Уучлаарай, Хуушаан Д.Нацагдорж

Хуучирсан мэдээ: 2016.11.03-нд нийтлэгдсэн

Уучлаарай, Хуушаан Д.Нацагдорж

-Өнөөг хүртэл түүнийг амьдардаг гэдэгт хувьдаа хэдэн зуун хувиар итгэнэм-

Өнөөдөр амьд байгааг минь хэн хүн мэдэхгүй өчүүхэн нэгэн бээр түүний уран бүтээлийг унших тусам эргэлзээгүйгээр энэ бодол минь нэмэгдэн баталгаажна. Гэхдээ яагаад, юуны учир, хэн, хэрхэн… амиа хорлосон уу. Тийм бол яагаад түүний шарил ч үлдсэнгүй вэ?! Ар араасаа ээрэгдэн гарч ирэх түмэн асуулт хариултгүй. Хариулт хүсэвч хариулахыг хичээгчгүй.

Суутныг гуйлгачин шиг амьдруулж, оюун санааны удирдагчийг нүгэлт матаачны бузар үгнээс ч хямдаар хаяж, хоосон хардаж, түүндээ итгэж, тэгээд ялласан. Тарчлааж, сэжиглэж, холбоотой бүхнийг нь харгислан зовоож, эцэст нь амьдралыг нь үгүй хийсэн. Үгүй хийгээд зогсохгүй үхсэн хойно нь мэдэх нэгний үнэн үгийг өчүүлэхгүй ам өчиг авсан. Суутнаа устгаж, солиотноо дахисан тэр цуст он жилүүд. Үе үехэн ой, энэ тэрүүхнээр түүний дахин үлгэр домог шиг, үнэн, худал нь мэдэгдэхгүй амны зоргоор ярьцгаана. Маргааш нь дахиад мартана.

Амны зугаа болгоно. Алив зүйлтэй хольж, хутгана. Дашдоржийн Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг. Дэлхийг засаглах нь ойрхон байгаа улсын удирдагч Монголд ирээд уншжээ. “Монголыг авах санаархал”, “Биднийг тусгаар улс гэж хүндэтгэсэнгүй”, “Дотор хүний битүү санаа” гэхчлэн гоочлов. Дэлхийд суутнаар үнэлэгдсэн, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн шүлгийг зориуд уншсан юм биш үү? Суутнаараа гарцаагүй бахархаж, найрсгаар хүлээн авах нь дамжиггүй гэсэн юм биш байгаа. Харин суутнаа бид яалаа…

Зохиомол, зорилготой, зориуд гүжирдлэгээр дүүрсэн архиваа бид арай өөрөөр харахыг хичээж, засч залруулж байгаа маань хэн билээ. Лавтайяа төр биш. Таван жилийн тэртээд найруулагч Б.Бадрал нарын уран бүтээлчид ажилласан “Бүрхэг шөнийн тэргэл саран” кинонд дурдсан их зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын охин болох Цэрэндуламын талаар кинонд өгүүлснээс илүү ахиц гарсан уу… Дахиад л асуултгүй хариулт.

Найруулагч Б.Бадралтай уулзаж байхад “Их зохиолчийн анхны гэргий Пагмадуламын тухай одоо хэр нь туйлын бүдэг бүрхэг. Энэ нь магадгүй манайхан зохиолыг нь уншихаас зохиолчийг нь төдийлөн судалдаггүйтэй холбоотой байх. Тиймээс ч их зохиолчийн амьдрал, түүний гэргий Пагмадулам хэрхэн амьдарч, яаж гадуурхагдсаныг анзааралгүй өнгөрсөн биз” гэж таван жилийн өмнө хэлж байснаа одоо ч хэлэх нь дамжиггүй. Тэрээр баримтат киногоо хийхдээ хүмүүсийн аман яриа, юу гэж хэлж байсан зэргийг оруулсан гэдгийг онцолж, “Архивын баримтын тухайд нэг их ашигласан зүйлгүй. Ашиглая гэсэн ч төдийлөн авчихаар баримт үгүй юм билээ” гэсэн нь шинэ баримт эрэлхийлж, түүндээ захын хэн хүнгүй мэдэх баримтыг шүүрээд авчаагүйг нь илтгэнэ.


Тэгвэл их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Цоодолын Хулан “Монгол ардын суут” гэх түүний сүүлчийн шөнийн тухай өгүүлэх жүжгийг бичжээ. “Эл жүжигт их зохиолчийн амьдралын сүүлчийн шөнө тусгагдсан бөгөөд бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой юм. Нацагдорж судлаач Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичсэн” гэж тэрээр тайлбарлалаа.

Зохиолд хүрээний гудамжинд Д.Нацагдорж хэн нэгэнтэй амь тэмцэлдэх ноцолдож эхлэх аж. Харин түүнтэй ноцолдогч нь бодит хүн үү эсвэл…

Жүжигт Д.Нацагдорж хэрхэн гадуурхагдаж, харгис машины араа, шүдэнд сэтгэл зүрхээ няцлуулж буй талаар өгүүлнэ.

Нэгэн цагт мандаж, бадарч явсан их хүнийг золбин нохойноос ч дорд тооцон орхиж, түүнтэй найзалж, нөхөрлөхөөс ч эмээж, хэдхэн үнэнч нөхөр нь л цөхөрсөн, хоосорсон сэтгэлийг нь аргацааж, чадлынхаа хэрээр туслах болсон ч тэр нь гавихгүй. Тэрээр өөрийн ёсолж авсан эхнэрээ санан бэтгэрч, амьдарч буй нийгэм, нам засгийн харгис, харанхуй сурталд ой гутаж, чадлынхаа хирээр тэмцэж буй ч эцэст нь цөхөрч, салахын түйс болж буй талаар өгүүлэх Ц.Хулан найрагч өгүүлжээ.

