Ерөнхий сайд Сэлэнгийн ойд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сэлэнгийн ойд оролцож байна

Ойрын өдрүүдэд хэд хэдэн аймгийн 80 жилийн ойн байр наадам болж байна. Тэдний нэг болох Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр өнөөдөр эхэлжээ. Уг наадам хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд С.Батболд Сэлэнгийн наадмын нээлтэд оролцож байгаа юм байна. Ерөнхий сайд баяр наадмыг нээж үг хэлжээ.

Ерөнхий сайд үгэндээ ”Монголын тулгар төрийн 2220 жилийн эх сурвалж болсон Хүннү өвгийн олон дурсгалыг хадгалсан Ноён уул Сэлэнгэ аймагт байдаг. Мянганы суут хүн эзэн Чингис хааныг Тэмүүжин нэртэй залуу хөвгүүн байхад өдгөө 805 жилийнх нь ойг тэмдэглэж буй Их Монгол Улсыг байгуулах тэмцлийн эх суурь энд л тавигдсан. Эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөөх Ардын хувьсгал энэ л нутгаас эхлэлтэйг Монгол түмэн мэднэ. Өнөөгийн Монгол орны хөгжлийн эх суурийг тавьсан энэхүү Ардын хувьсгалын 90 жилийн ойг орон даяар тэмдэглэж байна. 

Монгол орны олон гол мөрний ай сав, байгаль цаг уурын тааламжтай нөхцөл бүрдсэн Сэлэнгэ нутгийн иргэд Атрын I, II, III аяныг үе удмаараа түүчээлэн, үйлс бүтээлээрээ манлайлан хэрэгжүүлсэн бахдам гавъяатай билээ. Сэлэнгийн тариаланчид өнгөрсөн жил 171,6 мянган тонн үр тариа, 42,7 мянган тонн төмс 30,2 мянган тонн хүнсний ногоо, 1689 тн тэжээлийн ургамал хураан авч, 203,0 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн амжилтаараа улсдаа манлайлсан.

Сэлэнгэчүүд Та бүхэн жил бүр улсын хэмжээний үр тарианы 60.0 орчим хувь, төмсний 30.0 хувь, хүнсний ногооны 40.0 гаруй хувийг үйлдвэрлэж, үр тарианы үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлэх боллоо. Үр тарианы үйлдвэрлэлээс гадна алт, цемент, шохой, мод боловсруулах, хүнсний үйлдвэрлэлийн салбаруудыг амжилттай хөгжүүллээ. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техникийн ололтыг нэвтрүүлж Сэлэнгэ үүлдрийн үхэр, Орхон, Хангай, Ерөө үүлдрийн хонь, Орхон, Дархан сортын буудай, “Монгол алим” бий болгож улсдаа анх удаа жимс, жимсгэний болон балт зөгийн аж ахуйг үүсгэн байгуулсан бахархалт түүх Та бүхэнд бий. Сэлэнгэчүүд Та бүхэн мал аж ахуйгаа эрчимжүүлж ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар санаачилга зүтгэлтэй ажилласны үр дүнд нэг малаас ашигласан хонины ноос улсын дунджаас 156 грамм, сүү 160 литр, үхрийн амьдын жин  38 кг-аар илүү байна.

Сэлэнгэ аймаг бусдад үлгэр жишээ болж ирсэн төдийгүй төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй шуурхай хүргэх, баг, суманд нутгийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлын амжилт, бүтээлээрээ улсын хэмжээнд сүүлийн 5 жил дараалан хошуучилсан. Тиймээс 2009, 2010 оны ажлаар улсад тэргүүлж “Монгол Улсын шилдэг аймгаар хоёр удаа, тус аймгийн Мандал сум 2011 онд төвийн бүс дэх Монгол Улсын шилдэг сумаар тус тус шалгарсанд дахин баяр хүргэе.

Атар газрыг эзэмших, ард түмнээ эрүүл, экологийн цэвэр хүнсээр хангах, эх орныхоо газар тариалангийн салбараа эрчимтэй хөгжүүлэх их үйлсийн ололт, амжилтаа төр, засгаараа үнэлүүлж хоёр удаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, мөн Д.Сүхбаатарын одонт Монгол Улсын анхны аймаг болсныг 80 жилийн ойн энэ өдөр бахархан дурсаж байна. Энэ бол Монголын төр, ард түмэн Сэлэнгэчүүдээр бахархаж бас та бүхэндээ өндөр үүрэг, хариуцлага, итгэл найдвар, хүндлэл  өгч байгаагийн тод илрэл юм. Тиймээс амжилт бүтээлийг, шагнал үнэлэмжийг дагаж ард түмнийхээ, улс орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлага улам нэмэгдсэнийг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Энэ жилийн олон ой давхацсан билэгтэй сайхан наадамд танай нутгийн хүү Г.Эрхэмбаяр одтой сайхан барилдаж, олон түмнээ цэнгүүлж, Улсын арслан цол хүртсэнд баяр хүргэж, амжилт хүсье. 

Цаашид Сэлэнгэ нутгийнхан их бүтээн байгуулалтыг манлайлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх загвараа сайжруулж бусад аймагт арга туршлагаасаа зааж өвлүүлэн газар тариалангийнхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургацаа нэмэгдүүлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, Монгол Улсын хөдөө аж ахуйн загвар бүс нутаг болохыг хүсье” гэжээ.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж