УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Хуульд зааснаар хүүхэд харах үйлчилгээ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдаж байна.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 6353 хүүхэд харах үйлчилгээнд хамрагджээ. Тэднээс 2942 нь нийслэлд харьяалагдаж байна. Улсын хэмжээнд 1206 хүүхэд асрагч байгаагаас 79 нь хүүхэд харах хүсэлтээ албан ёсоор илэрхийлжээ.
Тус яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр ажлын хэсэг гарган хүүхэд харах үйлчилгээнд шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн зургаан дүүрэг, Хэнтий, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн 29 нэгж хамрагдсан байна. Тэдгээрээс 15 нь орон сууцанд, 14 нь хашаа байшинд хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байжээ.
Ингэхдээ шалгалтад хамрагдсан 29 нэгжийн 11 нь буюу 37 хувь нь стандартын шаардлагыг 80-аас дээш хувиар хангаж байжээ.
Шалгалтаар хүүхдийн хоол хүнс шимт тэжээллэг бодисын чанарын тооцоогүй, хоол, ундны өдөр тутмын дээж авалт, түүнийг хадгалах зориулалтын хөргөгчгүй, хоёр ч хүүхэд харах үйлчилгээний төв нь хашаандаа нохойтой байсан, эцэг, эхчүүдээс 70 мянган төгрөгөөс дээш хэмжээтэй төлбөр авч байсан 12 нэгж байжээ.
Г.ДАРЬ