Их мастер С.Цогбадрах дээд амжилтыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2016.11.10-нд нийтлэгдсэн

Их мастер С.Цогбадрах дээд амжилтыг шинэчиллээ

АНУ-ын Лас Вегас хотноо "Memoriad-2016" World Mental Olympics буюу дэлхийн оюуны олимп болж байгаа билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү олимпийн наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийт 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага гэсэн 13 төрөлд өрсөлдөж байгаа юм.  "Memoriad-2016" оюуны олимпт эх орноо төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 14 тамирчин (7-33 нас), багш дасгалжуулагч нарын хамт оролцож байна.

Сайхан мэдээ дуулгахад, манай тамирчид шагналын хур буулган байгаа бөгөөд өчигдөр болсон "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгасан эхний төрөлд Их мастер С.Цогбадрах олимпийн дээд амжилтыг шинэчилж алтын медалийн болзол хангасан бол ОУ-ын их мастер Э.Пүрэвжав хүрэл медалийн болзол хангалаа.

Энэ төрөлд 2012 онд манай тамирчин Их Мастер С.Цогбадрах 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтыг эзэмшиж байсан бол өчигдөр 486 цифр болгон дээд амжилтаа шинэчлэн алтан медаль хүртлээ. Ингэснээр Их Мастер С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо. Мөн маш хатуу дүрэмтэй энэ төрөлд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангажээ.

"Флаш Тоо" төрөлд:

1-р байр: Дэлхийн #34, С.Цогбадрах (Монгол) – 486 цифр 
2-р байр: Дэлхийн #15, Кристиан Шафер (Герман) – 408 цифр
3-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) – 232 цифр

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхин 4-р байр ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас), 7-р байр Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас), 8-р байр ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас), 9-р байр Н.Намуундарь (12 нас), 10-р байр ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас), 11-р байр Б.Хангал (11 нас) нар шалгарчээ.

Хоёр дахь өдрийн байдлаар манай тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт 8 медалийн болзол хангажээ.

Ийнхүү Монголын Оюун ухааны академийн тамирчдын 40 дэх олон улсын тэмцээний амжилтын буухиа үргэлжилж байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж