ӨЧИГДӨР БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОВ /2016.11.08/
С.Батболдын Засгийн газрын үед Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалж, Хятадын төрийн өмчит "Чалько" компаниас 350 сая ам.долларыг зээлж, “Эх орны хишиг” нэрээр тараасан билээ. Тэгвэл энэ өрийн үлдэгдэл болох 96 сая ам.доллар үлдээд байгаа аж. 2011 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” компани "Чалько"-д нүүрсээ дөрвөн жил үнэгүй өгч байгаа ч өрийг дарж дуусаагүй. Гэхдээ тус компанийн "Чалько"-д зарж байгаа нүүрсний үнэ найман ам.адоллараар нэмэгджээ.
Хэсэг хугацаанд зогсоод байсан Ипотекийн зээлийг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн талаар Монголбанкнаас мэдээлж байна. Ингэхдээ шинэчилсэн журмаар олгож байгаа аж. Шинэ журамд зээл авахаар хүссэн иргэдийн бүрдүүлэх материал, олголтод онцын өөрчлөлт ороогүй ба Төв банкны мэдээлж буйгаар үндсэндээ хоёр төрлийн өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Ипотекийн зээлийн санхүүжилтийг хэдий хэмжээний эргэн төлөлттэй байна, тэр чинээгээр санхүүжилт хийгдэх юм байна.
УИХ-ын гишүүн асан Кёкшүзан Д.Батбаяр өөртэй нь холбоотой гэх оффшор дансны талаар өчигдөр /2016.11.08/ мэдээлэл хийлээ. Тэрбээр өөрийг нь андуурсан мэдээллээс болж, Японоос барилгын компанид нь орж ирэх 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт саатсаныг онцолсон юм. Оффшор данстай Даваагийн Батбаяр гэгч нь тэр өөрөө биш, Орхон аймгийн ИТХ-ын гишүүн хүн байсныг ч тайлбарлалаа.
Аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо цасыг цэвэрлэх үүрэгтэйг НИТХ-ын тогтоолд тусгасан. Иймээс аж ахуйн нэгжүүд 50 метр доторх цас, мөсөө цэвэрлээгүйгээс иргэд бэртэж гэмтсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй юм.
Зам тээврийн сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нар МИАТ компани агаарын таван хөлгөөр нисэх үйлчилгээ үзүүлж байгаа тухай мэдээллээ. Зуны улиралд агаарын тээврийн олох орлого өсдөг бол өвлийн буурдаг байна. Иймээс энэ үед дэмжлэг хэрэгтэйг тэд онцолжээ. Мөн МИАТ компани улсын төсвөөс зээл авсан байсан, үүний хүүг нь тэглэх санал гаргасэн байна.
Нийслэлийн Засаг дарга Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргалаа.
Налайхын уурхайн туурь сахин, хувиараа нүүрс олборлож байсан гурван хүн нурангид дарагдсан хэрэг /2016.11.08/ Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутагт гарчээ. Нутгийнхны нэрлэдгээр 57 дугаар уклон орчимд хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч, гурван хүн дарагджээ. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврагч нар дуудлагын дагуу осол болсон газарт очиход уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нуралтын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Инфляцийг зургаан хувиар тогтоовол бодлогын хүүг өсгөхөөс аргагүй гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа.