мөнгөө хадгалуулдаг.

Нэгэнт иргэд мөнгөө хадгалуулах сонирхолгүй байгаа үед арилжааны банкууд эх үүсвэр татахын тулд хадгаламждаа инфляциас өндөр хүү /13 хувиас дээш, зарим тохиолдолд жилийн 16 хувийн хүү/ амлах шаардлагатай. Хадгаламжийн хүүгээ дагаад зээлийн хүү ч бас өндөр тогтдог. Одоогийн байдлаар зээлийн дундаж хүү жилийн 20 хувьд хүрчихсэн нэг шалтгаан нь ийм байна. Түүнчлэн хадгаламж буюу банкуудын татан төвлөрүүлж байгаа эх үүсвэрийн хугацаа бага учраас дагаад зээлийн хугацаа ч бас хангалттай урт биш. Ипотекийн зээлийг эс тооцвол арилжааны банкуудын зээлийн хугацаа хамгийн уртдаа таван жил, дунджаар 1-2 жил л байна.

Түүнчлэн тогтворгүй инфляцийн орчин нь компаниудын хувьд бизнесээ хөгжүүлэх, томруулах орон зайг хумьж байдаг. Учир нь арилжааны банкууд урт хугацаагаар мөнгө зээлэхгүй. Нэгэнт урт мөнгө байхгүй учраас төлөвлөлтийг урт хугацаагаар хийх боломж хязгаарлагдана. Нөгөөтэйгүүр зээлийн хүү өндөр. Тэр хэрээр зардал нэмэгдэнэ. Зардал өндөр байгаа үед бизнес ашигтай ажиллах, ашгаа нэмэгдүүлэх боломж тэр хэрээр багасдаг нь энгийн логик.

МОНГОЛ ДАХЬ ИНФЛЯЦИЙН ОРЧИН

Монголын нөхцөлд инфляцийн түвшин тогтворгүй буюу хэт өндөр, савлагаатай байдаг. Инфляцийн статистикийг харвал 2008 онд 23.2, 2009 онд 1.9 хувь, 2010 онд 14.3 хувьд хүрч байсан бол 2011 онд 11.1 хувиар өсч байжээ. 2012 онд инфляци эргээд 14.2 хувьд хүрч байсан бол тэрнээс хойш буурсаар 2015 оны эцсийн байдлаар 1.1 хувьд хүрсэн.

Иймд Монгол Улс инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барихыг зорьдог. Тэр дундаа 2012 оноос хойш тогтмол 7-8 хувьд барихыг зорих болсон.  Монголбанкнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд инфляцийг 2017-2019 онд 8 хувиас хэтрүүлэхгүй гэж тусгасан.

Энхүү зорилтоо биелүүлж чадвал иргэд нэг жилийн дараа миний мөнгө инфляциас үл хамааран тэдэн хувиар өснө гэх итгэлтэйгээр банкинд мөнгөө хадгалуулж эхэлнэ. Цаашилбал, хадгаламжийн хугацаа уртсах боломж бүрдэнэ. Эх үүсвэрийн хугацаа уртасч байгаа учраас зээлийн хугацаа уртасч, хүү буурах боломж ч нээгдэх юм. Банкуудын хадгаламж, зээлийн хүү буурснаар бизнесүүд урт хугацаатай, хямд эх үүсвэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх таатай орчин бүрдэх учиртай. Бизнес хөгжиж, өргөжинө гэдэг улс орны эдийн засгийн өсч байна гэсэн үг.

Тэгэхээр улс орны эдийн засаг хөгжих, өсөлт бий болох, иргэдийн амьжиргаа, орлого нэмэгдэх хамгийн чухал суурь нь нам, тогтвортой инфляци болдог байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж