Үүгий: Уран бүтээлдээ эрчтэй орж байгаа

Хуучирсан мэдээ: 2011.07.21-нд нийтлэгдсэн

Үүгий: Уран бүтээлдээ эрчтэй орж байгаа

"Playtime" наадмыг зохион байгуулагчдын нэг, хөтлөгч, "Prophets" хамтлагийн дуучин У.Үнэнхүү буюу Үүгийтэй тус наадмын талаар ярилцлаа. Тэрбээр амьд хөгжмийн хамгийн том наадам болох “Playtime”-ын өмнөхөн хөлөө гэмтээж, шохойдуулсан ч жилд ганцхан болдог амьд хөгжмийн наадмаа хөтөлж, хамтлагийнхантайгаа шинэ уран бүтээлээ толилуулан залуусыг доргиосон юм.

-“Playtime” наадам арван нас хүрлээ?

-“Playtime” наадам жил болгон шинэ залуу хамтлагуудаар хүрээгээ тэлж байгаа. Оролцож байгаа хамтлагууд жил ахих тусам шинэ, хуучин гэлтгүй улам чансаажиж байна. Хамтлагуудын хувьд илүү чадварлаг, сайн хөгжимчин, дуучид маш олон байсан. Охидын хамтлаг дуучид ч нэмэгдсэн. Хоёр хоног үргэлжилдэг ийм том хөгжмийн наадам Монголд үүнээс өөр байхгүй. Наадмын нэг гол зорилго бол шинээр гарч ирж байгаа дуучид хамтлагийг олон түмэнд таниулах байдаг. Жил болгон бид энэ зорилгодоо хүрч чаддаг.

-Наадмын өмнө шинэ хамтлагуудын шалгаруулалт болдог шүү дээ. Ямар шалгуураар хамтлагуудаа сонгодог вэ?

-“Playtime”-д оролцуулахын тулд өмнө нь шалгаруулалт хийдэг. Хамгийн гол шалгаруулалт нь амьд хөгжим. Рок хөгжим дотроо маш олон урсгал, чиглэлтэй учраас хөнгөн, алтернатив рок, метал гээд шинэ хуучин 45 хамтлаг оролцсоны 50 гаруй хувь нь шинэ, залуу хамтлаг байна.  Тэгэхээр энэхүү наадамд оролцсон 45 хамтлаг, дуучид маань өөрийн гэсэн урын сантай, чадварлаг уран бүтээлчид байлаа.

-Таныг  “Playtime” наадмын албан ёсны хөтлөгч гэдэг шүү дээ. Хэд дэх жилдээ хөтөлж байгаа вэ?

-Би талаас илүү хувьд нь хөтлөгчөөр ажилласан. Хөтлөгч цугласан хүн бүхний сэтгэл зүйг мэдэрч байх хэрэгтэй. Тайзан дээр гарч ирж байгаа хамтлаг дуучдад дэмжлэг үзүүлэх, үзэгчидтэй холбох үүрэгтэй. Энэ жил хөлөө гэмтээсэн учраас бүх хамтлаг дуучдыг тайзан дээрээс зарлаж хараахан чадсангүй.

– Танай "Prophets" хамтлагаар сонин юутай?

-“Playtime”-ын эхний өдөр манай хамтлаг дөрвөн шинэ уран бүтээл, нэг cover тоглосон. Cover-ын хувьд биднийг нэгтгэж чадсан дуртай дуу болохоор зориуд тоглосон. 

-Уран бүтээлийн төлөвлөгөөнөөс сонирхуулбал?

-Ямар ч байсан энэ ондоо багтаад шинэ бичлэг, шинэ клипээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Удахгүй уран бүтээлдээ эрчимтэй анхаарна.

-Цомгийн тухайд?

-Энэ жил амжвал цомгоо гаргана даа.  

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж