Саяхан болж өнгөрсөн /2016.11.04/ “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад “Манай улс 2020 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах зорилттой ажиллаж байна” гэж мэдээлэв. Хоёр сая жуулчин гэх мөрөөдлийн тоог бардам зарласан Б.Маргадаас ам асуумаар санагдлаа. Учир нь улсын хэмжээнд жилд яг хичнээн жуулчин хүлээн авч буй тухай бодит тоо одоогоор алга.
Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны эхний есөн сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 325 046 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар нэмэгджээ. Энэ тоог улсаар нь ялгаж харвал ОХУ (+11.6%), АНУ (+10.6%), БНСУ (+22.2%), Герман (+10.8%), Франц (+14.2%), Австрали (+16.2%), Япон (+4.7%)-ы жуулчдын тоо өсч, БНХАУ(-13.9%), Казакстан улс (-7.8%), Их Британи улс (-4.6%)-ын жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байна. Тоог хүснэгтээр үзүүлбэл:
Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэд | 2015 оны 9 сар | 2016 оны 9 сар | Өөрчлөлт тоо | Өөрчлөлт хувь | |
Нийт: Зорчигч | 381319 | 377396 | -3923 | -1.02% | |
Үүнээс: Жуулчин | 317153 | 325046 | +7893 | +2.4% | |
Жуулчдын голлох зах зээлийг орноор | |||||
1 | БНХАУ | 112045 | 96455 | -15590 | -13.9% |
2 | ОХУ | 57103 | 63751 | +6648 | +11.6% |
3 | БНСУ | 41240 | 50436 | +9196 | +22.2% |
4 | ЯПОН | 16776 | 17579 | +803 | +4.7% |
5 | АНУ | 12383 | 13705 | +1322 | +10.6% |
6 | КАЗАКСТАН | 12225 | 11269 | -956 | -7.8% |
7 | ГЕРМАН | 7996 | 8864 | +868 | +10.8% |
8 | ФРАНЦ | 7376 | 8429 | +1053 | +14.2% |
9 | ИХ БРИТАНИ | 5463 | 5211 | -252 | -4.6% |
10 | АВСТРАЛИ | 3931 | 4570 | +639 | +16.2% |
Гэвч энэ бол Монголд аялахаар ирсэн жуулчдын тоо биш. Гадаадын улс орнуудаас Монгол Улсад ирсэн, Монголын хилээр нэвтэрсэн хүмүүсийн л тоо. Тэдний хичнээн нь аялж зугаалахаар, жуулчны визтэйгээр Монгол Улсад ирсэн бэ гэвэл тун ядмаг тоо гарах нь гарцаагүй. Нийт зорчигдчдын ердөө 10 хувь нь аялагчид байдаг жишгээр тооцох юм бол жуулчдын тоо 20-30 мянгад л эргэлдэнэ. Гэтэл салбарын яам, агентлагийн амлалт хоёр сая жуулчин хэмээж байдаг. Өмнө нь нэг сая жуулчин авчирч, улсын сан хөмрөгийг зузаална гэсэн гэгээн зорилтыг дэвшүүлж байсан удаатай. Харин биелэлт ямар байгааг дээрх хүснэгтээс харж болно. Хил гаалиар орж ирсэн болгоныг жуулчин хэмээн худал бүртгэж, түүндээ итгэсээр цааш явах уу.
ИЛ ЗАДГАЙ “МОРЬ ХАРАХ”-Д СУРГАНА
“Lonely Planet” аяллын мэдээллийн компаниас 2017 онд жуулчдын аялбал зохих улс орнууд, бүс нутаг, хотуудын жагсаалтыг гаргаж зарлахад, аяллын топ орнуудын долдугаарт Монгол Улс бичигдсэн. Энэ нь сайн хэрэг юм. Гэхдээ зориод ирсэн цөөн хэдхэн жуулчдад бид хэрхэн үйлчилж байгаа вэ гэдэг хамгийн чухал. Та доорх зургийг хар даа.
Гадаадынхан Монголд иймэрхүү л байдалтай аялж байна. Гадаадаас ирсэн болгоныг шахам дагуулан очдог, Монголын тур компаниуд олноороо байрладаг Мэлхий хадны орчимд л гэхэд бие засах газар алга. Аргагүйдсэн гадаад эр хэрхэн гадаалж байгаа нь дээрх зурагт буужээ. Энэ хүн эх орондоо буцаж очоод Монголыг ямархан байдлаар дүрсэлсэн бол. Ийм байдалтай байхад Монголд саяар тоологдох жуулчин хүлээж авна гэж хэлэхэд ам эвлэмээргүй санагдах юм. Ямар ил задгай газарт “морь харах” урлагт суралцуулна гэлтэй биш.
Сайнаар төсөөлөөд, саяар тоологдох жуулчин Монголд ирлээ гэж бодъё. Улаанбаатар хотод зочлох үйлчилгээ үзүүлж буй 132 зочид буудал нийлээд 2,477 өрөөтэй, уртаашаа 4,449 ортой гэнэ. Зочид буудлуудын 12.12 хувь нь л гурваас дээш одтой. Үндэсний ганц авиакомпани болох МИАТ жилийн турш өдөрт хоёр удаа тасралтгүй нисэхэд багцаагаар 185.000 хүн л зөөнө. Гэхдээ зорчигч нь дан гадаадын жуулчин байна гэж тооцвол шүү дээ. Судлаачдын гаргасан ердөө хоёрхон баримт л манай улсын аялал жуулчлалын салбарын нүүр төрхийг илчлээд өгч байна. Гэтэл дэлхий дээр 900 сая хүн өөр улс орон, тив рүү аялан жуулчилж, тэдэнд үйлчлэхээр 200 гаруй сая хүн ажиллаж байна. Дэлхийн зургаан хүн тутмын нэг нь хэрэглэгч нь болдог энэхүү салбарын нийт орлого жилдээ 1 триллион буюу өдөрт 3 тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон байна. Энэ их хэмжээний орлогоос халбагадах төдийг ч бид хүртэж чадахгүй байгаа хэр нь хэт том зорилт, зорилго дэвшүүлэх нь хэр оновчтой вэ. Том харж ихийг хүртэнэ гэсэн онол байдаг ч жалга довон дотроо бодит байдлаа үнэнээр нь хэлэлцээд үзвэл яасан юм бэ.
МОНГОЛЫГ ХОЙД СОЛОНГОСТОЙ ЗҮЙРЛЭЖЭЭ
Гадаад эх сурвалж ч Монголын аялал жуулчлалын салбарыг өөдрөгөөр үнэлсэнгүй. Нийслэлийн аялал жуулчлалын газрын вэбсайтад нийтлэгдсэн “Монголд ирэх жуулчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ” нийтлэлд дурдахдаа:
"Bloomberg Businessweek"-ийн 2016 оны гуравдугаар сарын дугаарт “Улаанбаатар хүртэл аялж, бүүр ариун цэврийн цаасаа биедээ авч очих хэрэгтэй болсноо гайхдаг жуулчид одоо Хойд Солонгос руу зүглэж байна. Өөрөөр хэлбэл Монгол бол Хойд Солонгосоос ялгаагүй, өндөр эрсдэлтэй, нилээн зориг гарган байж зорчих улс юм. Монгол эсвэл Төвдөд очоод ирлээ гэх нь маш содон, эрсдэлтэй сонсогддог бөгөөд ийм улсууд руу адал явдал хайгчид л аялна. Уг нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд заавал өндөр хөгжилтэй орон байх шаардлагагүй. Жишээ нь Тайландчууд аялал жуулчлалаа амжилттай хөгжүүлснээр, жилд 30 сая жуулчин хүлээн авч, 42 тэрбум долларын орлого олж байна. Энэ нь нэг жуулчнаас дунджаар 1,400 доллар олсон гэсэн үг. Гэтэл сүүлийн 6 жилийн статистикаас харахад Монгол улс ердөө 200 гаруй сая доллар л энэ сектороос олж байна. Энэ нь нэг жуулчин дунджаар 500 орчим долларын орлого оруулж байгаа хэрэг юм. Тайландтай харьцуулахад бараг 3 дахин бага гэсэн үг” хэмээжээ.