Түүний жүжигт Д.Нацагдоржийн өөрийнх нь шүлэг, уран бүтээл, зуун дамжин ирсэн туульсаас ашиглах аж.

Баримтууд, судалгаа дээр суурилсан учраас аль болох түүнийг шингээхийг оролджээ.

Д.Нацагдорж уушийн газарт халамцуу бүсгүйг хань татан суугаа хэсэгт,

-Жийдаан хуушаан минь

Жинхэнэ дүрээрээ морилов уу.

Наадмын хундага өргөөд

Наргинаа хоёулхнаа? гэж дуулах аж.

Жийдаан Хуушаан гэдэг нь нэрт Б.Ринчэн гуайн тэмдэглэн үлдээснээр Д.Нацагдоржийг хэлдэг байсан талаар дурдсан байдаг. Найруулагч Б.Бадрал баримтат кинондоо ам дамжсан яриа, утасны үзүүрийг олохын хичээсэн бол Ц.Хулан ч бас л түүний нэгэн адил жүжигтээ ам дамжсан яриа, ойр дотно байсан хүмүүсийн тэмдэглэн үлдээснийг илүү түлхүү оруулахыг хичээжээ. Б.Ринчен тэмдэглэснийг үргэлжлүүлэхэд “Гучаад оны үеэс Хуушаан (Боржигон Нацагдоржийг бид Хуушаан гэж тэр үеийн монгол уншигч олонд их алдартай Жийдаан Хуушаан гэдэг архинд дуртай нэг зохиолын баатрын нэрээр нэрлэдэг юмсан) бид хоёр Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухааны тасагт нэг тасалгаанд хоёулаа сууж ажиллахдаа Пушкиныг орчуулж үзэхээр санаа нийлж, үдшийн шөнөөр орчуулсан ганц нэг шүлгээ өглөө нь Хуушаан авчраад би орос эхий нь барин, Хуушаан орчуулсан нооргоо, гартаа харандаа барин дуудаж, зарим мэдэхгүй үгээ онгорхой үлдээснийг нөхөн, энэ санаа нь арай буусангүй, тэр үг арай таарахгүй байна гэж өглөөний чимээгүйд жинхэнэ албан ажлаа эхлэхийн өмнө хагас цагийн буюу нэг мөчийн төдий ном нийлж суудаг асан…” хэмээн дурссан байдаг.

Харин үүнийг зарим хүмүүс буруугаар мушгих гээд байдаг нь хачин.

Эхэнд дурдсанчлан биднээс бусад нь их зохиолчийг хүндэлж буйн жишээний нэгэн адил зохиолд эрлэгийн элч ч мань хаширыг хайрлаж, үлдээхээр ятгаж буй хэсэгхэн яриа өрнөнө. Д.Нацагдорж эрлэгийн элчийн савраас хэрхэн мултрах гарц байгааг өөрөөс нь асууна. Гэхдээ орших уу, эс оршихуйн тухай эрлэгийн элчтэй ярилцаж буй тэр ярианд нам, төрөөсөө уучлалт гуйж, өөрөөсөө урвахыг заах аж. Харин өвөг дээдэс, үндэс угсаагаа үгүйсгэсэн, уруудан доройтож буй улс орноо хамгаас илүү харсан Д.Нацагдорж үнэнээс зугтсанаас үхлийг сонгосон нь илүүд үзнэ…

Харанхуй нийгмийн цусан далай, төөрөгдөл, хядлага хайр сэтгэл, харууслын гашуун нулимс, үндэсний үнэт зүйлсийг үгүй хийж урсгасан цусан далайгаар хэрхэн ундаалсныг Ц.Хулан ганцхан Д.Нацагдоржийн сүүлчийн өдрөөр үзүүлэхийг зорьсон гэлтэй.

Шууд Д.Нацагдоржийн үхлийн шалтгааныг өөрийнхөөрөө тайлбарлахаас зохиолч татгалзжээ. Зөв ч биз. Одоо хэр нь тэр асуулт хэвээрээ байна. Харин ч тэр асуултыг тоог зохиолч чиг шугамтай болгохоор оролдсон байж мэднэ. Түүний хэлээд буй “Хар хүн” гээч эрлэгийн элч хэн байв. Бусдын гарт амиа алдаагүй юм бол Д.Нацагдорж… Хожим хойно гадаадад үзэгдсэн гээд байдаг яриа түүнийг цуурхал тараах гэсэн бодлогогүй яриа юу эсвэл олон олон таамгаас үнэнийг олоогүй байгааг сануулсан дохио байв уу?

Төгсгөлийн оронд

Яг энэ өдрүүдэд Дашдоржийн Нацагдоржийн 110 жилийн ойг тохиолдуулан жүжгийн уралдаан зарласан ч нэгдүгээр байрт шалгарчихаар “дөмөгхөн” жүжиг ирээгүй талаар салбарын яамны зүгээс чих дэлсэв. Тийм ч биз. Үгүй ч байж болно. Гэхдээ Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол ойрын өдрүүдэд тайзнаа амилахаар сурталчилгаа нь яваад эхэлсэн. Харин хэрхэн, ямар замаар, яаж судалгаа хийж, аль талаас нь харуулсан нь удахгүй ил болж, түмэн олон тунгаах буй за.

Жүжиг, зохиолууд төрж, туурвиж болно. Гэхдээ… Гэхдээ өнөө хэр нь хийж, туурвиад хариуд нь гэсгээгдсэн түүний төлөө төр, та бид юу хийсэн юм бэ? Хороогоод хожмын өдөр “уучлаарай”-гаа “хий хоосон”-д хэлсээр суух уу?! ХАРИУЛТ ХААНА БАЙНА ВЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж