Арваннэгдүгээр сарын 8-нд болсон сонгуулиар АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр БНН-ын Дональд Трамп ялсан нь дэлхийн гадаад харилцааны зарим асуудалд өөрчлөлт гарах магадлалтай боллоо гэж хэвлэлүүд бичиж байна. Эдгээр өөрчлөлт нь юу байх вэ?
НАТО-Г ХӨДӨЛГӨӨНД ОРУУЛЖ МАГАДГҮЙ
Сүүлийн 60 жилийн турш АНУ-ын гадаад бодлогын гол талбар болсон НАТО-д Трамп тийм ч таатай ханддаггүй. Шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага гэж үздэг бөгөөд НАТО-гийн зарим гишүүн орныг америкчуудын татварын мөнгөөр давгүй хөлжсөн гэж үздэг.
“Өгсөнийхөө хариуд нь юу ч авахгүй байж Европ, Азийн зарим орныг АНУ хамгаалж чадахгүй” хэмээн Трамп хэлсэн. Тэдгээр улсаас АНУ-ын цэргийг газар нутагтаа байлгаж байгаагийнхаа төлбөрийг төлж чадахгүй бол цэргүүдээ гаргах хэрэгтэй гэж Трамп үздэг. Трампын үгийг НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг цэрэг батлан хамгаалахад зарцуулах үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүн орнуудад хандсан шүүмж гэж ойлгож болно.
Трампын НАТО-гийн талаарх үг, үйлдэл нь НАТО-г оросуудаас хамгаалах бамбай гэж үздэг Зүүн Европын зарим орныхны санааг зовоож байгаа.
АНУ ОХУ-ТАЙ ИЛҮҮ НАЙРСАГ ХАРЬЦАХ УУ?
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй илүү дотно харилцааг бий болгож чадна гэж Трамп хүлээж байгаа. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр В.Путиныг хүчтэй удирдагч, түүнтэй харилцаа холбоо тогтоохыг хүсч байна гэж хэлж байсан.
Барак Обама анх Ерөнхийлөгчийн суудлаа авч байх үедээ эртний өрсөлдөгч Оростой харьцах харилцаагаа эргэн харах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан юм. Түүнээс хойш АНУ-ОХУ-ын харилцаа хүйтэрсээр Сирийн асуудлаас хойш хүйтрэлийн дээд цэгтээ очоод байна.
Гэхдээ Исламын улс бүлэглэл болон хэт радикал бүлэглэлтэй хамтран тэмцэхээс өөр ямар арга хэлбэрээр Оростой хийх харилцаагаа сайжруулах талаар Трамп юм дурсаагүй. Ерөнхийдөө оросуудтай хэл амаа ололцож болно гэдгээ Трамп ойлгож байгаа юм шиг. Барак Обама, Хиллари Клинтоноос илүүтэйгээр Путинтэй нэг хэлээр ярьж чадна гэдэгтэй Трамп итгэлтэй байна.
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙН ХУВЬ ЗАЯА БҮҮДГЭР
Гадаад худалдааны талаар баримтлах Дональд Трампын бодлого нь АНУ-ын олон жилийн турш бусад оронтой харилцаж ирсэн харилцааг эвдэхээр байна. Тэрбээр хэд хэдэн чөлөөт худалдааны хэлэлцээрээс АНУ гарна гээд мэдэгдээд амжсан. Тухайлбал, Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу Канад, Мексиктэй хийсэн хэлэлцээр нь АНУ-д ажилгүйдлийн шалтгаан болсон гэж Трамп үзэж байгаа юм. Тэр бүү хэл Дэлхийн худалдааны байгууллагаас АНУ гарах магадлал байгаа хэмээн хэлсэн билээ.
Мөн Трамп импортын барааны татварыг дэмжиж байгаа бөгөөд энэ хүрээнд Хятадын импортын бараанд 45 хүртэл хувийг татвар ногдуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн Мексикийн импортод 35 хувийн татвар байж болох тухай бас ярьсан.
ИРАНЫ ЦӨМИЙН ХЭЛЭЛЦЭЭР
Барак Обамагийн үед цөмийн хөтөлбөрийнх нь улмаас Иранд тавигдсан хоригийг цуцалж, Ираны удирдагчдаас цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах ам өчгийг авч чадсан нь түүхэн үйл явдал болсон. Харин Трамп энэ хэлэлцээрийг "түүхэнд байгаагүй муу” хэмээн дүгнэсэн. Энэ хэлэлцээрийг цуцлах нь түүний "тэргүүн зэргийн зорилт байх болно” гэдгээ хүртэл мэдэгдсэн.
Хэрвээ хэлснээрээ хийвэл энэ нь ойрхи Дорнодын хувьд маш их үр дагавартай байх болно. Иран нь Ойрхи Дорнодын гол тоглогчийн нэг, ялангуяа Сирийн хямралыг зохицуулах, мөн Саудын Араб, Израильтай харьцах харилцаанд чухал үүрэгтэй улс. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф Трампад хандан дэлхийн улс орнуудын тэргүүн нар баталгаажуулан гарын үсэг зурсан энэ хэлэлцээрийг хүндэтгэхийг уриалсан.
АЗИЙН ЦӨМИЙН ЗЭВСГИЙН АСУУДАЛ
Дональд Трампын засаглалын үед Азийн цөмийн зэвсгийн асуудал босч ирэх магадлалтай. Хятад мэдээж Трампыг сонгогдсонд баяр хүргэх ч гэлээ, тэр Хятадыг АНУ-аас тусгаарлах бодлого барьж магадгүй гэдгийг мэдэж байгаа. Япон, Өмнөд Солонгосын тухайд Трамп өөрийн байр сууриа хэлээд амжсан. Тэр эдгээр улс АНУ-аас дэндүү хамааралтайг онцолсон. “Энэ хоёр улс өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болсон цагт л хожих болно” гэж Трамп хэлсэн юм.
Ази тивийн шүдний өвчин улс байгаа нь мэдээж Хойд Солонгос. Хойд Солонгос өөрийн гэсэн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлсээр байгаа. АНУ-ын өмнөх удирдагчдын хийж чадаагүй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох амаргүй даалгавар Трампад залгамжлан ирлээ. Харин Трамп үүнийг хэрхэн хийх нь ойлгомжгүй. Сүүлийн саруудад Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Сен Уныг “муу залуу" гэж нэрлээд түүнтэй шууд нүүр тулан ярилцахаар зэхэж байна гэсэн.
Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь олон хүний хувьд тааварлаагүй, төсөөлөөгүй, хүлээгээгүй үйл явдал болсон. Тааварлаагүй Ерөнхийлөгч Хойд Солонгосыг дэлхийн тааварлашгүй улстай тааварлашгүйгээр харьцаж, тааварлаагүй үр дүнд хүргэж магадгүй.
БЭЛТГЭСЭН: А.ШАРАВ
Эх сурвалж: BBC