Хатуу боловч үнэн үг. Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр тухайн улсын үндэсний агаарын компаниас эхлээд зочид буудал, хоолны газар, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр гээд бүхий л салбарт тогтмол орлого орж, ажлын байр нэмэгдэж байдаг. Дээрх нийтлэлд сайны жишээ болгож дурдсан Тайланд улс жуулчдыг хичнээн амар хялбар, зарим талаар хөгийн гэж болохоор зүйлсээр татдагийг та бид бэлхнээ мэднэ. Мэдээж Тайландын цаг агаар маш таатай. Гэхдээ тус улсын улс төр, нийгмийн амьдрал тийм ч амгалан биш. Гэсэн хэдий ч өчүүхэн жижиг зүйлсээр давуу тал болгон ашиглаж, жуулчдыг татсан хэвээр байна. Тайчууд зааны сүүлний хялгасыг цагираг хэлбэрт оруулаад бөгж хэмээн нэрлэж таван доллараар худалдаж чадаж байхад бид эсгий шаахайгаа ч олигтойхон урлаж, худалдаж сураагүй л байна.
ЖУУЛЧИД БА ЗУГАА ЦЭНГЭЛ
Дэлхийн нийтийн жишгээс харахад жуулчид тур операторт төлсөнтэйгөө тэнцүү хэмжээний мөнгийг зугаа цэнгээн болон шөнийн клуб, тоглоомын газарт зарцуулахад бэлэн байдаг гэнэ. Гэтэл манай улсад тэднийг зугаацуулах, хөгжөөх, үгүйдээ л халааслаад ирсэн мөнгийг нь орлого болгон аваад үлдэх зүйлс үнэндээ ховор байна. Шөнийн 00 цагаас хойш хүн зугаацуулах нэг ч газар байхгүй. Худалдаа үйлчилгээ нь ч төрийн байгууллагатайгаа уралдан хаалгаа барьж орхидог. Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн, доктор Д.Гантөмөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шөнийн клубууд бол жуулчны халаасыг суллах технологи. Гэтэл манайх үүдийг нь хаачихаар хүний байгалиас заяасан харамч сэтгэхүйг улам дэврээдэг” хэмээн өгүүлсэн нь бий. Мөнгөө юунд үрэхээ мэдэхгүй гадаадынхныг байдаг арга чарга, эрдэм ухаанаа шавхан байж аваад ирсэн тур компанийнхан жуулчдаа баясгах гэж яаж тамаа цайдгийг бид мэдэхгүй. Хэдэн зуун бээр авч давхиад үзүүлэх зүйлсээр ховор, нийслэлд ч гээд тэднийг соронздох сонин сайхан үгүй болохоор жуулчид мөнгөө халааслаад буцахаас яанам билээ.
Бас нэгэн хөгжүүлэхээс аргагүй шинэ технологи бол интернэт аялал. Судлаачид болоод олон улсын байгууллагуудын гаргасан баримтаар өнөөдөр дэлхий даяар зарагдаж буй сая сая аяллаас 10 аялал тутмын гурав нь интернэтээр хийгддэг ажээ. Интернэт аяллаас 65 тэрбум ам.долларын орлогыг бий болгож байна гэсэн тооцоо ч гарчээ. Олон улсын аялал жуулчлалын нэгэн томоохон хэсэг болох зочид буудлууд интернэт худалдаа болоод мэдээллийн технологид тулгуурласан и-маркетингийн гайхалтай арга хэлбэрүүдийг амжилттай ашиглаж энэ чиглэлдээ тэргүүлэгч болж байна. Тухайлбал, дэлхийд тэргүүлэгч “Хилтон” зочид буудлын зөвхөн нэг салбар л гэхэд 500 сая ам.долларын ашгийг ганцхан интернэт худалдаа болон аяллаас олж байдаг ажээ. Харин манайхан шинэ технологийг нутагшуулахдаа хойрго.
Энэ мэт аялал жуулчлал тойрсон энгийн хэрнээ чухал асуудлыг шийдээгүй байж 1-2 сая жуулчин авчирна гэж цээжээ амраах хэрэг байна уу. Ядаж л хил гаалиар орж гарсан болгоныг жуулчин хэмээн худал бүртгэдгээ больж, үнэнээсээ аялахаар, жуулчлахаар ирсэн хүмүүсээ зөв тодорхойлдог болъё л доо.