Юаний ханш өссөнөөр Хятад дэлхийн хоёр дахь том эдийн засаг болно

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Юаний ханш өссөнөөр Хятад дэлхийн хоёр дахь том эдийн засаг болно

Хятад юанийхаа хатуу тогтсон ханшийг суллаж, өсгөх гэж байгаа нь тус улсыг Японы урд орж хоёр дахь том эдийн засаг болгох болно гэж Австрали, Шинэ Зеландын “Banking Group Ltd” ярьж байна. Америк доллартай харьцах юанийн ханш таван хувиар хөдлөхөд энэ оны долоогоос есдүгээр сарын хооронд дотоодын нийт бүтээгдэхүүн нь Японыхыг гүйцэх болно. Юаний ханш хөдлөөгүй байсан ч энэ оны эцсээр гэхэд Японы эдийн засгийг гүйцэх болно гэж эдийн засагчид тооцоолж байна.
Энэ нь Хятад улс дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөний өөр нэг чухал тэмдэглэлт хугацаа болох болно. Өнгөрсөн жил Хятад дэлхийн хамгийн том автомашины худалдааны зах зээл болсон бөгөөд топ экспортлогч гэдэг цолыг Германаас авч дэлхийн хамгийн том экспортлогч болсон. Эдийн засаг нь өсөн тэлж байгаатай нь холбоотойгоор Хятадын юань ирээдүйд евро болон америк доллартай өрсөлдөхүйц төвшинд гарч ирэх бөгөөд улс орнуудын нөөцийн валют болох болно гэж “Goldman Sachs Group Inc” үзэж байна. Өнгөрсөн жил Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 33.535 триллион юань буюу 4.91 триллион ам.доллар болсон. Японы эдийн засаг 5.07 триллион ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Харин хамгийн том эдийн засаг цолыг АНУ эзэмшиж байгаа бөгөөд эдийн засгийн хэмжээ нь 14 триллион ам.доллараар хэмжигдэж байна. Энэ оны эхний улирлын байдлаар Хятадын эдийн засаг 11.9 хувийн өсөлттэй байгаа.  
Хятад эдийн засгийн хэмжээгээрээ Их Британи, Францыг 2005 онд, Германыг 2007 онд гүйцсэн бөгөөд энэ жил дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох болно гэж Олон улсын валютын сан тооцоолж байсан юм. 2008 оны долдугаар сараас хойш Хятад улс юаний ханшаа нэг ам.доллар=6.83 юань гэж барьж байгаа бөгөөд энэ нь худалдааны тэгш бус байдал үүсгэж байна гэж АНУ-ын хууль тогтоогчид үзэж, эсэргүүцэл илэрхийлээд байгаа билээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж