Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын хоёронд Малайз улсад эхэлсэн “AFC Solidarity 2016” тэмцээнийг өчигдөр өндөрлүүллээ. Тэмцээний “В хэсэг”-т Макао, Шри Ланк, Лаос гэсэн улсуудтай багтсан “Хөх Чононууд” эхний тоглолтоо Макаотай хийж, илүү тоглолтыг үзүүлсэн боловч харамсалтайгаар эерэг үр дүн авч чадалгүй 2:1-ээр хожигдсон. Гэхдээ дараагийн учраа болох Шри Ланкыг Н.Наранболдын хоёр гоолоор буулга авсан. Нөгөө талд Лаос, Макаод 4:1-ээр хожигдсон тул манай баг сүүлийн тоглолтодоо тэнцэхэд л гоолын зөрүүгээр хэсгийн шатыг давах боломжтой болоод байв. Гэвч харамсалтай нь өчигдөр Лаос 3:0-ээр хожигдож, залуу бүрэлдэхүүнтэй шигшээ баг маань тэмцээнээ өндөрлүүллээ. Гэхдээ шигшээ багийн амжилтыг зөвхөн нэг тэмцээнээс дүгнэнэ гэдэг боломжгүй зүйл. Энэ онд “Хөх Чононууд” Ази тивийн албан ёсны зургаан тоглолт хийхэд 2 хожил, 1 тэнцээ, 3 хожигдол гэсэн чамлахааргүй амжилт үзүүллээ. Шигшээ багийн амжилтанд цаг хугацаа шаардлагатай учраас МХБХ тамирчдын ур чадварыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Түүнээс гадна шигшээ багийн тамирчдын бэлтгэлжилтийг чухалчлан үзсэний үндсэн дээр “AFC Solidarity cup 2016” тэмцээний өмнө урд хөршид 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийлгүүлсэн. Цаашид ч энэ мэтээр шигшээ багийн бэлтгэлийг өндөр түвшинд хийлгүүлж, амжилт ахиулах тал дээр анхаарч насн насны шигшээ багийг үе шатлалтайгаар хөгжүүлэх болно. Энэ удаагийн “AFC Solidarity cup” тэмцээнд оролцсон шигшээ баг урьд хожид байгаагүй залуу бүрэлдэхүүнтэй байсан. Дундаж нас ердөө 22,8 гэдэг бол аль ч улсын үндэсний шигшээ багт байхгүй тоо. Яг энэ багт багтсан шилдэг залуус Монголын залуучуудын шигшээ багийн цөмийг бүрдүүлж, ирэх оны долоо дугаар сард зохиогдох “Азийн 23 хүртэл насны аварга шалгаруулах тэмцээн”-ий урьдчилсан шатад өрсөлдөнө. Өнөөдрийн ялагдал бус ирээдүйн ялалтаа харж, зорьсон зорилго, эхэлсэн ажилдаа эзэн болохыг Монголын хөлбөмбөгийн нас насны шигшээ багийн тамирчидаас хүсье. Ирэх оноос та бидний ажлын үр дүн бага багаар ахиж, амжилтын үзүүрээс атгах болно гэдэгт итгэлтэй байна.
Photos by: photos.the-afc.com
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО